УИХ-ын чуулганы өнгөрөгч пүрэв гарагийн хуралдааны үеэр УИХ-ын нэр бүхий эмэгтэй гишүүдээс өргөн мэдүүлсэн ЕБС-ийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тун ч жинтэй шүүмжлэл хэлэв. Тэрбээр, ар араасаа дараалан гарч буй хоолны хордлогоос болж эрүүл мэндийн салбар асар их хохирол амсаж байгаа талаар онцлов. Гэтэл сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр болон зоогийн газар, ресторан, сүлжээ ресторануудын хоол хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавих ёстой байгууллага нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар. Гэвч дарга нь болох Б.Эрдэнэчулуун гэх эмэгтэй асуудал үүсэхээр л гарч ирж чанга дуугаар баахан хүн зандарчихаад, нөгөөх нь намдчихаар таг чиг болдог хэмээн шүүмжлэв. Чухам үнэнийг Д.Сарангэрэл сайд хэлчихлээ. Чин үнэнийг хэлэхэд, мэргэшээгүй ажилтнууд мэргэжлийн хяналтад ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх, анхааруулах талаар энэ байгууллага огтхон ч ажилладаггүй.
Дэмий л ниргэсэн хойно нь мэдээлэл хийж, сүр бадруулахаас биш хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх, үйлчилгээний байгууллагууд стандартаа хэрхэн мөрдөж ажиллах чиглэлээр заавар зөвлөгөө өгөх, хэвлэл мэдээллээр урьдчилан сэргийлэх мэдээлэл явуулна гэсэн ойлголт бараг л байхгүй. Сар шинийн өмнөхөн улс орон даяар гахайн мялзан гэгч өвчин дэгдсэн. Хүнд халдварлахгүй ч мутацид орох магадлалтай гэсэн Оросын эрдэмтний ярианаас үндэслэж, МХЕГ-ын байцаагч нар бүх газраар явж лац ломбо тавьж билээ. Тонн тонноор нь устгалд оруулж, хэдэн тэрбумын хохирлыг импортлогч болон гахай үржүүлдэг үйлдвэрүүд амссан. Хэдэн зуун тонн гахайн мах хурааж авч устгалд оруулж байлаа. Гэвч сар шинийн дараа энэ өвчнийг бүрэн дарж чадсан уу, иргэд гахайн мах хэрэглэж болох уу гэдэг асуулт тодорхойгүй хэвээр үлдэж байлаа. Хэрвээ авах ёстой арга хэмжээгээ бүрэн авч дуусгасан, аюулгүй болгосон бол гарч ирээд мэдээлэл хийх ёстой байв. “Ийм, ийм мах болон хиамыг идэж болно. Шинжилгээ явуулж үзсэн одоо илэрсэнгүй ээ” гэх мэтээр тодорхой мэдээлэл иргэдэд хэрэгтэй байлаа.
Гэвч тэд устгалаа, лац тавилаа гээд л таг чиг болсон. Хүмүүс өнөөдрийг хүртэл гахайн мах идэж болох эсэхээ ч мэдэхгүй, худалдааны төвүүд ч хаанаас оруулж ирсэн мах зарж буй нь ойлгомжгүй байна. Дараа нь “Таван богд фүүдс” компанийн сүлжээ ресторан болох KFC-гийн тахианд 247 хүн хордож, үүнээс 42 нь хэвтэн эмчлүүлсэн юм. Тэр тоолонд эрүүл мэндийн салбараас мөнгө гарч, иргэдэд эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй хийсэн байдаг. Гэтэл нөгөөх л мэргэжлийн хяналтынхан давхиж гарч ирээд бүх салбарыг нь хааж байгаад сүр бадруулан шалгалт явуулж байлаа. Ингээд хэд, хэдэн удаа ямар ч тодорхойгүй хэвлэлийн хурал хийсний дараа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эцсийн дүгнэлт гэгчийг танилцуулав. Ингэхдээ эрүүл мэндийн бичиг хуурамчаар бүрдүүлсэн хоёр ажилтнаас шигелийн төрлийн нян илэрсэн, ундны усны бичил биетийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс 2.5 дахин их гарсан гэх тайлбар өгөөд л таг чиг болов. Яг хоёр ажилтны тээж байсан нян энэ олон хүнийг хордуулсан уу гэдэгт тайлбар өгөөгүй юм. Хэрвээ ундны усны нян ингэтлээ аюул үүсгэх эрсдэлтэй юм бол тухайн орчмын айл өрхүүд ч хордлого авах магадлалтай. Хоёр ажилтны буруу байлаа гэхэд өөр олон жижиг газруудаас хоол идэж буй хүмүүст ч ийм нян байхыг үгүйсгэхгүй.
Захын гэр хороолол, байр орцны буланд үйл ажиллагаа явуулж буй хяналтгүй шахам цайны газраас хүн хордоогүй байхад нийслэлийн төвд эрүүл ахуйн стандартыг дээд зэргээр хангасан гэх сүлжээ ресторанаас хүн хордож байгаа асуудлаар ч нэг мөр ойлголт өгөөгүй таг болжээ. Өдгөө KFC-гээр үйлчлүүлж болох эсэхээ ч мэдэхгүй байна, хүмүүс. Дараагийн нэг жишээ нь “Singapore school of Mongolia” сургуульд энэ сарын 05-ны өдөр хоолны хордлого гарч, 84 хүүхдэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрснээс 44 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн юм. Дахиад л олон зуун мянган төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдэв. Тэдгээр хүүхдүүдийн олонхи нь тахианы мах иджээ. Мэргэжлийн хяналтын байцаагч нар давхиж очоод тахианы мах худалдан авсан гэх Дэнжийн мянгын хэдэн лангууны хөргөгчийг лацдаад л болоо. Дээж явуулсан хариу удахгүй ирнэ гэх тайлбар өгснөөс хойш чамгүй хугацаа өнгөрөв. Гэтэл энэ хугацаанд иргэд хаанаас тахианы мах авч идэх ёстой, аюулгүй юу, хордлого яг юунаас болсон талаар тодорхой мэдээлэлгүй үлдэв. Зарим захууд нь тахиагаа зарсаар л байгаа. НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёл, хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушийн хэвлэлд өгсөн ярилцлагаас үзвэл тус байгууллага элдэв өвчин гараагүй тахианы мах хилээр орж ирж байгаа эсэхэд байнга хяналт тавьдаг гэнэ.
Харин “Хүчит шонхор” захад ганзагаар буюу хяналтгүй орж ирсэн байж магадгүй гэсэн тайлбар өгчээ. Гэтэл тус захад тахианы мах борлуулдаг ажилтнуудын хэлж буйгаар “Ханги” гэх импортлогч компаниас тахианы махаа авсан бөгөөд энэ нь Улаанбаатар хотод тахианы мах нийлүүлж буй гол ханган нийлүүлэгч компаниудын нэг аж. Гэтэл тухайн компанийн бүтээгдэхүүнийг бусад зах, худалдааны төвүүд зарж байхад зөвхөн “Дэнжийн мянга” захын хэдэн хөлдөөгчийг лацдаад өнгөрч байгаа нь сонин. Өөрөөр хэлбэл, импортлогч компанид байнга хяналт тавьдаг гэх Мэргэжлийн хяналтын байгууллага ийм том нийлүүлэгч компанид хяналт тавиагүй, шинжилгээний бичгийг нь үзээгүй байсан гэхээр эргэлзээтэй. Мөн шинжилгээ авч байгаа нэрээр 14 хоног лац тавьсан бөгөөд энэ хугацаанд худалдаа эрхлэгчид яаж орлого олох нь тодорхойгүй. Хэрвээ тахианы махнаас болоогүй бол орлогоо алдсан хугацааны мөнгийг ч тус газраас гаргахгүй. Мөн дандаа тахианы махтай холбоотой хордлого гараад байхад шигелийн төрлийн нян, ус гэх мэтээр тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм.
Энэ мэтээр ниргэсэн хойно нь хашгирах гэдэг зарчмаар энэ байгууллага асуудалд хандаж, он гарснаас хойш хоёр удаа том хэмжээний хоолны хордлого гарлаа. Мэргэжлийн байцаагч ажилладаг юм уу гэхээр ойлгомжгүй тайлбар өгнө. Буруутан дандаа өөр байгууллага болчихно. Дарга нь хааяа хэвлэлээр сүржин дуугарч ярилцлага өгөхөөс биш бид ингэж урьдчилан сэргийлсэн, ийм тодорхой шалтгаанаас боллоо гэсэн мэдээлэл өгөхгүй нь сонирхолтой. Эндээс л тухайн байгууллагад мэргэшээгүй хүмүүс ажил хийнэ гэж халтуурдаж байна уу гэдэг дүгнэлт гарч байна. Хоолны хордлого удаа дараа гарч, импортын бараа бүтээгдэхүүнд элдвийн асуудал үүсч байгаа нь хэн нэгний биш цэвэр Мэргэжлийн хяналт, гаалийнхны л буруу. Тэд л улсын хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүн нэг бүрт хяналт тавих ёстой атал ганзагын мах юм билээ гэсэн хачин тайлбар өгчихөөд сууж байна гэдэг арай л хэтэрсэн асуудал баймаар.