ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эхнэртээ энэ өдөр бичих захидал

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-04-30

Өглөө дөө манддаг нар минь, өдөртөө хардаг од минь, оройдоо жаргадаг сар минь, шөнө дөө төөнөдөг гал минь ээ. Тийм ээ, би эдгээр үгсийг чамдаа л хэлж чадна гэргий минь. Учир нь дэлхийн долоон тэрбум хүнээс шивэртэй оймсыг минь сэжиглэлгүй угаадаг ганцхан хүн нь чи. Ууж идэх идшийг минь тааруулахдаа дууланхан бэлддэг нь чи. Увайгүй муухай бүхнийг минь нүүрэн дээр үнэнээр өчдөг нь чи. Банкны өр даралцдаг нь чи. Барааг минь хараад баярладаг нь чи. Харамж харалгүй хайрладаг нь ч бас л чи. Махны тасархай, цусны минь үсрэхийг тэвчиж төрүүлсэн нь чи.

Тэвэрч өсгөсөн нь ч чи. Баярлахад минь жаргалтай байдаг нь чи. Гунихад минь итгэл хайрладаг нь чи. Бас цугтаа гунигладаг нь чи. Миний гадаад биеийг додомддог нь чи. Мөн миний дотоод сэтгэлийг ойлгодог нь чи, амирлуулдаг нь чи. Магадгүй намайг гаргүй юм уу, хөлгүй болоход асрах хүн нь чи. Магадгүй үр хүүхэд орхиод явахад үлдэж цайгаа хуваах нь чи. Магадгүй үхэхэд хойноос уйлах ганц хүн нь чи. Магадгүй үхэхдээ сэтгэлдээ намайг л бодох хүн чи минь билээ. Тиймээс би чинь чамдаа хайргүй байхын аргагүй ээ.

Хэдийгээр би чамдаа чухам их хайртай ч бурхан л биш болсон хойно алдах алдаа өчнөөн бий. Одоо бодоход би чамд өмсөх хувцас авсан удаа ховор юм байна. Өр шир гэж явсаар бүр мартаж орхиж. Орой доо ирээд муур шиг буйдан эргүүлээд, хаан шиг хоол зөөлгөж идсээр бүүр даварч. Энэ мэт олон алдаа буй. Тэгсэн ч чи минь гомдоллодоггүй болохоор чамдаа хайргүй байхын аргагүй ээ. Илүү, дэмий зүйл нуршаад яах вэ. Би чамдаа хайртай.