Цахим сүлжээгээр үйлдэгддэг гэмт хэрэг багагүй гарсаар байна. ЦЕГ-аас энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлж буй талаар тус газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас тодрууллаа.
-Цахим орчимд үйлдэгдэх гэмт хэрэг нэмэгдэх боллоо. ЦЕГ хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Цагдаагийн байгууллагаас Мэдээлэл технологийн газар, Гэр бүлийн газар зэрэг байгууллагуудтай хамтран хүүхэд залуусыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unfriend” аяныг зохион байгуулсан. 2018 оны есдүгээр сард үргэлжилсэн тус аяны хүрээнд эерэг үзүүлэлтүүд нэлээд гарлаа. Энэ хүрээнд цахим орчин болон цахим сүлжээг ашиглан үйлдэж буй гэмт хэргүүдийг цөөнгүй илрүүлснээс гадна иргэдийн мэдээлэл өгөх нь нэмэгдсэн. Жишээ нь, чатаар танилцсан хүнд өөрийн янз бүрийн зургаа илгээж, улмаар дарамтлуулаад хаана хандахаа мэддэггүй. Мөн айдаг ичдэг байсан. Мэдээлэхгүй байснаар тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээд шийтгэлгүй үлдэх, ял завших үйлдлүүд нэмэгдсээр байсан. Мөн цахим орчинд өсвөр насны охидуудтай цахим сүлжээгээр танилцаж уулзаад, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, бичлэг хийж дарамтлах, биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгт автуулах гэмт хэрэг үйлдэж байсан бүлэг этгээдүүдийг барьж чадсан. Нөгөө талаас цахим сүлжээгээр бусдын нэр хүндийг гутаан доромжилдог асуудлууд буурсан. Мөн иргэд цахим хаягаа хэрхэн аюулгүй ашиглах талаар мэдлэгтэй болж авсан. Аяны үеэр нийт давхардсан тоогоор зургаан сая орчим хүнд хүрсэн байдаг. Одоо ч, аяны хүрээнд хийсэн зураг, контентыг цахим сүлжээ, сошиалаар нийлээд байршуулсан учир иргэд мэдээлэл аваад, аюулгүй байдлаа хангаж байгаа эерэг үзүүлэлттэй байна.
-Цахим сүлжээнд байгаа зар, мэдээллүүдэд хэрхэн хяналт тавьдаг вэ. Иргэд ялангуяа онлайн худалдаа хийж хохироод байдаг?
-Бусдыг мэхэлдэг, гүтгэн доромжилдог, оюуны өмчийн бүтээл хулгайлдаг, онлайн худалдаа хийж залилдаг асуудлууд сүүлийн үед харьцангуй буурсан. Мөн ЦЕГ-ын киберь гэмт хэрэгтэй тэмцэх алба өдөр тутам энэ төрлийн шалгалт хийж хуурамч мэдээ мэдээлэл тараасан, нийтэлсэн хүмүүсийг шалгах арга хэмжээ авдаг. Цахим сүлжээнд хохирсон иргэд хаана хандах ёстойг төдийлөн мэддэггүй. Иргэд ихэвчлэн 102 дугаарт ханддаг л даа. Дуудлага л бүртгэгдэж байгаа. Гэхдээ Эрүүгийн цагдаагийн Киберь гэмт хэрэг мөрдөх хэлтэс гэж бий. Энд гомдол мэдээллээ өгөөд, шалгуулах ёстой. Нөгөө талаас тухайн бүс орон нутгийн цагдаагийн хэлтэст мэдээлэл өгөх боломжтой. Интернэт сүлжээгээр цүнх бараа бүтээгдэхүүн, хувцас хэрэгсэл захиалаад мөнгөө төлчихдөг. Гэтэл бараа яг зурган дээрх шигээ байдаггүй гэсэн гомдлууд их бий. Эргээд нөгөө хүнтэйгээ холбогдож чадахгүй, залилуулж үлддэг. Дараа нь олоод шалгадаг ч, зарим үед төлбөрийн чадваргүй, гэх зэрэг олон шалтаг шалтгаан хэлээд өнгөрдөг. Тиймээс иргэд онлайн худалдаа хийхдээ бараагаа цаад хүнтэйгээ сайн тохирч, зургийг нь тулгаж хараад мөнгөө шилжүүлэх хэрэгтэйг анхааруулж байна.
-Нууц хаяг нээж хүн доромжилдог хүмүүс их байна. Түүнийг сүлжээгээр нь хөөж олох боломж байдаг гэдэг. Гэсэн ч яг тэр хүн гээд бариад авах нь ховор байх шиг?
-Ер нь бол олж илрүүлж байгаа. Жишээлбэл 3G, 4G сүлжээг ихэвчлэн ашиглаж байна. Хүндрэлтэй зүйлүүд байдаг л даа. Ихэвчлэн бүртгэлгүй, бие биедээ дамжуулж хэрэглэсэн гар утасны дугаарууд байдаг. Үүнээс болж IP хаягийг олж илрүүлэхэд хүндрэл үүсдэг. Цаг хугацаа их шаарддаг. Хүнийг гүтгэн доромжилсон мэдээ мэдээлэл гарлаа гэхэд 200-300 мянган хүн дунджаар үздэг. Эргээд нөгөө этгээдээ 2-3 сарын дараа олж илрүүлээд залруулга мэдээлэл тавина. Хууль хяналтын хүрээнд хүн гүтгэсэн нь шүүхээр шийдүүлээд явна. Асуудал нь шийдэгдэхэд нөгөө мэдээллийг эргээд үздэггүй, онцлох мэдээнд ордоггүй. Тэгэхээр иргэд цэвэр нэр хүндээрээ хохирч үлдэж байгаа биз. Ажиглаад байхад цахим сүлжээг ашиглаж байгаа иргэд өөрийнхөө хэр хэмжээ, боловсролын хүрээнд аливаа мэдээллийг олж авдаг.
-Хүүхдүүд цахим орчныг ихээр ашиглаж, дэлгэцийн донтолт гэдэг зүйл үүсээд байна. Эцэг, эхчүүд урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд цахим хаяг нээж өгөхгүй байхыг эцэг эхчүүдэд хэлмээр санагддаг. Нэг талаараа эрүүл мэндэд муугаар нөлөөлөх дэлгэцийн донтолт гэдэг сөрөг зүйлүүд бий болгож байна. Нөгөө талаас хүүхдүүд аюулгүй байдлаа хангаж чаддаггүй. 16 настай охин цахим сүлжээгээр хүнтэй танилцаад, уулзаж хүчиндүүлсэн тохиолдол цөөнгүй бий. Таны 16 настай охинтой хэдэн ч настай, ямар ч зантай, ямар ч мэдлэг боловсролтой нь мэдэгдэхгүй хүн танилцаад хохирч болох эрслүүд байгаа шүү. Эцэг, эхчүүдийн цахим сүлжээг ашиглаж буй мэдлэг нь хүүхдээсээ илүү гарахгүй байна шүү дээ. Эцэг эхчүүд өөрсдөө +18 контент үздэг. Гэтэл гар утасны түгжээгээ хүүхдээрээ солиулдаг. Тэгэхээр мэдээллийг хүүхэддээ алдаж байна гэсэн үг. Таны утсыг хүүхэд оролдвол таны үзэж байгаа зүйлийг л үргэлжлүүлэн үзнэ шүү дээ. Мэдээж хохирогч болсны дараа биш, урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Эцэг, эхчүүд цахим сүлжээний талаарх боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна.