ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Ням-Осор: Төрийн өмчит компаниудыг “Хөрөнгийн бирж”-ээр дамжуулахгүй бол баячууд авчихдаг

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-06-07

-27 компанийн  хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийт худалдаж авах нөхцлийг бүрдүүлнэ-

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осортой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төрийн өмчит 20 гаруй компанийн хувьчлалыг ярьж байна. энэ удаагийн хувьчлал өмнөхөөсөө юугаараа ялгаатай юм бэ?

-Ер нь өнгөрсөн зургаан удаагийн хувьч­лал нь дандаа төсөвт мөнгө оруулах зорил­го­тойгоор хийгдсэн байдаг. Хувийн байгуул­лагын бизнесийг дэмжих зорилгоор ийм шийд­вэр гаргаж, хэрэгжүүлсэн байдаг юм. Энэ удаагийн хувьчлал төсөвт мөнгө оруулах зорил­го байхгүй. Өнгөрсөн онд манай улс ОУВС-гийн төсөл хөтөлбөрт хамрагдсан. Өмч хувьч­лалыг түр зуурын орлого гэж үзээд, төсөвт мөнгө оруулах шаардлагагүй гэж үзсэн.

-Улсын төсөвт мөнгө оруулах шаардлагагүй, үр өгөөжийг нь хүртэхгүй юм бол өмч хувьчлалыг хийх шаардлагагүй юм биш үү?

-Энэ удаагийн хувьчлалаар улсын төсөвт мөнгө оруулна гэхээс илүүтэй төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, олон нийтэд ил тод нээлттэй болгох юм. Иргэд олон нийт энэ том компаниудын хувьцааг худалдаж авах хаалгыг нээж, боломж олгож байна. Төрийн өмчит компаниудын  20, 30, 40  хувийг нь зараад эхэлбэл, олон нийтийн хяналт ороод ирнэ. Ингэснээр төрийн өмчит компанид шахаа хийдэг, хүнээ байршуулдаг гэх мэт элдэв муу зүйл нь арилах талтай. Тухайлбал, “Монгол Шуудан” компанийн 34 хувийг хувьчилснаар ханш нь бараг зургаа дахин өссөн. Хувийн секторын 3000 орчим хүний хяналт байгаа. Тиймээс шахаа байхгүй болсон. Төрийн томилгоо байхгүй болов. Тендер шахдаг зүйл байхгүй. Тиймээс компаниудын засаглал, олон нийтийн хяналтыг сайжруулахад төрийн компанийн эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх ёстой хувьчлал гэж ойлгож болно.

-Иргэд хувьцаанд итгэхээ байгаад удсан. Өмнө нь цэнхэр, ягаан тасалбар гаргаад юу боллоо. Одоо 1072 ширхэг хувьцаа яриад бараг 10 жил болсон. Ийм байхад дахиад төрийн өмчит компаниас хувьцаа эзэмш, хувь хүрт гэх нь хэр зөв шийдвэр юм бэ?

-Иргэдийн мэдэх, мэдэхгүй цэнхэр, ягаан, 1072 ширхэг хувьцаа гэдэг шиг зүйл биш. Энэ нь Монголын томоохон компаниудаас хувь эзэмшээд, хувь хүртээд үзээ л гэж байгаа юм. Гэхдээ хүмүүс надаас хамгийн түрүүнд асуугаад байх юм. Энэ нь мөнгөндөө биш юм. Бид төрийн өмчит компаниудыг эхлээд шатална. Тухайлбал, 10, 20, 30 гэх мэтээр шаталж хувьчилж болно. Эхлээд УИХ-аас хэдэн хувийг нь хувьчил гэсэн зөвшөөрөл гарна. Түүнийг нь дагна. Үүнийг 2020 он гэхэд хэдэн хувийг нь худалдах юм бэ гээд хувь болоод оноор нь шатлаад явна.

-200 тэрбум төгрөгийг хувьчлалаар олно гэсэн урьдчилсан тоон дүн гарсан байна билээ. Хэдий хэр хугацаанд энэ мөнгийг босгох юм бэ?

-Би дээр хэлсэн төсөвт мөнгө оруулах зорилго байхгүй. Урьдчилсан төсөөллөөр 200 тэрбум төгрөг гэсэн тоон дүн тавьсан.

-Өмч хувьчлалаас цөөнгүй газрыг авч үлдсэн гэх юм. Энэ үнэн үү. Ямар, ямар газар байгаа вэ?

-Засгийн газрын хуралдаанаар эрчим хүчний арван компанийг хувьчлахгүй гээд хойшлуулсан. Энэ нь олон нийтийн эрх ашиг юм. Тог цахилгаан, ус нь маш том эрх ашиг. Энэ компаниудад гаргасан тогтоолыг УИХ-аар цуцалсан. Автозам засварын 20 компани бий. 2006 оноос хойш өнөөг хүртэл төр хөрөнгө оруулж чадахгүй байгаа. Машин техник нь муудсан, цалин багатай. Төрийн гэрээт зам засварын ажлыг гүйцэтгэдэг. Үүнийг хийхийн тулд төрийн 20 компани хэрэггүй юм. Тиймээс зам засвар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 400 гаруй компани байна. Үүнээс 100 гаруй компани нь өдөр тутамд эрчимтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр аль сайн хийж, ажиллаж чадах компанитай гэрээ хийгээд ажиллаж болох юм. Энэ  компаниудын олонх нь өртэй, тендерт оролцож чаддаггүй. Өөр ажил хийж чаддаггүй,  зогсонги байна. Тиймээс энэ 20 компанийг шууд дуудлагаар хувьчилна. Бүгд орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг. Төр замын ажилд оролцохгүй. Харин хувийн байгууллагад шилжүүлнэ. Үүнээс гадна нийт долоон компани байгаа. Тухайлбал, Төрийн банк, МИАТ, “Монгол шуудан”, “Хөрөнгийн бирж”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Мэдээлэл холбоо сүлжээ” компани гэх мэт нийтдээ 27 компани бий.

-Хувьчлал хэзээд сайн нэр дагуулдаггүй. Тэр дундаа мөнгөтэй нэгэн нь авах боломжийг илүү олгодог. Ийм байхад жирийн иргэд хувьцаа эзэмших нөхцлийг хэрхэн олгох юм бэ?

-27 компанийн  хувьчлалыг Хөрөнгийн биржээр дамжуулж, олон нийт худалдаж авах нөхцлийг бүрдүүлнэ. Хөрөнгийн биржээр дамжуулж зарахгүй бол мөнгөтэй эдийн засгийн бүлэглэл буюу баячууд авчихдаг. Иргэд орж чаддаггүй юм. Тиймээс иргэдэд  маш их боломжийг олгоно. Энэ ондоо багтаан яаравчлан зарахгүй. Аль болох иргэдэд боломж олгож байгаа учраас тав, 10, 20 хувиараа борлогдохыг нь чөлөөтэй тавьж өгч байгаа. Тиймээс хувьчлалаас төсөвт нэхсэн зүйл байхгүй гэдэг эндээс ойлгогдоно. Анх удаа иргэдэд зориулан төрийн өмчит компанийг зарах гэж байна шүү дээ. АЗЗА-д тодорхой хэмжээний маргаан дагуулж магад. Түүнээс Хөрөнгийн биржээр дамжуулж, борлуулж байгаа зүйлд маргаан гарахгүй.

-Үнэлгээг яаж тогтоох юм бэ?

-Хөндлөнгийн үнэлгээний байгууллага компаниудыг үнэлнэ. Нийтдээ гурван төрлөөр үнэлнэ. Тухайлбал, хөрөнгө,  бизнес, ирээдүйн орлогыг үнэлэх юм. Үнэлгээг нь гаргаад нэгж хувьцаа нь гарна. Үүнийг нь аудит хянана. Тэгээд Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны хамтарсан журмаар үнэлгээ зөв байна уу гэдгийг давхар хянах юм. Тиймээс төрөөс хувьцаагаар зарах уу , үгүй юу гэдгийг шийднэ. Ийм шийдвэр гарсан тохиолдолд өөр өөрсдийн ажил өрнөөд явна.