Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын 2007 оны долдугаар сарын 06-ны өдрийн 324 дугаар захирамжаар ХУД-ийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Буянт-Ухаа” хороолол барих зориулалтаар олгосон 25 га газартай холбоотой маргаантай асуудал, түүнийг тойрсон зарим хууль бус үйлдлийг “Баримт & тайлбар” буландаа онцлон хүргэж байна.
Давхардуулан олгосон газрын улмаас “Буянт-Ухаа” хороолол төсөл бүтэлгүйтэж байжээ
НИТХ-ын 2006 оны арванхоёрдугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тогтоолоор Төв аймгийн уулзварын зүүн урд хэсэгт “Буянт-Ухаа” хорооллыг барих хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаж байсан аж. Засгийн газраас баталсан “40000 айлын орон сууц” хөтөлбөр, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусгагдсан уг ажлыг 25 га талбайд хэрэгжүүлэх төсөлд 36 иргэн аж ахуйн нэгж оролцох саналаа ирүүлсэн байна. Гэвч тэдгээр иргэн аж ахуй нэгжүүдээс ганцхан “Богд Асар” ХХК газрын дуудлага худалдааны суурь үнэ болох 3.3 тэрбум төгрөгийг төлсөн учраас төслийн гүйцэтгэгчээр шалгарч “Буянт-Ухаа” хорооллыг хэрэгжүүлэх гэрээгээ 2007 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр НЗДТГ-тай байгуулжээ. Гэрээ байгуулсныхаа дараа “Богд Асар” ХХК “Буянт-Ухаа” хорооллын барилгын ажлыг эхлүүлэх гэтэл уг 25 га газар нь “Туурайн төвөргөөн” ХХК-ийн Морин спортын зориулалтаар эзэмшиж буй 140 га газартай давхардсан болох нь тогтоогдсон учраас барилгын ажлаа хэрэгжүүлэх боломжгүй болсон байдаг. Хэрвээ тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр газар давхардуулан олгох будлианыг үүсгээгүй байсан бол иргэдийн талархлыг маш хүлээсэн “Буянт-Ухаа” хороолол төслийн эхний шат 2010 онд хэрэгжиж дуусах байсан аж.
“Туурайн төвөргөөн” ХХК 140 га газрынхаа төлбөрийг бүрэн төлөөгүй
“Улаан хацарт” гэх нэрээр олонд танигдсан Ц.Батбаяр Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж улсад 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 2.1 жил хорих ял сонсч байсныг санаж байгаа байх. Газрын наймаагаар баяжсан хэмээн хэвлэлээр шүүмжлүүлж байсан Ц.Батбаяр 2006 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 568 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байршил бүхий 140 га газрыг морин спортын зориулалтаар “Туурайн төвөргөөн” ХХК-д эзэмшүүлэх захирамжийг гаргасан атлаа, түүнээс нэг жилийн дараа уг газар дээрээ давхардуулан “Буянт-Ухаа” хорооллын газрыг олгосон байжээ. Ц.Батбаяр хотын урд хэсэгт байршилтай, хүн ам суурьшаагүй, эрүүл тэгш газрыг 3.6 тэрбум төгрөгөөр буюу тухайн үеийн жишиг ханшаас даруй зургаа дахин бага үнээр “Туурайн төвөргөөн” ХХК-д олгосон байсан аж. Харин “Туурайн төвөргөөн” ХХК жишиг үнээс зургаа дахин хямд авсан газрынхаа үнийн 30 орчим хувь буюу нэг тэрбум төгрөгийг л нийслэлийн төсөл рүү шилжүүлсэн байна. Тийм ч учраас 2014 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ”-ийг төлөөгүй компаниудын нэрсийн жагсаалтад тус компаний нэр орж, үлдэгдэл төлбөрөө графикийн дагуу төлж дуусгана гэдэг үүрэг амлалтыг Нийслэлийн газрын албанд өгч газрынхаа эрхийг авч үлдсэн байна. “Туурайн төвөргөөн” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Бямбабаатартай утсаар холбогдож “Нисэхэд морин спортын зориулалтаар эзэмшдэг 140 га газрын төлбөрөө Төрийн санд тушаасан” эсэхийг тодруулсан боловч тэрбээр “Эргээд хариу хэлье” хэмээгээд таг болсон юм. “Туурайн төвөргөөн” ХХК-ийн цаад эзэн хэн болох нь тодорхойгүй байдаг. Гэхдээ “Их үйлсийн эрэлд” групп өөрийнхөө албан ёсны цахим хуудастаа “Туурайн төвөргөөн” ХХК-ийг өөрийнхөө бүрэлдэхүүн компани хэмээн бичсэн байв.
НӨХГ газрын нэгж талбарын мэдээллийн санг устгажээ
“Богд Асар” ХХК төлбөрөө бүрэн төлж, хууль ёсоор эзэмшсэн газартаа “Буянт-Ухаа” хорооллыг барихын тулд “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-аа 2014 оны гуравдугаар сарын 04-ний өдөр НЕТГ-т хүргүүлжээ. Гэвч НЕТГ албан ёсны хариуг нь өгөхгүй хоёр сар болсны эцэст тухайн газар нь танай компаний нэр дээр бүртгэлгүй байгаа тул “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг батлах боломжгүй гэсэн хариуг өгчээ. Үүнтэй хамт 2014 оны зургадугаар сард “Богд Асар” ХХК-д Нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч даргын гарын үсэг бүхий албан бичиг иржээ. Тус албан бичигт “... мэдээллийн санд хяналт тавих” ажлын хэсгийн 2014 оны зургадугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэхэд “Богд Асар” ХХК-ийн эзэмшиж буй нэгж талбар нь “Туурайн төвөргөөн” ХХК-ийн эзэмшдэг нэгж талбартай үндэслэлгүйгээр давхардан бүртгэгдсэн учраас “Богд Асар” ХХК-ийн нэгж талбарыг устгасан болно” гэсэн байжээ.
Газрын төлбөрөө багаар төлөхийн тулд хуурамч гарын үсэг ашигласан хэрэгт оров
“Богд Асар” ХХК 3.3 тэрбум төгрөг төлж эзэмшсэн газрынхаа тодорхой хэсгийг цуцлуулсан, улсын нэгдсэн санд бүртгэлтэй нэгж талбараа үндэслэлгүйгээр устгуулсан гэдэг асуудлаар шүүхдэх явцдаа нийслэлийн үе үеийн удирдлагуудын зарим зүй бус үйлдлүүдийг илрүүлсэн байдаг. Тухайлбал, “Богд Асар” ХХК Төв аймгийн уулзварын зүүн урд хэсэгт эзэмшсэн 25 га газрынхаа нэг мкв тутамд жилд 132 төгрөгийн төлбөр төлж байхад, тэднийхтэй давхацсан байрлалтай газар эзэмшиж буй “Туурайн төвөргөөн” ХХК нэг мкв тутамд жилд 88 төгрөг төлөх гэрээг байгуулсан атлаа уг төлбөрөө ч төлөөгүй нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд илэрсэн байна. Мөн “Туурайн төвөргөөн” ХХК-ийн Нийслэлийн газрын албаны дарга Б.Төмөрхуягтай 2007 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд газар зохион байгуулагч С.Баярхүүгийн гарын үсгийг өөр хүн орлон зурсан нь тогтоогджээ.
Үргэлжлэл бий...