ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол эрдэмтэд туршилтын тоног төхөөрөмжүүдийг эх орондоо үйлдвэрлэж байна

Ц.ЭНХТҮВШИН
2019-04-22

ЕБС-ийн сурагчдад байгалийн шинжлэх ухаан тэр дундаа физик, химийн хичээлийг онол буюу ерөнхий мэдлэгт тулгуурлаж заадаг. Практик, туршилтууд бараг хийдэггүй, хийсэн ч сурагчид өөрсдөө идэвхтэй оролцож мэдлэг бүтээх талаар учир дутагдалтай байдгийг үе үеийн төгсөгчид, багш нар мэднэ. Шалтгаан нь туршилтын тоног төхөөрөмж хомс байдагтай холбоотой юм. Тэгвэл Монгол Улс дотооддоо, тэр тусмаа МУБИС-ийн багш эрдэмтэд Японы Засгийн газрын санхүүжилтээр тус улсын эрдэмтэдтэй хамтран физикийн хичээлд зориулсан тоног төхөөрөмжийг дотоод­доо хямд өртгөөр, өндөр технологиор, гарын авлагатай нь цогц байдлаар бүтээжээ. Улмаар, энэхүү бүтээлийг эхний ээлжинд хот хөдөөгийн 40 сургуулийн багш нарт гардуулав. Манай улс өмнө нь Хятад, Энэтхэг, Тайланд гэх мэт улсаас дөрвөн удаа физик сургалтын багажийг өндөр өртгөөр, валютаар авсан байдаг аж. Гэхдээ тэр нь сургууль бүрт ганцхан ширхэг байсан бөгөөд зөвхөн багш л ажилладаг байжээ. Түүнчлэн цогц биш ганц, ганц багаж л байдаг аж. Манай эрдэмтдийн өөрсдийнх нь бүтээсэн багаж, түүнийг хэрхэн ашиглах, үр дүнгийн талаар мэргэжлийн хүмүүс болон багш нартай уулзаж ярилцлаа. 

Р.Базарсүрэн: Төслийг үргэлжлүүлэх саналаа Японы талд тавьсан

/МУБИС-ийн профессор багш, “Моноцукури” төвийн эрхлэгч/ 

 

-Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Япон, Монголын багш эрдэмтэд ЕБС-ийн физик сургалтын багажийг өндөр технологиор хямд үнэтэйгээр Монголдоо зохион бүтээж, үйлдвэрлэсэн. 40 сургуульд эхний ээлжинд тарааж өглөө. Байгалийн шинжлэх ухаан, түүн дотроо физикийн шинжлэх ухаан бол туршилтад үндэслэж явагддаг. Сурагчдад физикийн хичээлийг лабораторид явуулах нарийн багаж төхөөрөмжүүд ховор байна. Энэ нь цаад үр дагавраараа чадварлаг инженерүүд төрөхөд хөрс шороо нь хангалтгүй, баялаг бүтээгчид бий болоход учир дутагдалтай байна гэсэн үг. Сургалтын тоног төхөөрөмжийг манай улс импортоор гаднаас өндөр үнээр авдаг. Нэг сургуульд сайндаа нэгийг л авна. Тэнд нь багш үзүүлэх хичээл явуулна. Хүүхэд бүрт хүртээмжтэй багажийг дотооддоо өөрсдөө бүтээх нь ирээдүйн баялаг бүтээгч инженер болох суурийг тавьж өгнө. Энэ бол бидний ажлын гол зорилго юм. Манай төсөл 2020 оны зургадугаар сар хүртэл үргэлжилнэ. Гурван жилийн хугацаанд хот, хөдөөгийн 40 сургуулийг үйлдвэрлэсэн багажаараа хангана. Цаана нь 800 сургууль байна. Төслийг үргэлжлүүлэх хүсэлт, саналаа Японы талд тавьсан байгаа. Бидний гаргаж буй багаж бэлэн багажнаас 10 дахин хямд үнээр гарна. Түүнчлэн, дидактик багаж гэх том, том багажийг бодоход энэхүү багаж нь 200 гр жинтэй. Хүүхэд гэртээ авч очоод туршилт хийж болно. Дунд сургуулийн сурагчдын түвшинд тааруулж, сурагчдыг багаас нь зохион бүтээх хүсэл сонирхолтой, цаашид хөгжөөд явах боломжийг бүрдүүлэх гэж зорилоо. Мөн “Ардуино” хэмээх багажийг зааврын хамт өгнө. “Ардуино” гэдэг нь Италиас гаралтай, дэлхийн хөгжилтэй орнууд залуу үеэ бэлтгэхэд зориулж гаргасан багаж. Компьютерийн мэдээлэл харилцааны технологи, электроникийн техно­логи гэсэн өндөр хөгжсөн нарийн технологиуд байгаа шүү дээ. “Ардунио” гэдэг нь энэ хоёрыг нийлүүлээд ямар ч жаахан хүүхэд тоглоом маягаар хийгээд бүтээлч чадвараа хөгжүүлэх боломжтой багаж юм. Яамны зарим нэг дарга нар “Энэ багажаар яадаг юм бэ. Байшин барьж өг... “гэж хэлэх нь ч бий. Загасыг ам руу нь хийж өгөх биш хэр­хэн загас барихыг зааж өгөх нь тэр хүүхдэд, энэ улс оронд хэрэгтэй юм.

 

Кидокоро сан: Төсөл хоёр дахь жилдээ амжилттай үргэлжиллээ 

/Төслийг санаачлагч, санхүүжүүлэгч. Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайд асан, Япон улсын “All Life line Net”  ТББ-ын Ерөнхийлөгч/

-2009 онд Элчин сайд болоод ирэхдээ Монголын олон сургуулиар орж байлаа. Тэгэхэд тодорхой хэмжээний сургалтын материал, тоног төхөөрөмж шаардлагатай хичээлүүд дээр сурагчид хангалттай багаж байхгүй, сургалтын хэрэг­лэгдэхүүнгүй байгаа нь ажиглагдсан. Хичээл ч үр дүн муутай явж байгааг мэдсэн. Тухайлбал, дуу авиа хэмжигч байлаа гэхэд тэр нь ажилладаггүй, эсвэл хүүхдийн тоогоор хүрэлцдэггүй, тэдгээрийг ашиглаж мэддэггүй юм билээ. Үүнээс болж, туршилт хийх ёстой хичээлүүд нь зөвхөн онолоор явж байгааг хараад ямар нэг хэмжээгээр хувь нэмэр оруулахыг хүссэн юм. Ирээдүйн сайн сайханд нь нөлөөлчих юмсан гэсэн сэдлийн үүднээс анх төслийг хэрэгжүүлэх санаа төрсөн юм. Энэ төсөл “Моноцукури” буюу зохион бүтээх гэсэн төсөл. Төсөл гурван жил үргэлжлэх ёстой. Өнөө жил хоёр дахь жил нь үргэлжилж байна. Төсөв мөнгөний хувьд 30 сая иений хөрөнгөөр хийгдэнэ. Төслийн санхүүжилтийг Японы засгийн газраас гаргаж байгаа. Хэрэгжүүлэгч нь манай Төрийн бус байгууллага юм. 

 

Цүкаүчи сан: Монгол хүүхдүүдэд тусалж чадсандаа баяртай байна

/Төслийн мэргэжилтэн, зохион бүтээгч, Япон улсын “All Life Line Net”  ТББ-ын мэргэжилтэн/

-Гурван жилийн өмнө надад “Монгол хүүхдүүдэд яаж туслах вэ” гэсэн нэг санал ирсэн юм. Тэгээд бодож үзсэн. Би ахлах сургуулийн физикийн багш хүн. Үүндээ тулгуурлаж зохион бүтээх төхөөрөмж хийх хэрэгтэй юм байна гэж бодсон доо. Энэ багаж бол физикийн хичээлийг үзэж буй хүүхдийн хувьд үндсийн үндэс нь юм. Цаашид хүүхэд хичээлдээ дуртай болох сэдлийг төрүүлэх гол багаж гэж хэлж болно. Хими, физикийн хичээл ихэвчлэн туршилтаар хийгддэг тул төхөөрөмжийг ашиглаад сурчихсан хүүхэд ирээдүйд инженер болох сэдлийг нь бий болгож чадна гэж үзэж байгаа. Үйлдвэрлэлийн явцад хүндрэл бэрхшээл гараагүй. Хамтарч ажилласан баг бүрэлдэхүүн сайхан байлаа.

 

О.Оюунтуяа: Ирээдүйн инженерүүдийг бэлтгэнэ 

/Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын лаборатори нэгдүгээр сургуулийн физикийн багш/

-Би 16 жил багшилж байна.Энэ хугацаанд физикийн хичээлийг туршилтаар явуулахад багаж тоног төхөөрөмжийн хувьд дутагдалтай байлаа. Энэ нь хичээлийг бодитой, амьд явуулах боломжийг хаадаг байсан юм. Өмнө нь багаж огт байгаагүй юм биш л дээ. Гэхдээ ганц нэгхэн байдаг багажууд нь үзүүлэх туршилтынх. Багш өөрөө туршилтаа хийж үзүүлэхээс биш хүүхдүүд гар бие оролцож чаддаггүй. Тэгвэл “Моноцукури” төвөөс зохион байгуулж буй төслийн сургалтад хоёр дахь удаагаа хамрагдаж, манай сургууль хоёр дахь багц багажаа хүлээж авлаа. Өмнө нь цахилгаан электроникийн 10 хайрцаг багаж авсан. Ингэснээр 3-4 сурагч дундаа нэг багажтай боллоо. Багажны хүрэлцээ их болмогц сурагчид өөрсдөө мэдлэг бүтээхэд нь маш их түлхэц болдог. Хоёр дахь ээлжийн багц нь механикийн багаж байгаа юм. Мөн “Ардуино” багажийг  хамт авч байгаа. “Ардуино”-гийн багаж гэдэг нь мэдрэгч сенсор ашиглан зохион бүтээх чиглэлээр ашиглах боломжтой. Хүүхдийн сурах хүслийг бадрааж, физикийн хичээлд дурлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ. Ирээдүйн инженерүүдийг бэлдэх суурийг тавьж байна. Өмнө нь инженер болох хүүхдэд онол уншуулж л бэлддэг байсан бол ийм багажтай болсноор тэднийг гардаж, туршлага хийлгэж бэлдэх сайхан боломж бүрдлээ. 

 

О.Аюурзул: Сурагчдын бүтээлч сэтгэлгээ хөгжиж байгаа 

/Баянзүрх дүүргийн 142 дугаар сургуулийн сургалтын менежер/ 

-Төсөлд манай сургууль хамрагдсанаар сурагчдын бүтээлч сэтгэлгээ хөгжихөд маш том ололт бий болж байна. Ийм том төсөл хэрэгжүүлж буй МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн удирдлагууд, мөн Японы хөрөнгө оруулагч, эрдэмтэн багш нарт маш их баярлалаа. Манай сургууль энэ удаа зургаан багц багаж буюу мөнгөн дүнгээрээ 3.8 сая төгрөгийн багаж авсан. Сурагчдад маань маш том оюуны хөрөнгө болон ирж буйд баярлаж байна.

...Ийнхүү манай багш эрдэмтэд, Япон улсын эрдэмтэдтэй хамтран ажиллаж, тодорхой амжилтад хүрлээ. Төсөл ч амжилттай хэрэгжиж байна. Цаашлаад, БСШУСЯ, Монгол Улсын Засгийн газраас онцгойлон анхаарч, дараа дараагийн тоног төхөөрөмжийг өөрсдийн нөөц бололцоо, санхүүжилтээр хийхэд нь туслалцаа үзүүлээсэй хэмээн багш нар болон эрдэмтэн, судлаачид хэлж байсныг онцлоё.