ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Есөн настай бизнесмэн

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-02

Цаг үе хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад бидний ирээдүй хойчийн харилцаа хандлага, чадвар ч хувьсан өөрчлөгдөж буй. Хүүхэд юм чинь, хүүхэд болохоор чадахгүй гэх ойлголт хэдийнэ хол­дож, бага балчир хүүхдүүд ч эцэг, эх нь дэмжээд өгвөл том­чуудаас илүү сайн сайхан ирээ­дүйг бүтээж чаддаг гэдгийг шинэ эринийхэн бэлхэнээ ха­руулж эхэлсэн. Тэдний нэгийг өнөөдрийн дугаартаа танилцуулахаар бэлтгэлээ. 

Түүнийг Райн Хикман гэдэг. Тэр одоо есөн настай. Нас бага, бие жижиг ч, хэдийнэ алсын хараатай, өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн ком­панийн захирал. Гэх­дээ зүгээр ч нэг бизнес биш. Байгаль орчныг хам­гаа­лахад чиглэсэн хуван­цар хаягдлыг дахин боловс­руулах төвийг най­ман настайгаасаа эхлэн ажил­луулж эхэлсэн юм. 

Түүнийг дөрвөн настай байхад аав нь АНУ-ын Калифорни мужийн Оранж гэх бүс нутагт байрлах хог хаягдлыг дахин боловсруулах төв рүү дагуулан явж, үйл явцтай нь танилцуулж байжээ. Хүү хүний хэрэгцээгүй гээд хаясан хог хаягдлыг хэрхэн боловсруулж, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг тэнд сурч мэдсэн байна. Мөн тэдгээр хог хаягдал хэрэв байгальд хаягдсан бол хэчнээн сөрөг үр дагавартайг ч эл аялалын үеэр ойлгож, мэдэж авчээ. Гэвч, энэхүү аялалын дараа Райн гараа хумхиад суухыг хүссэнгүй. 

Тэр өөрийн гэсэн компанитай болох мөрөөдөл өвөртөлж, эцэг эх, ойр дотныхоныхоо дэмж­лэг­тэй­гээр хог хаягдал дахин боловс­руулах төвөө байгуулжээ.  Эхний ээлжинд хөршүүддээ гялгар уут тарааж, түүнд хуванцар сав, дахин боловсруулах боломжтой хог хаягдлаа хийхийг хүссэн байна.  Түүний хүсэлтийг хөршүүд, найз нөхөд, хамаатан садан нь ч дэмжиж, шил лааз хуванцар хогоо хүүгийн компани руу илгээх болжээ. Түүнээс хойш таван жилийн дараа гэхэд Хикман 300000 гаруй хуванцар, шил лаазыг дахин боловсруулж чаджээ. 

Энэ талаар түүний аав нь хэвлэлд “Хүүтэйгээ хог боловсруулах төв рүү явсны яг маргааш нь ажлаа тараад иртэл бид өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх хэрэгтэй гэж Райн хэлсэн. Тэгээд би шийдсэн. Одоо хөршүүддээ бүгдэд нь гялгар уут тарааж өгнө гэж билээ. Гэтэл долоо хоногийн дараа 10 айл хуванцар хог хаягдал өгч, хүү маань дөрвөн уутыг дахин боловсруулж, 10 доллар олсон юм даа” хэмээн хэвлэлд ярьсан байна. Харин яагаад энэ бизнесийг эхлүүлэх болсон шалтгаанаа Райн хүү “Шил, лонхнууд байгальд хаягдаж, далайн ус руу орсноор, далай амьтад, халим идэж, хүндээр өвдөн үхэж байгаа. Тэдгээр амьтдад туслахын тулд би хогийг дахин боловсруулах үнэхээр дуртай” хэмээн хариулж байсан аж. Хүүгийн компанийн нэр нь “Райны хог дахин боловсруулах компани”. Тэр­бээр компанийнхаа захи­рал, менежер, ажилчны үүргийг давхар давхар гүйцэтгэнэ. Бяцхан захирал ажлаа амжилт­тай гүйцэтгэж, бизнесээсээ 21 мянган ам.доллар цуглуулж чадсан байна. Эцэг эх нь эл мөнгөө коллежид орохдоо хэрэглэхийг түүнээс хүссэн ч, Райн харин хогийн машин авах санаачилга гаргасан гэдэг. 

Мөн далайн хөхтөн амьтан хамгаалах төвийн хандивлагч юм. Тэр тус төвийн лого бүхий фуд­волкийг зарж борлуу­ла­хаас гадна, өөрөө байнга өмсч, ойр дотныхноо энэ үйлст уриалан дууддаг ажээ. 

Тэр фудволкоо 13 ам.доллароор худалдаж, түүнээс олсон 3700 ам.доллароо хөхтөн амьтан хам­­гаа­­лах төвд хан­див­ласан бай­­на. Мөн өөрийн бизнесийн ор­­ло­­гын­хоо нэлээд хувийг хан­­див­­ладаг аж. Далайн хөх­төн амьтан хамгаалах тө­вийн ажилтан “Тэр бидэн дээр байнга ирж, ярилцдаг. Өнөө­гийн байгаагаас ч илүү их боломж, янз бүрийн санаанууд, урам зориг өгдөг” хэмээн ярьжээ. 

Сонирхолтой нь, хүү одоо дунд сургуулийн сурагч. Түүнд жирийн хүүхдүүд шиг тоглож наадах цаг үгүй. Харин үүний оронд чөлөөт цагаа сургуулийн цэвэрлэгчтэй хамт өнгөрөөдөг гэнэ. Цэвэрлэгч Иосе түүнд хог хаягдал ангилж ялгахад нь тусалдаг аж. 

Хүүгийн ээж Андреа Хикман “Хүү минь цайны цагаа сургуулийн цэвэрлэгчтэйгээ л өнгөрөөдөг. Тэд сургуульдаа хог хаягдал ангилж ялгах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм. Иосе ч хүүг минь “Босс” гэж дуудна” гэж ярина. Амрал­тын өдрүүдэд ч бяцхан захирал даалгавраа хийж дуусчихаад л ажилдаа ордог гэнэ. Аав нь хогийн машин жолоодож, ойр орчмоор яван хөршүүдийнхээ ялгаж тавьсан хог хаягдлыг ачиж, Райны компанид авчран тэд ангилж ялгадаг байна. “Бид жижиг гэр бүл том өөрчлөлт авчирч чадахгүй. Харин хүн бүр үүнийг хийвэл том өөрч­лөлт авчирна гэдэгт ит­гэ­дэг. Райны үйл хэрэг, түү­ний талаарх мэдээ, мэдээ­лэл олон нийтэд хүрс­нээр дэлхийн хүн бүр хог хаягдлыг дахин боловс­руулах талаар бодож эхэлсэн гэж бодож байна. Тэдний хандлага өөрчлөгдсөн гэж найдаж байгаа” гэж Райны аав инээмсэглэн ярих аж. Үнэхээр ч өдөр бүр тэдэнд Хятадаас, Оросоос, Лондон­гоос мянга мян­ган амжилт хүссэн зур­вас ирдэг байна. Магад­гүй бид гурван нас­тай хүүхдийг хараад юу ч хийж чадахгүй бяц­хан ертөнц хэмээн тө­сөөл­дөг байх. Тэгвэл ертөн­цийн нэг талд гурван настай хүүхэд өөрийн бизнесээ эхлүүлж, эх дэлхий, ан амьтны төлөө чадах бүхнээ зориулж, тасралтгүй таван жил ажилласан байна.  Ганц хүүхэд ч хэчнээн хүнд нө­лөөлж чаддаг вэ гэд­гийн баталгаа энэ билээ.