ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

У.Цэвэгмид: Наршсанаас болж бага насны хүүхэд таталт өгөх аюултай

O.Admin
2019-06-20

Сүүлийн өдрүүдэд гадаа хэт халж, байгаатай холбогдуулан наршилтаас хэрхэн сэргийлэх талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч, Анагаах ухааны  доктор У.Цэвэгмидээс тодрууллаа. 

-Наршилтаас болж ямар эрсдэл гарах аюултай байдаг вэ? 
-Нарны хэт ягаан туяанд удаан байснаас тархины судсууд өргөсч, тэлдэг. Үүнээс болж тархи хавагнаж, тархины дарагдал үүсч, бага насны хүүхэд таталт өгөх, ахмад настан, зүрх судасны өвчтэй мөн даралт ихэсдэг хүмүүс харвах эрсдэлтэй. Тархи хавагнаж,  тархины дарагдал үүссэнээс амьсгал зогсох, зүрх зогсох зэрэг амь насанд халтай байдал үүсэх аюул бий. 

-Наршилтаас хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ. Ялангуяа, бага насны хүүхдүүд маш амархан наршдаг гэдэг шүү дээ?
-Ер нь онцын шаардлагагүй бол гадаа гарахгүй байх хэрэгтэй гэж зөвлөе. Бага насны хүүхдийг өглөө 11:00 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш гадаа тоглуулж байвал нарны хор бага байдаг. Эрсдэлт бүлэгт ордог бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, даралт ихэсдэг болон зүрх судасны архаг өвчтэй хүмүүст гэр бүл, асран хамгаалагч нь наршилтаас урьдчилан сэргийлж, анхаарал халамж тавьж байвал зүгээр. Бүлээн буюу тасалгааны темпаратурт байгаа шингэн ойр ойрхон уух, шим тэжээлтэй хоол хэрэглэх, нимгэн хувцаслах, малгайгаа норгож өмсөх, хүзүүн дээрээ нойтон алчуур тавих, шүхэр ашиглах зэргээр урьдчилан сэргийлдэг. Хэт халсан үед хооллолтод анхаарч байх нь чухал байдаг. Ялангуяа, хүүхдүүд зуны улиралд сүү, цагаан идээ тогтмол хэрэглэж байх нь чухал. Жирэмсэн эмэг­тэй­чүүд өдрийн цагаар гадаа явж байгаад нарших тохиолдол их гар­даг. Хоёр хүний амь хариуцаж бай­гаа учраас багагүй хүндрэл гарах эрс­дэл бий. Тиймээс хотын төвөөс хол байгаа жирэмсэн ээжүүд нарш­сан шинж тэмдэг илэрсэн тохиол­долд яаралтай тусламж дуу­дах, мөн хүйтэн алчуур тавих, мал­гай өмсөх зэргээр хувийн зүгээс өөр­төө анхаарал тавьж байгаарай. Зарим ээжүүд нэгжгүй утастай байс­наас болоод түргэн тусламж авч чадсангүй гэдэг. Тиймээс жирэм­сэн ээжүүд нэгжтэй утастай байх, өөрт ойр, хамгийн хурдан ирэх унааг дуудах хэрэгтэй байна. Аюул­хай орчмоор өвдөх, толгой эр­гэж байгаа бол хурдан хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваа­рай. Мөн даралт ихэсдэг хүмүүс дарал­таа хоёр цаг тутамд хянаж, даралт­ны эмээ тогтмол уугаарай гэж зөвлөе. 

-Наршсан үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?
-Наршсан үед халуурах, тайван бус болох, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрдэг. 11-16 цагийн нар туяаны нар нь хамгийн хортой байдаг гэж үздэг. Энэ цагуудад л иргэд шаардлагатай биш л бол гадуур явахгүй байх нь чухал. 

-Аялал зугаалгаар явж байхдаа наршсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Наршсан тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ авах гээд хэрэггүй. Шууд эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө авах нь зөв юм. Аялал зугаалгаар явах үед машинд удаан явснаас болоод нарших эрсдэлтэй байдаг. Мөн хүүхдүүдээ машинд удаан битгий байлгаарай. 2-6 сартай хүүхдүүд машинд явж байхдаа л наршихдаг. Тэр нь машины дотоод агааржуулалттай шууд холбоотой. Нар аль нэг цонхоор тусч байгаа учраас хүүхэд амархан наршдаг гэсэн үг. Тийм учраас машиныхаа сэнсийг асаагаад явж байх хэрэгтэй юм. Очсон газраа сүүдрэвч, майхан бариад нарны хэт ягаан туяанаас хол байвал сайн.  Мөн толгойгоо аль болох сэрүүн байлгаж, усаар норгож, шавшиж байвал нарших эрсдэл бага. Усанд ороорой гэхээр голын усанд орж, живэх, урсах зэргээр амиа алддаг учраас ийм зөвлөгөө өгөх эрсдэлтэй. Гэхдээ эцэг, эхчүүд байнгын хяналт тавьж, өвдөгнөөс доош голын усанд хүүхдээ оруулж байвал наршдаггүй. Бага насны хүүхэд 20 см усанд нь живсэн тохиолдол байдаг. Тиймээс л эцэг, эхчүүд байнга хяналтаа тавьж байгаарай. Нарны шууд туяанаас хамгаалах хамгийн чухал зүйл бол толгойг байнга нойтон байлгах явдал юм. 

-Монголчууд наршсан тохиол­долд наранд бүлээсгэсэн ус өгвөл зүгээр болдог гэдэг. Энэ нь зөв эмчилгээ мөн үү? 
-Манай ард түмэн хорыг хороор гээд тэгдэг болохоос үүнийг яг шинжлэх ухааны үндэстэйгээр нотолсон юм байхгүй.

А.Баяржаргал