ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ганданд гал түлэхийг хоригло

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-13

-Гандангийн дэнж угаадас, ялгадас дундаа “хөвж” байна-

 

Улаанбаатар хотод байгаа хамгийн их түүхтэй, дурсгалт газар бол Гандангийн дэнж.  1809 онд “Далхын дэнж” гэх газарт “Шар сүм” нэртэйгээр анх суурийг нь тавьж, 1838 онд Тавдугаар богдын зарлигаар Их хотын мандалын сүмийг байгуулсан  нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. “Далхын дэнж” гэдэг нь одоо гэр хорооллын угаадас хальж, үнс, шороо бужигнаж, утаа суунагласан Гандангийн гэр хороолол билээ.  1911 онд Богд хааны санаачилгаар 80 тохой өндөртэй Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж, хийдэд залсан байдаг.  

Энэ утгаараа Гандан орчим Монгол Улсын нийслэл төдийгүй бурхан шашны түүхийг, дурсгалыг хадгалсан гол цэг. Гэтэл 21 дүгээр зуун гарч, Улаанбаатар сая гаруй хүн амтай том хот болчихоод байхад Гандангийн дэнж шавар байшин, банзан хашаа, навсархай гэр, модон жорлонгоосоо салаагүй л байна. Сүүлийн 10 гаруй жилийн турш Гандан орчмын гэр хорооллыг дахин төлөвлөж, цэгцэлж, хотын төвөө угаадас, ялгадаснаас салгана гэж шийдвэр гаргагчид ярьж, амласан ч байдал тэгтлээ өөрчлөгдсөнгүй. Гандан орчмын гэр хорооллынхон одоо болтол хотын төвд утаа үйлдвэрлэж, үнс бужигнуулж, угаадсаа урсган суусаар байгаа. Гандан орчмыг төвийн шугамд холбох боломж байгаа эсэх. Дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн ажлууд хэзээ эхлэх талаар сурвалжиллаа.  

 

Гандангийн дэнжийн дөрвөн өнгө 

Гандангийн дэнж гэр хо­роол­лоосоо салахгүй бай­гаагийн учир шийдвэр гаргагчдад байна уу, иргэдэд байна уу гэдгийг олохоор эхлээд Баянгол дүүргийн 16 дугаар хороог зорив. Гандан орчим тус хорооны нутаг дэвсгэр л дээ.  Нэг үеийг бодвол дөрвөн талаасаа харахад, нурах шахсан хашаа, хуучин байшин үзэгдэхээ больжээ. Замд ойрхон байрлах газруудыг аж ахуйн нэгжүүд худалдаж аваад, үйлчилгээний газрууд барьж, ажиллуулж байх аж. Тиймдээ ч Гэсэр сүмийн уулзвар орчмыг эс тооцвол бусад талаасаа цэвэрхэн харагддаг болоод багагүй хугацаа өнгөрсөн. Жил ирэх тусам л тэр орчимд шинээр худалдааны төв, авто засварын газар, ресторан, буудал, оффисын барилга нэмж барьсаар байгаа. Нэг ёсондоо Гандангийн гэр хорооллыг далдлах хашаа болж өгдөг. “Модны-2” орчмоос харвал, тэр олон гоё байшингийн цаана жорлон нь хальж, шээс нь урссан, үнс бужигнасан гэр хороолол байгаа гэж төсөөлөмгүй. Яг л гуулийг шармалаар өнгөлсөн юм шиг. Харин захын байшингуудыг өнгөрөөд, гэр хороолол руу ороход огт өөр өнгө угтана.  Хашааны арыг дагаж хөлдсөн угаадас ойрын хэд хоногийн дулаанд гэсч, эхүүн үнэр ханхлуулж эхэлжээ.  Банз нь муудаж, өгөршиж унахдаа тулсан хашаанууд дээр “Бохир ухна. Дүүрсэн жорлонг ухаж өгнө. Нүүрс хямдхан зарна” гэсэн зарлал  наасан харагдана. Өвөлдөө жорлон нь дүүрээд, бие засах аргагүй болдог нь энэ мэт зарлалаас тодорхой.  Нэг хашаанд хоёр, гурван гэр байх нь элбэг. Мөн нийтийн байрууд Гандангаар дүүрэн. Ихэнх нь гал түлж халаалтаа шийднэ. Олон айлын дунд ганц бие засах газартай учир агаар, хөрсний бохирдолд үлэмж хувь нэмэр оруулдаг. Өмнөх дөрвөн жилд “Гудамж” төслийн хүрээнд хоёр гудамжинд засмал болон чулуун зам тавьж, жишиг гудамж болгосон нь арай дээр.  Харин Гандан хийдийн дотор тал руу орохоор огт өөр өнгө угтав.  Шинэ том сүмийн барилгыг бараг л бариад дуусчээ. Гандан дотуур алхахад, эргэн тойронд нь гэр хороолол байгааг мартмаар. Гандангийн урд хаалгаар гарч, доошоо уруудахад ч гэсэн худалдааны гудамжинд яваа юм шиг сэтгэгдэл төрнө. Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 4-5 орон сууц байгаа. 60 айлын нэг, хоёрдугаар орон сууцнаас эхлээд сүүлд ашиглалтад орсон хэд хэдэн байр бий. Ийм л дөрвөн өнгө Гандан хавьд сүлэлдэж байна. 

 

“Төвийн шугамд холбогдох хүсэлтэй ч үнийг нь дийлдэггүй”

Сурвалжлага хийж байгаа гол зорилго нь Гандан орчмын гэр хорооллын бохир заваан байдлыг харуулах биш учраас тэр хавиар явсангүй. Иргэд, оршин суугчид ямар бодолтой байгаа. Төвийн шугамд холбогдох боломжтой эсэх, дахин төлөвлөлтийн талаар юу гэж бодож байгааг нь асуух бидний зорилго. Эхлээд Гандантэгчэнлин хийдийн сантехникийн албаныхантай уулзлаа. Ганданг 2006 оны үед төвийн шугамд холбож, сургууль, лам нар суудаг бүхий л сүм, дуганууд халаалттай болсон. Мөн цэвэр, бохирдоо ч холбогдчихсон. “Модны-2” талаасаа шугамаа татсан бөгөөд баруун хаалганы харалдаа байрлах жишиг гудамжинд бохирын шугам нь байрладаг хэмээн тэд ярилаа. Төвийн шугам гудамжинд нь ойрхон байхад гэр рүүгээ оруулаад холбочих боломж иргэдэд байгаа. Тиймээс тэр хавьд оршин суух зарим иргэнтэй уулзаж, ярилцав. Худгаас ус авахаар явж байсан 16 дугаар хорооны иргэн н.Төмөрбаатар гуайгаас төвийн шугамд холбогдох боломж байгаа эсэх, Ганданг дахин төлөвлөх талаар ямар бодолтойг нь асуусан юм. Тэрбээр “Би 17 настайгаасаа өдий 73 хүртлээ Ганданд амьдарч байгаа хүн. Манайх багахан хашаатай.  Төвийн шугамд холбогдох гээд хүсэлтээ өгчихсөн. Дөрөвдүгээр сар гаргаад шийдвэрлэх юм гэсэн.  Гэхдээ хүйтэн усны шугамд холбогдоод, өөрсдөө халаагуур тавиад халаахаар болсон. Халуун, хүйтэн усны хоёр шугамыг хоёуланг нь татна гэвэл үнийг нь дийлэхгүй юм билээ. Мөн манайх боловсон бие засах газартай. Гадаа жорлонгүй. Газартаа жижгэвтэр хувийн байшин бариад, халаалтаа тогоор шийдээд амьдарч байгаа. 

Цэвэр, бохирын шугам ойрхон болохоор иргэд байшин руугаа татаад, гал түлэхгүй амьдрах боломжтой” хэмээн ярилаа.  Харин Гандангийн баруун урд талд, 60 айлын орон сууцны орчимд амьдардаг н.Батзаяа “Манайх 1986 оноос хойш энд амьдарч байна. Манай хажууханд төвийн шугам байдаг. Хойд талын айл төвийн шугамд холбогдчихсон. Дэлгүүр, гэр нь төвийн халаалттай. Манайх холбогдох гэж үзсэн. Гэвч үнэтэй юм билээ. Бараг 20 сая төгрөг болох байх. Зөвшөөрөл авах, газар шорооны ажил, мэргэжлийн хүнээр холбуулахаас эхлээд зардал ихтэй. Бидэн шиг орлого багатай айлд ахадсан өртөгтэй болчихоод байна” гэв. Харин газраа зарах, дахин төлөвлөлтөд хамрагдах талаар “Манай урд талын хоёр айл нэг компанид газраа тус бүрдээ 300 сая төгрөгөөр зарсан. Нэг нь бүр манайхаас жижигхэн газартай байсан. Тийм болохоор манайх ч гэсэн багадаа 300 саяар үнэлнэ. Уг нь түрүүчийн хотын даргын үед энэ хавьд дахин төлөвлөлт хийх талаар ярьж байсан. Даанч айлууд хөдлөөгүй. Бараг л эсэргүүцсэн дээ. Замтай ойрхон газрыг нь хувь хүмүүс, компаниуд үнэ цохиод авчихаар тэгж зарж болно гэж бодоод, гүрийгээд байдаг юм шиг байна билээ” хэмээн ярив.  Цаашлаад 4-5 айлын хаалга цохиж, хүмүүстэй уулзаж, ярилцлаа. Ихэнх нь нэрээ хэлэхийг хүссэнгүй. Хажууханд нь төвийн шугам байгаа боловч холбож дийлэхгүй, хэтэрхий үнэтэй гэж халагласан хүмүүс л олон байна. Тэгсэн газрыг нь худалдаж аваад, оронд нь орон сууц барих хүсэлтэй хүмүүст өндөр үнэ хэлдгээ хэн нь ч нуусангүй. 

 

Гандангийн гэр хороололд 1648 өрх амьдардаг 

Иргэдтэй уулзсаны дараа 16 дугаар хороог зорилоо. Засаг дарга нь сургалттай учир эзгүй байв. Харин  16 хорооны ажлын албаны зохион байгуулагч н.Баярцэцэг зарим албаны мэдээллийг өгсөн юм. Баянгол дүүргийн 16 дугаар хороо  1886 өрхтэй аж. Түүний  238 нь байранд, 1648 нь  гэр хороололд амьдардаг. Дундаж сумын хүн амтай тэнцэхээр олон хүн Гандангийн гэр хороололд амьдарч байна гэсэн үг. Мөн Гандан орчимд нийтдээ 41 нийтийн байр байгаа аж. Саяхан 16 дугаар хорооноос цагдаагийн албан хаагчидтай хамтарч, нийтийн байрууддаа шалгалт хийсэн талаар н.Баярцэцэг мэдээлэл өгсөн юм. Нийтийн байруудын зарим нь дотроо боловсон бие засах газартай, төвийн халаалтад холбогдсон, орон сууц шиг байдаг талаар тэрбээр хэлж байлаа. Гэхдээ цөөнгүй нь гал түлж халаалтаа шийддэг, гадны ганцхан бие  засах газартай аж. Тийм газруудад шаардлага тавьсан юм байна. 

 

Н.Болор: Иргэд хүсэлтээ гаргавал зөвшөөрлийг нь өгөөд, шугам сүлжээнд холбох боломжтой 

“Гандан аялал жуулчлалын жишиг гудамж” байгуулах бүтээн байгуулалт хийхээр 2017 оны зургадугаар сард нийслэлийн Засаг дарга асан С.Батболд тэргүүтэй хүмүүс нээлт хийж байлаа. С.Батболд “Гандантэгчэнлин хийд орчмын гэр хорооллыг түүх соёлын баялаг өв, арвин уламжлалыг шингээсэн аялал жуулчлалын жишиг гудамж болгох ажил эхлүүлээд байна. Иргэдтэй тохиролцсон” хэмээн ярьж байсан ч ажил урагшилж, дорвитой өөрчлөлт гарсангүй. Мөн 2017 оны улсын төсөвт Гандан орчмын гэр хорооллын инженерийн дэд бүтцийг зурахад зориулж 202 сая төгрөг төсөвлөсөн тухай мэдээлэл гарч байв. Энэ мөнгөөр чухам юу хийсэн, Гандангийн аль хэсгийг төвийн шугамд холбосон мэдээлэл ч бас хомс байна.  Тэгвэл бид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Баянгол дүүрэг хариуцсан Ерөнхий архитектор Н.Болортой уулзаж, цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар тодруулсан юм. Тэрбээр “Гандан орчмын газарт 2007 болон 2010 онуудад ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Гэвч тухайн үед төсөв мөнгө болон оршин суугч иргэдээс шалтгаалаад хэрэгжих боломжгүй болсон. Ингээд 2015 онд ерөнхий төлөвлөгөө хийж, НИТХ-ын тогтоолоор шинэчлэн баталсан байдаг. Шинэчилсэн төлөвлөгөөнд Гандандэгчэнлин хийдэд тулгуурлан тухайн дэнжийг аялал жуулчлалд зориулан уламжлалаа хадгалсан жишиг гэр хороолол байдлаар тохижуулахаар тусгасан. Айлуудын одоо байгаа нөхцлийг сайжруулж, шугам сүлжээнд холбоод, жижиг орон сууц байдлаар тохижуулах юм. Оршин суугчид нэгдээд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандахад тухай бүрт нь зөвшөөрлийг өгөөд, шийдээд явах боломжтой. Иргэд хэд хэдээрээ нэгдээд хүсэлт гаргах ёстой. Түүнээс биш бид хувийн өмчийг захирах эрх байхгүй. Анх судалгаа хийхдээ өрх бүрт танилцуулж, мэдээлэл өгсөн. Иргэд хүсэлт өгсөн тохиолдолд тухай бүрт нь захирлын хурлаар оруулж, шийдвэрлэнэ. Ерөнхий төлөвлөгөөний танилцуулгыг өрхүүдэд танилцуулсан.  Айлууд шугам татахад хэдэн төгрөгийн зардал гарах талаар сайн мэдэхгүй байна. Төсөл хөтөлбөрүүдийн замаар шийдэх байх” хэмээлээ. 

Нэг талд иргэд төвийн шугамд холбогдох боломж эрэлхийлж, үнэ өртгийг дийлэхгүй сууна. Нөгөө талд албаныхан нээлт хийж, тууз хайчилж, цаасан дээр төлөвлөгөө гаргасаар л. Хотын төвдөө шахам гал түлж, гадаа бие засаж байгаа энэ байдлыг халахад иргэдийн санаачилга, төрийн дэмжлэг аль аль нь хэрэгтэй. Нөгөө талаар иргэд дахин төлөвлөлт хийх төрийн санаачилгыг тэнгэрт тулсан их үнэ хэлж, шуналаараа тасалж байна. Хэдийгээр ардчилсан нийгэмд амьдарч байгаа ч нэг хүний эрх ашиг нийтийн эрх ашгаас давах ёсгүй гэдэг хууль үйлчлэх ёстой.  Ядаж л Гандангийн утааг халж, угаадас дээр нь халтирч унаж, хүн хөлөө хугалаад баймааргүй л байна.  Тийм болохоор дэд бүтцийг шийдэж өгөөд, дараа нь Гандангийн айлуудыг гал түлэхийг хориглосон журам гаргасан ч яадаг юм. Заримдаа төр засгийнхан нийтийн эрүүл мэндийн төлөө зоригтой шийд­вэр гаргадаг баймаар байна.  Зарим түүхийн эх сурвалжид Гандан­гийн дэнжид хамгийн түрүүнд айлууд суурьшиж эхэлсэн талаар дурьдсан байдаг.  1900 оноос эхэлсэн гэж үзвэл 120 жилийн турш Гандангийн дэнжийн айлууд гадаа жорлонд сууж, хөрс бохирдуулжээ. Энэ олон жилийн хугацаанд тэнд хэчнээн жорлон ухаж, дүүргээд, булсныг тооцох аргагүй. Харин Гандангийн дэнж ялгадасан намаг дээр бамбалзаж байгаа гэвэл хэтрүүлсэн болохооргүй байна. Тиймээс зоригтойхон шийдэл гаргаж, Гандангийн дэнжийг гадаах жорлон, яндан хоёроос салгаж авах цаг болсон. Тэгэхгүй бол боломжгүйгээ гайхсан, газраа үнэ хүргэх гэсэн иргэдийн сэтгэхүй дахиад 20 жил болсон ч өөрчлөгдөх нь юу бол.