ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Амгаланбаатар: “Сити” сайн байвал дэмжээд, “Ливерпүүл” гангарвал урваад байж болохгүй

O.Admin
2018-04-30

“Монголын мэдээ” сонин “Сондгой өнцөг” хэмээх цоо шинэ ярилцлагын булантай болж байна. Энэ буланд урьсан хүмүүстэй бид өөрийнх нь эзэмшсэн мэргэжил, хийж буй ажлаас нь огт өөр сэдвээр ярилцах юм. Тэгвэл “Сондгой өнцөг” ярилцлагын булангийн эхний зочноор УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатарыг урилаа. Тэрбээр урлагийн хүн хэдий ч спортын, тэр дундаа бөх, хөлбөмбөгийн хорхойтон, хөгжөөн дэмжигч юм.

-Таны цахим хуудсыг харж байхад үндэсний бөхөө сонирхон дэмжиж, байнга барилдаан үздэг болов уу гэмээр бич­вэ­рүүдийг оруулдаг. Заалны барилдаан байнга үздэг үү?

-Бөхийн өргөөнд байнга очоод, бөх үзээд байх цаг, зав гардаггүй юм. Харин зурагтаар байнга бөх үзнэ. Цагаан сарын барилдааныг бол Бөхийн өргөөнд очиж үзнэ. Наадмаар төв цэн­гэл­дэхэд яс сууж, барил­даан үздэг юм. Сүүлийн үед Бөхийн өргөөнд болж буй барил­даан маш сонирхолтой болсон. Бөхчүүд байнгын бэлтгэлтэй болчихож. Үндсэндээ мэргэжлийн спорт болчихлоо. Тийм учраас илүү сайн хөгжиж байгаа. Залуучууд ч гэсэн түргэн шуурхай, сайхан барилддаг ч болсон.

-Бөхчүүдээс хэнийг дэмждэг вэ?

-Улсын аварга Д.Санжаадамбыг цэргийн арслан цолтой байхаас нь л дэмжсэн. Мөн Р.Пүрэвдагва арслангийн барилдааныг илүүтэй үзэж, дэмждэг. Улсын цолгүй байхаас нь л дэмжиж ирсэн. Түүнээс гадна, нутгийнхаа заан Б.Батмөнхийг дэмждэг дээ. Хуучуулаас гэвэл Д.Сумъяабазар аваргыг дэмжиж, барилдааныг нь шимтэн үздэг байлаа. Одоо УИХ-ын гишүүн болоод суучихлаа. Сайхан бөхчүүд минь бүгд л гишүүн болж байх шиг байна даа.

-Д.Санжаадамба аваргыг улсын наадмын од муутай бөх гэж боддогсюм. Өдийд хэд хэд түрүүлчихсэн байхаар л бөх дөө, уг нь?

-Аз муутай гэж хэлж болохгүй байх. Од муутайдаа л аварга болчихсон явж байх уу. Нэг хэсэг заал, танхимын барилдааныг гаргаадаггүй байлаа. Өвөрмонголд очоод л түрүүлдэг. 6002 бөхийн барилдаанд ч түрүүлсэн. Харин улсын баяр наадамд жаахан од муутай барилдаж байсан нь үнэн. Заан болдог жил нь түрүүлчих болов уу гэж бодож байтал чадаагүй. Харин аварга болдог жил нь төв цэнгэлдэхэд, Архангайн галын бөхчүүдийн асарт сууж байгаад, дэргэдээс нь шахам үзсэн дээ. Дэмжсэн бөх маань ч сайхан барилдаж, түрүүлсэн. Нэг хэсэг улсын наадамдаа дээгүүр барилдаж чадахгүй, улсын цолны босго алхах гэж хэдэн жил болоход од муутай юм бэ гэж харамсдаг байсан юм. Одоо бол сайхан барилдаж, аварга болсон. Цаашид дахиад ч хэд хэд түрүүлэх нөөц бололцоо бий гэж боддог. Яахав, зарим үед их хайнга барилддаг. Их холоос тохож харагддаг юм. Хүүе, энэ хүн чинь ямар мэх хийж байна аа гэж уулга алдтал хайнга барилдана шүү дээ. Түүнээс биш сайн бөх дөө.

-Монгол эрчүүд багаасаа барилдаж өссөн байдаг. Та хэр барилдаанч хүүхэд байв?

-Барилдана аа, барилдана. Гэхдээ гавихгүй ээ. Улсын начин З.Дэлгэрдалай багшийн хичээллүүлдэг самбо бөхийн секцинд явдаг байлаа. Дөрөв, тавдугаар ангид байх үед. Уг нь би анх Хөгжим, бүжигт хийлийн ангид суралцдаг байсан юм. Харин тэндээсээ гараад, тавдугаар сургуульд ирээд шууд бөхийн секцэнд орсон. Хөгжим тоглож явсан хүүхэд шууд бөх сонирхоод, секцэнд явж байгаа юм чинь. Би тийм л юм юм сонирхдог хүүхэд байлаа. 1992, 1993 онд чинь нэлээд чанга, ширүүн үе байлаа. Дош дошны атаманууд ихтэй. Зодоон сайн хийдэг байсан, тэр үед. Тухайн үед ганган сайхан хавираатай байсан юм. Зогсч байгаад л яг зодолдохоор болохоор хавирч унагадаг. Бөхийн мэхийг гудамжны зодоонд хэрэглэдэг байсан гэсэн үг. Сүүлд нэгдүгээр курст байхдаа мөрөө мулталсан. Түүнээс хойш барилдаж чадахаа больсон. Мөр нэг мултарчихаар дахин дахин мултраад байдаг юм билээ. Сагс тоглож байхад, бараг худал хэлсэн хүнд бүжиглэж байхад мултарчихдаг болсон байсан. Харин сүүлийн 10-аад жил фитнесст явж, бодибилдингоор хичээллээд, булчингаар бариулж өгснөөс хойш гайгүй болчихоод байгаа юм. Залуу байхдаа гурван нөхөртэй ганцаараа зодолдож байгаад мулталчихсан.

-Хэрвээ мөрөө мулталчихаагүй бол бөхийн спортоор хичээллэх байсан уу?

-Үгүй, бөхөөр дагнаж хичээллэх боломж ч байгаагүй. Гэхдээ мөрөө мултлаагүй бол энд тэнд сонирхлын журмаар хөдөө гадаа явж байхдаа сайхан барилдах байсан. Одоо бол мөр мултарчихна, болохгүй гэдэг болсон. Бурхны дохио байх. Сахилгагүй байсан болохоор томоож гэсэн юм болов уу гэж боддог. Мөр мултарснаас хойш үнэхээр томоожсон.

-Жүжигчин хүнд хэний ч дүрд хувирах боломж байдаг. Нэг сайхан бөхийн дүрд тоглох юмсан гэж боддог уу?

-Ёстой тэгж бодож үзэж байгаагүй юм байна. Нээрээ нэг сайхан бөхийн дүрд тогловол сонирхолтой л юм.

-Бөхөөс гадна та хөлбөмбөг сонирхдог гэсэн. Хотын хүүхдүүд багадаа хөлбөмбөг тоглодог байсан байх?

-Манай гэр тавдугаар сургуулийн ард байдаг байсан. Тавдугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай их том. Одоо бол бүр хиймэл зүлэгтэй, ногоон талбай болчихсон. Намайг хүүхэд байхад шороон талбай л байлаа. Тэр үед шороо бужигнуулаад тоглоно. Есийн, 13-ын бөмбөг гэж тэр үед байсан. 5, 6 настай байхдаа есийн жижиг бөмбөгөөр 49 дүгээр байрныхаа хажууд шороо бужигнуулаад л тоглоно. Арай жаахан томроод ирэхээрээ 13-ын бөмбөгөөр, сургуулийнхаа талбай дээр тоглодог байсан. Тэр үед жинхэнэ хөлбөмбөгийн бөмбөг их ховор байлаа. Шоотой алаг бөмбөг олоод авбал тэнгэрээс од шүүрсэн дайтай юм болдог байсан. Тавдугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд өвдөг, тохойгоо шалбалаад л тоглож өссөн. Тавдугаар сургуульд н.Шархүү гэж хөлбөмбөгийн спортод сэтгэл зүрхээ зориулсан багш байлаа. Тэр багшийнхаа хөлбөмбөгийн секцэнд орж, хичээллэнэ. Наймдугаар анги төгсөтлөө хөлбөмбөг тоглосон шүү. Сүүлдээ урлаг илүүтэй сонирхож, суралцсан болохоор хөлбөмбөг тоглохоо больсон.

-Тэр үед тодорхой байрлалд тоглож байсан уу. Эсвэл бужигнаад л үзчих үү?

-Тодорхой байрлалд тоглолгүй яахав. Яагаад гэвэл хөлбөмбөгийн секцэнд явдаг байсан юм чинь. Өвөл нь зааланд хөлбөмбөг тоглоно. Зун болохоор гадаа талбайд. Одоо бодоход би хагас хамгаалагч л байсан юм билээ. Довтлох чиглэлийн хагас байсан. 2002, 2003 оны үед би н.Шархүү багштайгаа ТВ9 телевизийн нэвтрүүлэгт орж байсан юм. Хөлбөмбөгийн спорт сонирхдог гээд. Тэгээд багштайгаа тавдугаар сургуулийн талбайд очоод, нэвтрүүлэг хийж байхад багш маань “Амгаа дажгүй довтлох чиглэлийн хагас хамгаалагч байсан шүү” гэж магтаж билээ. Одоо хэцүү болсон байна билээ. Ажлынхантайгаа “Найрамдал”-д очоод, хөлбөмбөг тоглосон. Бахардаж унах шахсан. Гэхдээ яах вэ, хууралт, цохилт гээд сурсан техникүүд байна билээ.

-Хөлбөмбөгийн багуудаас алийг нь дэмжиж, тоглолтыг нь үздэг вэ?

-1997 оноос эхлээд Английн алдарт “Манчестер Юнайтед” клубыг дэмжиж, тоглолтыг нь шимтэн үзэж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хөгжөөн дэмжиж, тоглолтыг үзсээр л явна.

-Яагаад “Манчестер Юнайтед” клубыг хөгжөөн дэмжих болов. Нэг шалтгаан байсан байх?

-Монголд дөнгөж тавган антенн орж ирээд, кабельтай болоод, гадаадын сувгуудыг үздэг болсон. NTV, CCTV5 гэх мэт спортын сувгуудыг үзнэ. Тэр сувгуудаар хөлбөмбөг гарна. 1998 оны үед “Spice girls” гэдэг хамтлаг ид мандаж байсан. Дэвид Бекхэм “Spice girls” хамтлагийн дуучин Викториятай уулздаг гээд л. Тэгээд л Бекхэм гэж ямар хөлбөмбөгчин байгааг сонирхож, үзнэ. Дээрээс нь 1998 онд дэлхийн аварга болоход Майкл Оуэн, Дэвид Бекхэм хоёр гялалзаж байлаа. Английн шигшээ багийг тэгэхэд дэмжиж эхэлсэн. Английн шигшээгийн гол тоглогч Дэвид Бекхэм “Манчестер Юнайтед”-ын академаас гарч ирсэн учраас тэр баг руу анхаарал хандуулж эхэлсэн. Бекхэмтэй холбоотойгоор л энэ багийг дэмждэг болсон юм.

-“Манчестер Юнайтед”-ын дасгалжуулагч Сэр Алекс Фергюсон гавьяаныхаа амралтад сууснаас хойш нэг хэсэг энэ агуу баг уналтад орсон. Тэр үед хэцүүхэн байв уу?

-Хөгжөөн дэмжигч гэдэг баг нь яаж ч муудсан дэмжсээр л байдаг. Гэнэт урваад, тэр үед нь “Сити” сайн байвал дэмжээд, “Ливерпүүл” гангарвал тийшээ яваад байж болохгүй. Би бусад хүн шиг солилцоо наймааны цонх нээгдэх, хаагдах, хэн хаашаа явах гээд бүгдийг сайн мэдэхгүй. Гэхдээ л манай баг тоглож байгаа үед зурагтаар байнга үздэг. 2006 онд Английн шигшээн бүрэлдэхүүн үнэхээр аймар байсан. Бекхэм, Лампард, Жерард, Рүүни гээд л. Тийм бүрэлдэхүүнтэй шигшээ баг тухайн үед байгаагүй. Энэ жил л дэлхийн аваргад түрүүлэхгүй юм бол Англи арай ч дээ гэж байсан. Гэтэл түрүүлж чадаагүй дээ. Торгуулийн цохилт алдаад л уур хүргэчихдэг байхгүй юу. Роналдо тэр үед “Манчестер Юнайтед” клубт тоглож байсан. Гэтэл дэлхийн аваргаар Английн шигшээ баг Португалд хожигдсон. Роналдо эвгүй зан гаргаад, Рүүни бухимдаад л. Би ч хэдийгээр манай багт тоглож байсан ч Роналдог “Энэ ёстой зэвүүн” гээд л уурлаж байлаа. Ингэж дэмжиж, үздэг. “Манчестер Юнайтед”-аасаа урвахгүй дэмжээд л явна.

-Одоо ч гэсэн хуучны “Манчестер Юнайтед” харагдахгүй л байна. Хэдийгээр Жозе Моуриньо дасгалжуулж байгаа ч гэсэн түрүүлэх хэмжээнд өрсөлдөхгүй байгаа. Тийм болохоор энэ байрлалд тэрийг авчихаасай гэж бодож үзнэ биз?

-Мэдээж бас тэгж бодолгүй яахав. Фэйсбүүкт “Манчестер Юнайтед”-ын дэмжигчдийн групп гэж бий. Тэнд байгаа дэмжигчид санаа оноогоо байнга хуваалцана. Би яаж дутах билээ. Хааяа бас санал нэмэрлэнэ, бичнэ. Манай группт үнэхээр мундаг мэдлэгтэй залуучууд зөндөө бий. Тэднийхээ бичсэнийг уншаад, манай багт нээрээ ийм юм дутагдаад байна шүү гэж бодоод л хөлбөмбөгөө үздэг. Хөлбөмбөг гэдэг чинь гайхалтай спорт. Би чинь ер нь л спортод дуртай. UFC үзнэ. Жүдо, чөлөөтийн тамирчдынхаа барилдааныг сонирхож үздэг. Манай жүдо, чөлөөтийн эмэгтэйчүүд үнэхээр мундаг байгаа. Гэхдээ хамгийн их сонирхдог нь хөлбөмбөг, үндэсний бөх л дөө.

-Хэдхэн сарын дараа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Орост. Английн шигшээ баг Бельгийг эс тооцвол сулавтар багуудтай нэг хэсэгт багтсан. Дэмждэг багаа хэр хол явна гэж харж байгаа вэ?

-Английн шигшээ багийн бүрэлдэхүүн тийм ч муу биш байгаа. Гэхдээ л 2006 оных шиг энэ жил л дэлхийн аваргад түрүүлэхгүй бол хэзээ түрүүлэх юм гэсэн хүлээлттэй ижил хэмжээнд байхгүй. Англи бол хамгийн аз муутай баг болчихоод байна. 1966 онд дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулахдаа ганц түрүүлсэн. Түүнээс хойш чадсангүй. Бусад улсын шигшээ багийг дэмждэг хүмүүс “Танай муу Англи” гэж шар малтдаг. Гэхдээ л Английн шигшээ гоё. Улс улсын лигийг аваад үзье. Ла лигт “Барселона”, “Реал Мадрид” гэсэн хоёр баг ноёлдог. Германд ганцхан “Байерн Мюнхэн” л түрүүлдэг. Гэтэл Английн премьер лигийн бүх баг хүчтэй өрсөлдөөн үзүүлдэг. Хөлбөмбөг тэнд жинхэнэ мэргэжлийн төвшинд, менежменттэй хөгжиж байна. Тийм болохоор би найзуудтайгаа Английн багаа өмөөрч маргалдана. Энэ жил бол түрүүлээсэй гэж хэлж, ярихгүй байгаа. Гэхдээ дотроо бол битүүхэн горьдоно шүү дээ.

-Орос явж, дэлхийн аваргын нэг тоглолт ч болов үзэх төлөвлөгөө байгаа биз дээ?

-Аялалын хөтөлбөрүүдийг нь харсан, нэлээд үнэтэй юм билээ. Гэхдээ л өөрөө, биеэ дагаад явчих хүсэл байгаа. Орост байгаа нөхөдтэйгээ холбогдож байгаад яаж ийгээд явна даа. Очоод Английн шигшээ багийн нэг тоглолтыг үзэх бодолтой байна. Хэсгийн тоглолт, бүр болбол хасагдах шатных байвал илүү амттай шүү дээ.

-Монголын хөлбөмбөг яагаад ийм удаан хөгжиж байна гэж та боддог вэ?

-Монголын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчөөр А.Ганбаатар гэдэг хүн ажиллаж эхэлснээс хойш арай өөр болж байна гэж боддог. Түүний өмнө байсан Б.Ганболд гэдэг хүн чинь хөлбөмбөгийн хөгжлийн төлөө биш өөрийнхөө эрх ашгийн тулд л ажилладаг байсан юм биш үү. Би тэр яригдаад байдаг асуудлыг үнэний ортой юм болов уу гэж боддог. Одоо бол арай өөр менежменттэй болсон байх. Би Монголын хөлбөмбөгчид сайжирна гэж найдаж, итгэж явдаг. Монголчууд багийн тоглолтоор хол явахгүй гээд л байдаг. Тийм биш шүү. Манайхан нэг нэгдэж чадвал юунд ч хүрнэ. Одоо бол хөлбөмбөг мэргэжлийн төвшинд хүрээгүй байна. Хэрвээ хөлбөмбөгчид эдийн засгийн хувьд айхааргүй болчихвол манайхан язганана, чи харж л байгаарай. Ар гэртээ санаа зовж байгаа хүмүүсээс амжилт яаж нэхэх юм бэ. Эхнэр хүүхэд нь хоолгүй байгаадаа гэж бодож байгаа хүн амжилт гаргаж чадахгүй биз дээ. Гэтэл жүдогийн­хон яаж байна. Нийгмийн асуудал­даа санаа зоволт­гүй болчихоор өндөр амжилт гаргаж байгаа. Н.Түвшинбаяр аваргыг хар л даа. Олимпын алт, мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальтай. Тэр хүний ар гэртээ санаа зовохооргүй байлгаж, зөвхөн бэлтгэл сургуулилтдаа анхаарал хандуулах боломжоор хангаад өгөхөөр амжилт гаргаж байна шүү дээ. Ингэж чадвал Монголын хөлбөмбөг хөгжинө.

-Монголынхоо лигийн тоглолтыг хааяа үздэг үү. Ямар санагддаг вэ?

-Хааяа “Хүрхрээ” лигийн тоглолтыг зурагтаар үздэг. Яг үнэндээ жаахан удаашруулчихсан юм шиг санагддаг. Английн премьер лиг үзэж байгаад Монголынхоо хөлбөмбөгийг үзэхээр удаашруулсан бичлэг шиг санагдаад байдаг. Гэхдээ л нэг үеэ бодвол хөлбөмбөгчдийн чадвар өөр болсон. Тогтоолт, цохилт, хууралт гээд. Түүнээс гадна, Монголын хөлбөмбөгийн хөгжилд тайлбарлагч Э.Балжинням их хувь оруулж байгаа гэж боддог. Манай нөгөө тайлбарлагчид, Д.Энхбаяр, Б.Батзаяа хөлбөмбөгийн мэдлэг үнэхээр агуу. Яг тактик талаас нь гоё тайлбарлана. Харин Э.Балжинням ахад өөрийн гэсэн онцлог байдаг. Тэр хүн хөлбөмбөг сонирхогчдын тоог нэмсэн шүү.