ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Жавхлан: Хоккейн битүү ордонтой болж байж Монголын баг дэлхийд өрсөлдөнө

O.Admin
2018-04-30

“Сондгой өнцөг” булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Б.Жавхланг урьж, ярилцлаа. Тэрбээр Монголын Хоккейн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг билээ.

-Монголын хоккейн баг Азийн аварга болсон түүхэн амжилтын эзэн боллоо. Энэ бол Монголын багийн спортын түүхэнд гарч буй томоохон амжилт. Та тэмцээний талаар яриач?

-Энэ бол яах аргагүй түүхэн амжилт. Хүүхдүүд маань ч үнэхээр их хичээлээ. Сүүлийн найман жилийн хугацаанд манай хоккейн баг маш амжилттай тоглож, энэ тэмцээнээс дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль хүртээд байсан. Энэ жил дутуугаа гүйцээж, алтан медаль авсан. Би үнэхээр их баяртай байгаа. Сүүлийн үед хоккейн тухай дэлхий нийтийн ойлголт өөрчлөгдсөн. Дэлхийн нийтээрээ л хоккейг өвлийн спорт гэж үздэг байсан. Гэтэл одоо хөгжөөд, ордны спорт болчихлоо. Тийм учраас хоккейг зөвхөн өвлийн улиралтай оронд тоглодог гэдэг ойлголт байхгүй болсон. Халуун оронд ч хоккейн спорт өндөр төвшинд хөгжиж байна. Дэлхийн улс орнууд бүх зүйлээрээ, тэр битгий хэл спортоор глобальчлагдаж байна. Хоккейн спортын сүүлийн 50 жилд маш хурдацтайгаар дэлхий нийтэд дэлгэрсэн. Түүний нэг илрэл нь Азид хоккейн хурдацтай хөгжиж байгаа. Сүүлийн 20 жилд бүр ч хурдтай хөгжсөн. Манай улсын багийн өрсөлдөж буй ангилалд Арабын болон Зүүн өмнөд Азийн халуун орнуудын баг оролцоод эхэлчихсэн. Тэр улсууд хоккейн спортыг битүү ордонд тоглоод 20 гаруй жил болчихлоо. Америк, Орос, Канад зэрэг хоккей элит төвшинд хөгжсөн орнуудаас дасгалжуулагч авчраад, тэндхийн арга барилаар тамирчдаа бэлдээд эхэлчихлээ. Тиймдээ ч хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг болчихсон. Манайх гэхэд өвлийн улиралтай, цас, мөсний орон учраас тэднээс илүү тоглох ёстой гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Бүгд л адилхан төвшинд хүрчихлээ. Тэр ч битгий хэл бид хоцорч эхэлж байна. Дэлхийн ихэнх орны хоккейчид дөрвөн улирлын турш бэлтгэл хийж байгаа. Харин манайд хоёр сар л хүйтэрдэг, мөсөн дээр гулгахад боломжтой болдог. Түүнийхээ хэдхэн хоногт нь л мөсөн дээр гулгаж, бэлтгэл хийдэг. Ийм байхад хоцрохгүй гээд яах юм бэ. Хоккейн спортоо өөр төвшинд гаргая гэвэл бид эхний ээлжинд битүү ордонтой болох хэрэгтэй. Дунд сургуулийн хичээлийн хуваарьт олон нийтийн чөлөөт гулгалтыг оруулж, нийтийн биеийн тамир хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатай. Гэх мэтээр бодож байгаа зүйл их л байна.

-Азийн аварга болохдоо ганцхан Филип­пиний багт л хожигдлоо. Хэдийгээр хуурай бэлтгэл хийж байгаад явсан ч гэсэн ийм хэмжээний амжилт гаргана гэдэг манай залуучуудын ур чадвар сайн байгаагийн шинж болов уу?

-Зүүн өмнөд Азийн орнуудаас бид нэг л зүйлээрээ давуу. Манай улс хоккейн спортын олон арван жилийн түүхтэй, арга барилтай. Оросуудын нөлөөгөөр хоккей хөгжсөн. Одоо ч гэсэн хуучин оросууд амьдарч байсан Багануур, Шарын гол, Дархан, Бугант гэх мэт газруудад хоккей илүүтэй хөгжиж байгаа. Хүүхдүүд багаасаа тэшүүрээр гулгадаг, хоккей тоглож өсдөг. Ойрын 10 жил дотроо бид үүгээрээ ялгарна. Түүнээс хойш ямар ч ялгаагүй болно. Азийн ихэнх орон хүүхдүүдийг багаас нь бэлтгээд эхэлчихлээ. Битүү ордонтой учраас тэндээ гулгуулаад, хоккей тоглуулаад эхэлчихсэн. Тэд том болоод ирэхийн цагт манай хоккейчид илүүрхэхэд хэцүү болно. Одоо мөсөн дээр гараад тоглохоор манай тамирчид багийн тоглолт их сайтай. Биеийн хүчний хувьд Азийн аль ч улсын тамирчдаас дутахгүй, илүү гарна л гэхээс. Гэх мэтээр олон зүйлээрээ бид давуу. Ганцхан мөсний бэлтгэл л манай хоккейн тамирчдад дутаад байна. Жилийн дөрвөн улиралд битүү ордонд бэлтгэл хийдэг улсын тамирчдын гулгалтын техник хамаагүй илүү. Маш хурдтай, техник сайтай гулгадаг. Манай тамирчдаас хамаагүй илүү гэсэн үг. Нөгөө талаар, хувцас хэрэглэл, техник хангамжаар бусад орноос арай л дутмаг байна. Гэсэн хэдий ч манай тамирчид амжилт үзүүлэхийн төлөө хичээсээр ирсэн. Энэ жил өмнөхөөсөө ч бэлтгэл муутайгаар Азийн аваргад оролцсон. Өмнө нь тэмцээнд явахаасаа 14 хоногийн урьд гадагшаа яваад бэлтгэл хийчихдэг байсан. Энэ удаад хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс болоод зөвхөн хуурай бэлтгэл хийгээд л явсан. Гэсэн ч эхний хоёр тоглолтын дараа баг бүрэн формдоо орж, хамгийн хүчтэй өрсөлдөгчидтэйгээ маш сайн тоглосон.

-Таныг Хоккейн холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг гэдгийг уншигчдын ихэнх мэдэхгүй байж магад. Та хэзээнээс энэ холбоог тэргүүлж эхлэв?

-Би Дархан хотод төрж, өссөн. Тэшүүрээр гулгаж үзээгүй Дарханы хүүхэд гэж байхгүй байх. Ялангуяа бидний үеийнхэн дунд. Оросуудтай хоккей тоглож өссөн. Хоккейн спортын мастер цолтой. Энэ спортод хайртай хүн. 2011 оноос хойш Монголын Хоккейн холбоонд орж ажилласан. Холбооны дэд Ерөнхийлөгчөөр зургаан жил ажилласан байна. Харин энэ жилээс Хоккейн холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэллээ. Ерөнхийлөгч болсноос хойш манай хоккейн багийн оролцсон анхны тэмцээн нь энэ байлаа. Урамтай сайхан оролцож, түрүүлж чадлаа.

-Холбооны Ерөнхийлөгчөөр болно гэдэг энэ спортыг хөгжүүлэхийн төлөө ажиллахаар сэтгэл шулуудсан л гэсэн үг байх?

-Хоккей зардал ихтэй спорт. Нэг тэмцээнд оролцоход багийн бүрэлдэхүүнд дор хаяж 25 тамирчин явна. Хоккейн тамирчдын хувцас хэрэглэл доод тал нь 1000 ам.доллараас эхэлнэ. Цаашлаад материал хангамж гээд л зардал их гарна даа. Манайд битүү ордон байх­гүй болохоор өвөлдөө гадаа мөсөн дээр гарна. Эртний хэлбэрээрээ байна гэсэн л үг. Үндсэндээ манай хоккейн спорт партизаны хэлбэртэй хөгжиж ирсэн. Албан ёсны шигшээ баг гэж байхгүй. Улсаас ямар нэг хангамж авдаггүй. Олон жилийн хугацаанд улсаас ямар ч дэмжлэг туслалцаа авалгүй тэмцээнд оролцож ирсэн. Харин өнгөрсөн жил Ц.Шаравжамц даргатай БТСГ-ынхан тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлсэн.

-Та ярилцлагын эхэнд хэд хэдэн удаа битүү ордны талаар ярьсан. Уг нь хоккейн битүү ордон барих асуудлыг маш олон жил ярьж байгаа. Бараг л барих нь тодорхой болсон гэсэн мэдээлэл ч нэг үе гарч байсан. Гэтэл одоо болтол шийдэгдээгүй л байна. Та холбоог тэргүүлж байгаа хүн битүү ордон барих боломжийг судалж л байгаа байх?

-Бидний нэн тэргүүний зорилго хоккейн битүү ордонтой болох. Саяны тэмцээнд түрүүлснээрээ бид дэлхийн аваргын зоонд орж тоглох бүрэн эрхтэй болж байгаа юм. Гэтэл техникийн шаардлага хангахгүй, битүү ордонгүй учраас оролцох боломжгүй болчихсон. Тийм болохоор ордонтой болтлоо л бид одоо оролцож байгаа ангилалдаа л тоглоно. Хоккейн спортыг илүү хөгжүүлье гэвэл битүү ордонтой л болох шаардлагатай. Одоо байгаагаараа үзүүлж болох хамгийн дээд амжилтыг бид үзүүлчихлээ. Үүнээс цаашаа амжилт ахих ямар ч боломжгүй. Битүү ордон барихаар сүүлийн 10-аад жил янз янзаар үзсэн, бид. Төсөвт суулгаж үзсэн. Олон улсын байгууллагуудад хандсан. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг ч татахаар оролдож байлаа. Харамсалтай нь одоохондоо ажил хэрэг болж чадаагүй байна. Гэхдээ бас ч гэж хоосонгүй. Хоёр, гурван чиглэлээр ажиллаж байгаа. Канадын хөрөнгө оруулалттай нэг төсөл бий. Манай холбоо Чехийн талтай хамтарч ажиллаж байна. Ойрын хугацаанд ордонтой болохын төлөө боломжтой бүх талаас нь ажиллаж, хичээж байгаа. Дээрээс нь бидэнд төсвөөс хөрөнгө оруулалт хийхгүй бол болохгүй. Битүү ордон барьсан ч бизнес болгоод, өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэж байхгүй. Заавал татаас авах шаардлагатай. Түүнээс гадна, үе үеийн хотын дарга нарт баярлаж байгаа. Хотын дарга нар газрын асуудлыг нь шийдэж өгч байсан. Одоогийн Засаг дарга Су.Батболд ч гэсэн хөрөнгө мөнгөө шийдчихвэл газрыг нь шийдэх бүрэн боломжтой гэсэн.

-Битүү ордонтой болчихвол ганцхан хоккей биш мөсний спорт хөгжих боломжтой шүү дээ?

-4-5 төрлийн спорт манай улсад хөгжих боломжтой болно. Хоккей, тэшүүр. Тэр дундаа шорт-трейк. Урт замын тэшүүрийнхэн бэлтгэл хийх бүрэн боломжтой. Уран гулгалт, кёрлинг, мөн олон нийтийн чөлөөт гулгалтыг хөгжүүлж болно. Олон нийтийн чөлөөт гулгалт гэдэг маш чухал. Тэшүүрээр гулгаж байгаа хүүхэд, залуучуудын дундаас л хоккейчид төрөн гардаг. Өвлийн спорт, тэр дундаа мөсөн дээрх спортыг цаашид системтэй хөгжүүлье. Тамирчдынхаа бааз суурийг бэлдэе, шинэ тамирчдыг гаргаж ирье, ундаргыг нь таслахгүй байя гэвэл дунд сургуулийн хичээлийн программд мөсөн дээрх чөлөөт гулгалтыг оруулж өгөх хэрэгтэй. Багш, дасгалжуулагчдыг бэлдэх ёстой юм. Улаанбаатар хотод бүрэн бүтнээрээ үлдсэн газар гэвэл дунд сургуулиудын биеийн тамирын талбай л байна. Тэр спорт талбайдыг бүрэн ашиглах хэрэгтэй. Сүхбаатар дүүргийн Засаг дарга Ц.Болормаа, Засаг даргын орлогч Л.Амарзаяа нар Дүүрэг хөгжүүлэх сангаас хөрөнгө гаргаад, зургадугаар сургуулийн талбайд олон улсын стандарт бүхий задгай талбайг барьсан. Тэр талбайд манай лигийн гол тоглолтууд болж байгаа. Олон нийт ч гэсэн чөлөөтэй гулгадаг. Маш гоё талбайтай болсон. Гэх мэт санаачилга гаргавал дүүргүүдэд бүрэн боломж байна. Нийслэлээс ч гэсэн хөрөнгө оруулалт хийгээд, дунд сургуулийн талбайг мөсөн талбай болгох бүрэн боломжтой. Ингээд эхэлбэл, хоккейн спорт илүүтэй хөгжих боломжтой. Сүхбаатар дүүргийн зургадугаар сургуульд мөсөн талбай байгуулснаар олон сайн хүүхэд төрж гарч байна. Дүүрэг болгонд ядаж нэг мөсөн талбайтай болчихвол бүр ч олон сайн тамирчид гарч ирэх боломжтой болно.

-Багаасаа хоккейгээр хичээллэсэн гэсэн. Ямар багийн тамирчин байсан бэ?

-Би 1990 он хүртэл Дархан хотод Дарханы өсвөр үеийн багт тоглож байсан. 15 нас хүртлээ гэсэн үг. Тэр үед “Алтан шайб” гэдэг өсвөр үеийн тэмцээн болдог байлаа. Гэхдээ 1990 онд, яг биднийг хоккей тоглож явахад энэ спортын хөгжил тасарсан. Хоёр нийгэм солигдохтой давхацсан учраас хөрөнгө мөнгө шаардагддаг энэ спорт нэг хэсэгтээ л мартагдсан. Яг бидний ид тоглож эхэлж байсан үе юм. Тэгээд ч 1990 онд манайх Дарханаас хөдөө рүү нүүчихсэн. Ингээд л хоккейн спортоосоо нэг хэсэг хөндийрсөн. Харин 2000 оноос эргээд сэргэсэн. Сүүлийн 15, 16 жил боломжийн хэмжээнд хөгжиж байна. Ер нь манайд хоккейн анхны тэмцээнүүдийг 1950-иад оноос зохион байгуулж эхэлсэн байдаг юм. Орос мэргэжилтнүүд манайд орж ирж, хоккейн спортыг хөгжүүлж, монгол тамирчдыг бэлтгэж байсан түүхтэй.

-Хоккейн спортын мастер цолыг ямар амжилт гаргаж байж авдаг юм бэ. Та түрүүнд спортын мастер цолтой гэж байсан?

-Би спортын мастер цолыг сүүлд авсан. 38-аас дээш настай болохоор ахмадын багт тоглодог юм. Би одоо 40 гарчихсан болохоор ахмадын багт тоглодог. Ахмадын багт гаргасан амжилтаараа спортын мастер цол авсан. Дархан хотынхоо ахмадын багт ороод л тоглогчихдог. Одоо ч гэсэн ахмадаа багтаа тоглож байгаа. Хамгаалалтын байрлалд тоглодог юм.

-Гаргаж байсан хамгийн өндөр амжилтаа дурьдаач гэвэл?

-Ахмадын улсын аваргад оролцож тоглож байсан. Бас ч гэж дажгүй үзчихдэг юм. Бид чинь байнга бэлтгэл хийгээд байж чадахгүй. Мэргэжлийн тамирчин гэж байхгүй. Бүгдээрээ л тус тусдаа ажилтай, амьдралтай. Хааяа нэг тэмцээнд оролцох болохоороо цуглаад, тодорхой хэмжээнд бэлтгэл хийдэг. Манай хоккейн спорт ерөөсөө л тийм байна. Манай спортынхон бэлтгэл хийнэ гэвэл мөсөн гулгуурын талбайдаа л очино. Гэтэл Улаанбаатар хотод хэдхэн л мөсөн гулгуурын талбай байна шүү дээ.

-“Хүннү молл”-ын мөсөн талбайд бэлтгэл хийдэггүй юм уу?

-“Хүннү молл”-ынхонд баярлаад ч барахгүй бай­гаа, бид. Хэчнээн талбай нь жижигхэн, тэмцээний стандартын биш ч гэсэн мөснийхөө бэлтгэлийг тэнд л хийдэг. Ямар ч байсан хувцас, тэшүүрээ өмсөөд, гулгалтын бэлтгэл хийчихдэг. Тоглолт хийх боломж бол байхгүй л дээ.

-Та хоккейн лигүүдийг байнга үзнэ биз?

-Дэлхийн аваргаас авахуулаад бүхий л тэм­цээнүүдийг зав гаргаж үзнэ. Биднийг бага байхад “Хоккей футбол” гээд Оросын сонинд хоккейн та­лаар мэдээлэл гардаг байлаа. “Стадион” гээд сэтгүүлд ч бас гарна. Дугаар алгасахгүй олж авч, тамирчдын зургийг хайчилж аваад, өрөөн­дөө наана. Тэгж л хоккейнд дурлаж өссөн. Сүүлийн үед Хойд Америкийн төдийгүй Европын лигүүдийг үзэж байна. Пёнчонд болсон өвлийн олимпын наадмын хоккейн тоглолтуудыг телевизээр гаргасан. Бүх тоглолтыг нь үзсэн. Очиж үзэж амжаагүй.