ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-18

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр долдугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна.  Үүний 47 нь том хүн, 8 нь хүүхэд байгаа юм.

Иймд,

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах -Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.