ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автотээврийн төвийн алба хаагчид 100 хувь орон сууцаар хангагджээ

O.Admin
2018-06-11

Нийгэм

Сүхбаатар аймгийн Автотээврийн төв Хөгжимт жүжгийн театртай хамтран ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор орон нутгийн “Түвшинмөнх” ХХК-д 24 айлын орон сууц захиалжээ. Улмаар жил гаруйн хугацааны дараа тус орон сууц ашиглалтад орж, оршин суугчид нь түлхүүрээ гардан авлаа. 

Ингэснээр Автотээврийн үндэсний төвийн хэмжээнд 2017 онд ажлын үзүүлэлтээрээ тэргүүн байр эзэлсэн Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн хамт олон өөрсдийн санаачилга, хичээл зүтгэлийн үр дүнд аймаг орон нутаг, удирдах дээд байгууллагуудынхаа дэмжлэгээр 100 хувь орон сууц, байраар хангагдаад байгаа юм.

Шинэ орон сууцыг хүлээлгэн өгөх нээлтийн үйл ажиллагаанд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, АТҮТ ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, Аймгийн Автотээврийн төвийн дарга Отгонбаяр, Хөгжимт жүжгийн театрын захирал Б.Батсайхан болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл болон ажилтан албан хаагчид оролцлоо.  

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Аж ахуйн нэгж байгууллагууд ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд санал санаачлага гаргаж чадвал үр дүнд хүрдэг гэдгийг тус хамт олон харууллаа”  хэмээн нээлтийн үеэр онцлон хэлэв. Мөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран Автотээврийн төвийн үйл ажиллагаа, цаашдийн ажил үйлс амжилттай явах нь айл гэрийн амар тайван, ая тухтай байхаас ихээхэн шалтгаална хэмээн хэлээд Хөгжимт жүжгийн театрынх хамт олонтой хаяа нийлүүлэн гал голомтоо бадрааж буйд баяр хүргэж, эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөлөө.

Сүхбаатар аймгийн Автотээврийн төвийн Бичиг хэрэг, нярав А.Өлзийдүүрэн  2014 оноос 14 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд байрны урьдчилгаа 30 хувиа төлж, өдгөө шинэ байрандаа ая тухтай амьдарч байна. Тэрбээр “Амьдрах нөхцөл сайжирч, ажилдаа ойр, тав тухтай байртай болсноор сэтгэл амар ажиллах боломж бүрдсэнд баяртай байна. Байрны төлбөрийн таатай нөхцлөөр хангаж орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах талаар удирдлагууд шийдвэрлэж өгөхөөр болсонд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.