“Хорвоод намар ирдгийг мартсан
Хонгор хүүгээ уучлаач” ээжээ хэмээн дуулалдан зогсох хорих ангийн хөвгүүдийн нүдэнд нулимс бөмбөрнө. Уг нь тэд энэ өдөр хүүхдийн баяраа тэмдэглэж, удаан уулзаагүй эцэг, эх ар гэрийнхэндээ концерт тоглож өгч байгаа юм. Гэвч инээж, хөөрч дэгэж дэрвэж өнгөрөөх ёстой энэ өдөр тэд гэмшил дүүрэн харууслын нулимстай зогсож байгаа нь харуусмаар. Хорих ангийн дарга, дэд хурандаа Б.Тамир “Ээжүүд дээрээ очоод, гарыг нь бариад дуулаарай” гэхтэй зэрэгцэн ээждээ наалдан эхэр татан уйлах хөвгүүдийг харсан хүн бүхний нүд нулимстай. Гэвч сэтгэл шимшрүүлсэн энэ агшин удаан үргэлжилсэнгүй. Уулзаагүй удсан ар гэрийнхнээ хараад, багтран уйлж асан хөвгүүд хэдхэн хормын дараа инээд хөөрөөр бялхаж байгааг хараад “хүүхэд л юм даа” гэсэн бодол төрж байлаа. Зарим нь дүү нараа эрхлүүлэн эгээ л дөрөв тавхан настай болсон мэт хөгжилтэй инээлдэн тоглож элгээ дэвтээж байх.
Харин зарим нь нэг үе уйлан нэг үе инээмсэглэн гэрийнхэнтэйгээ аминчхан яриа өрнүүлж харагдана. Ар гэрээс нь хүн ирээгүй хөвгүүд харин зайдуухан суугаад бужигнасан олныг ажиглах нь өрөвдөлтэй. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэх энэ байгууллага бол улсын хэмжээнд цор ганц хүүхдийн хорих анги аж. Энд өнөөдрийн байдлаар нийт 30 гаруй хүүхэд хүмүүжиж байгаагийн нэг нь эмэгтэй. Охиныг хөвгүүдийн байрнаас тусгаарлаж, халаалт бүхий жижигхэн өрөөнд байлгадаг аж.
Дулааны улирал эхэлсэн тул хөвгүүдийн байр харин халаалтгүй. Хоригдож байгаа хүүхдүүд гэхээр хүн бүхэн төмөр торны цаана хоёр нарны хооронд шал ширтэж суудаг мэтээр төсөөлөх нь мэдээж. Хэдий тэд амьдралынхаа эхлэл дээр хөл алдаж, энэ газарт ирсэн ч гэлээ сурч боловсрох эрхээ бүрэн дүүрэн эдэлж байна. Энд хүмүүжиж байгаа 30 гаруй хүүхэд тус байгууллагын дэргэдэх Нийслэлийн 110 дугаар сургуульд суралцдаг аж. Гэхдээ тус сургуулийг Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хүүхдийн хорих ангийн дэргэдэх гэж албан ёсны нэршилд дурддаг байсныг 2016 оноос болиулжээ.
Ингэснээр суллагдаж гарсан хүүхэд энгийн сургуульд шилжин ороход хорих байгууллагын сургуулиас ирсэн гэдэг тодотгол байхгүй болох давуу талтай аж. Тэднээс түвшин тогтоох шалгалт авч тохирох ангийн хичээлийг заадаг байна. Тус сургууль гурван үндсэн багштай бөгөөд Налайх дүүргийн 88 дугаар сургуулийн багш нарыг гэрээгээр болон цагаар авч ажиллуулдаг ажээ. Биднийг очиход есдүгээр ангийн улсын шалгалт авч байв. Өнгөрсөн жил тус байгууллагад хүмүүжиж байгаа дөрвөн хүүхэд ЭЕШ өгч, дөрвүүлээ их дээд сургуульд суралцаж байгаа гэх сайхан мэдээг сургалтын менежер бидэнд дуулгав.
Тэдний гурав нь тэтгэлгээр суралцаж байгаа гэнэ. Тэтгэлгийг тус байгууллагатай 20 гаруй жил хамтран ажиллаж буй “Кристина нобел” сангийнхан хариуцдаг байна. Кристина нобел” сангийн хамт олны ачаар хорих ангиас суллагдсан нэг хүүхэд БНСУ-д тэтэлэгээр суралцах болсон талаар энэ үеэр Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Б.Тамир дуулгасан юм.Тэрбээр хөвгүүдийн тоглолтыг нээж үг хэлэхдээ “Зөв хүн гэж алдаа гаргадаггүй хүнийг биш, алдсанаа засаж, ухаардаг хүнийг хэлдэг юм. Энэ газрыг хорих анги гэдгээр нь биш та нарт сурч боловсрох, зөв хүн болох боломжийг олгож байгаа гэдэг талаас нь харах ёстой юм шүү.
Энд сургуульд орох боломжгүй байсан хүүхдүүд олон бий. Та нарт боломж байна. Сургуульдаа сайн сураад, их дээд сургуульд орно гэсэн итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Бүгдэд чинь ийм боломж бий шүү” гэхэд хөвгүүд нэгэн зэрэг алга нижигнүүлэв. Гэрийнхэндээ зориулсан хөвгүүдийн тоглолт инээд хөөр, ухаарал, бодрол, бас нулимс дүүрэн болов. Тэд хайрын тухай, ээжийн тухай, нутаг усны тухай дуулав. Ээжийгээ дуулаад уйлав.
Нутгаа дуулаад нулимсаа тэвчиж ядан нүдээ анин зогсов. Хөгжмийн багшийнхаа дуунд хөгжилдөн бүжиглэв. Долоо хоногт хоёр удаа хөгжмийн хичээл заадаг Л.Гончиг багштайгаа тэд их л элгэмсүү дотно харьцах аж. Л.Гончиг багш ч тэднийг “Би хүүхдүүдийг хоригдол гэсэн өнцгөөс хэзээ ч харж байгаагүй. Хүүхэд л бол хүүхэд. Эхэндээ эд маань намайг дарга гээд бишүүрхэнгүй байдаг байсан бол одоо багшаа гээд урд, хойно гарч гүйлддэг болсон” хэмээн олзуурхан ярина. Тэрбээр хүүхдүүдэд гитар, морин хуур тэргүүтэй хөгжмийн сургалт явуулдаг юм байна.
Тоглолтын үеэр тэрбээр “Дэлхийд дурласан сар” УСК-ны дуу болох, түүний анхны уран бүтээл “Сарны хүн” дуугаа дуулж, уймран суусан эцэг эх, хүүхдүүдийг хөгжөөсөн юм. Энэ үеэр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагынхан шилдэг хүүхдүүдээ тодруулж, урамшуулав. Шилдэг хүүхэд, авьяаслаг зураач, шилдэг нарийн боовчин, авьяаслаг хүүхэд, шилдэг бүжигчин, спортлог хүүхэд, шилдэг номын нөхөр, хамгийн сайн хүмүүжигч зэрэг номинациудад шилдгээр шалгарсан хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж, шагналын 10 хоногоор урамшууллаа. Мөн хүүхэд бүрт баярын бэлэг тараав.
Хоригдож байгаа хүүхдүүдийн 75 хувь нь өнчин
Энд байгаа 30 гаруй хүүхдийн 20 орчим нь бүтэн болон хагас өнчин, эсвэл өргөмөл хүүхдүүд байгааг СХТБ-ын дарга, дэд хурандаа Б.Тамир онцолсон юм. Өөрөөр хэлбэл эдгээр хүүхдүүдийн найм нь л эцэг эхтэйгээ хамт амьдардаг хүүхдүүд аж.
Б.Тамир дарга эцэг эхийн хараа хяналтгүйгээс болж, хүүхдүүд элдэв гэмт хэрэгт холбогддог болохыг энэ үеэр онцлон анхааруулсан юм. Тэдний дунд ээжийгээ алдаад сар ч болоогүй хүүхэд ч байлаа. Н.Б гэх 16 настай өндөр цагаан хүүгийн ээж саяхан нас барж, тэрбээр эндээс гараад очих газаргүй болжээ. Н.Б хүү суллагдаад ээжийнхээ эгчийнд очно хэмээн ярих аж.
Тэрбээр шилдэг зураачаар шалгарсан бөгөөд түүний зурсан төрөл бүрийн өгүүлэмж бүхий уран зургуудаар үзэсгэлэн гаргасан байлаа. Түүний зургууд дундаас хүүгээ өргөн үнсэж буй залуухан ээжийн зураг анхаарал татна. Энэ зурагнаас хөөрхий хүүгийн сэтгэлийн гүн дэх гэмшил, шаналан, бас хэзээ ч биелэхгүй болсон ээждээ үнсүүлэх хүсэл нь ханхлах шиг. Тэрбээр энэ жил ЭЕШ өгөхөөр бэлтгэж байгаа бөгөөд архитектур болох мөрөөдөлтэй гэнэ. Энэ жил ЭЕШ өгөх гурван хүүхэд байгаагийн нэг нь Н.Б хүү. Шалгалтаа амжилттай өгөөд их, дээд сургуульд орж чадвал “Кристина нобел” сангийн тэтгэлэгт хамрагдах боломж байгааг тус сангийн Боловсрол хөтөлбөрийн менежер Д.Тунгалаг онцолж байлаа. Шалгалтад орох хүүхдүүдийг сургалтын менежер нь хариуцаж яваад, шалгалтыг нь өгүүлдэг байна.
Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад сүүлийн удаа хонох гэж байгаа хүүхэд бол Г.О хүү. Тэрбээр олон улсын хүүхдийн баярыг тохиолдуулан суллагдахаар зэхэж байв. Г.О хүү бүтэн өнчин өссөн бөгөөд өвөө эмээтэйгээ амьдардаг байж. Харамсалтай нь эмээ нь түүнийг суллагдахыг үзэж чадалгүй бурхны оронд одсон гэнэ. Тэрбээр ЭЕШ өгөх гэж байгаа гурван хүүдийн нэг. Гитар тоглож, сайхан дуулдаг энэ хүү СУИС-д сурч, дуучин болохыг мөрөөдөж байгаа тухайгаа ярив. Г.О хүү өвөөдөө хандан манай сониноор дамжуулан сэтгэлийн үгээ дайхыг хүссэн юм.
Тэрбээр “Миний өвөө 70 хүрч яваа настай хүн бий. Эмээ минь нас бараад жил болох гэж байгаа. Тэнгэрийн оронд байгаа эмээгээсээ болон өвөөгөөсөө уучлалт гуймаар байна. Хүү нь та хоёрынхоо ачийг хариулахын тулд хүн шиг амьдарна гэж хэлмээр байна” гэсэн юм. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж байгаа хүүхдүүдийн дунд номын хорхойтон ч байлаа. Түүнийг н.А гэдэг. Энд ирээд жил болох хугацаандаа 60 гаруй ном уншжээ.
Уншсан ном бүрээрээ тэмдэглэл хөтөлдөг байна. Сургалт хүмүүжлийн тусгай байр 4000 гаруй ном бүхий номын сантай. Н.А хүү номын хамгийн сайн нөхрөөр шалгарч, шагналын 10 хоногоор шагнуулсан юм. Сүүлийн өдрүүдэд байранд нь засвар орж байгаа учраас тэмдэглэлээ хөтөлж чадахгүй байна хэмээн ярив. Н.А хүү бизнесмен болохыг мөрөөддөг гэнэ. Тэрбээр энэ талаар хэлэхдээ “ Эндээс гарахад ял эдэлж байсан гээд намайг ажилд авах газар олдохгүй.
Тиймээс би ажил хайж явалгүйгээр хар ажил хийж байгаад өөрийн гэсэн бизнесээ эхлүүлнэ” хэмээн ярилаа. Тэд ийн мөрөөдөж байна. Хазгай гишгэж, эрхээ хязгаарлуулсан ч гэлээ тэдэнд алс ирээдүйн гэгээн мөрөөдөл байна. Түүнд тэмүүлэх хүсэл зорилго байна. СХТБ-ын дарга дэд хурандаа Б.Тамирын хэлснээр зөв хүн гэдэг алддаггүй хүнийг бус алдаагаа засдаг хүнийг хэлнэ. Тэдэнд мөрөөдөл байна. Зөв хүн болох боломж байна.
Төмөр торны цаана, хүйтэн шал ширтэж хүүхэд насаа өнгөрөөдөг хэмээн төсөөлж ирсэн минь хэт өрөөсгөл байж. Магадгүй ядуу зүдүү, өнчин, өрөөсөн амьдралд хөл алдан тэнүүчилж, амьдралын зорилгогүй явсан хүүхдүүд эндээс хүсэл, зорилготой болоод гарч байгаа мэт санагдлаа. Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэх энэ газар алдсан хүүхдийг шийтгэдэг газар биш аж. Алддаггүй биш алдаагаа ухаардаг хүн болгон хүмүүжүүлдэг газар гэж дүгнэлээ. Хүүхэд бүхний хүсэл биелэг.