Баян-Өлгий чиглэлийн орон нутгийн нислэг наймдугаар сарын 10-наас 15-ны өдрүүдэд түр саатжээ. Нислэг саатах болсон шалтгаан нь, тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Хурбаан айт" шашны баярын өдрүүд тохиосон аж. Энэ өдрүүдэд нутгийн иргэд мал нядалж, баяраа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор шувуудын тоо нэмэгдсэн учраас орон нутгийн нислэг үйлддэг авиа компани нислэг хийхэд эрсдэлтэй гэж үзэж, нислэгийг түр зогсоосон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Дэлхийн мусульманчуудын хоёр дахь том баяр болох "Хурбаан айт" баярыг Баян-Өлгий аймгийн мусульман шашин шүтдэг иргэд жил бүр өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс аймгийн нисэх буудал, агаарын хөлгийн хөөрөлт буултын чиг, нисэх буудлын гадна талд шувууны бөөгнөрөл үүсч, орон нутгийн нислэг тав хоног саатаж, өнөөдрөөс хэвийн нислэг хийж эхэллээ.