ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Ууганбаяр: Аврах ажиллагаанд хүний нөөцийн чадавхи  хамгийн чухал

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-17

“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль энэ жил Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын  дэд дарга, хурандаа Б.Ууганбаяртай ярилцлаа.

–“Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг сүүлийн жилүүдэд орон нутагт зохион байгуулж байгаа. Дорноговь аймагт зохион зохион байгуулж байгаа гол зорилго юу вэ?

–Сүүлийн жилүүдэд Дорноговь аймагт дэд бүтэц, уул уурхай, үйлдвэржилтийн салбар хурдацтай хөгжиж байна. Гамшиг судлалын шинжлэх ухааны хувьд хөгжил, гамшиг хоорондоо уялдаатай байдаг. Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Цэргийн атташегийн алба, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт  есдүгээр сарын 09-өөс 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 66 дугаар тогтоолоор Онцгой байдлын байгууллагын хүч хэрэгсэл бүсчилсэн хэлбэрт шилжсэн. Үүнтэй уялдуулан бүс нутгийн түвшинд тохиолдож болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх, хариу арга хэмжээг шуурхай авах, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, гамшиг, ослын үед харилцан ажиллагаагаа сайжруулах зорилгоор сүүлийн жилүүдэд орон нутагт “Говийн чоно” олон улсын сургуулийг зохион байгуулж байгаа юм. Энэ зорилгын хүрээнд Өмнөд бүсийн Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Зүүн бүсийн Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгуудыг оролцуулж байгаагаараа онцлогтой. Зөвхөн Онцгой байдлын байгууллага төдийгүй орон нутгийн удирдлага, гамшгаас хамгаалах алба, томилгоот бие бүрэлдэхүүний чадавхыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна. Чадавх олон зүйлээс шалтгаална. Үүнээс хүний нөөцийн чадавх бол Монгол Улсын нэн тэргүүний зорилт байх ёстой. Тийм учраас энэ талын сургалтад түлхүү анхаарч байна. Иймээс “Орон нутгийн чадавх ба бүс нутгийн харилцан ажиллагаа” сэдвийг сонгосон. Сэдэвтэй уялдуулан агуулгын хувьд танхимын, академик, дууриалган үзүүлэх дадлага сургууль болно.

-Өмнөх жилүүдээ бодвол зохион байгуулагдаж байгаа сургалтын цар хүрээ нэмэгдсэн нь анзаарагдсан?

-Жилээс жилд сургуулийн үйл ажиллагаа өргөжин сургалт, дадлагын чиглэл нэмэгдэж байгаа. Дээр дурдсан 4 чиглэлийн сургалт бүр онцлогтой. Тухайлбал аврагчдын  мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, олон улсын ижил төрлийн туршлага солилцох сургалт гэхэд төрөл, мэргэжлээсээ хамаараад долоо хоногийн хугацаатай зохион байгуулагдсан. Дараагийн үе шатанд Гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, Төрийн цэргийн болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, олон улсын хүмүүнлэгийн болоод гадаад улс орны төлөөлөл, бүс, орон нутгийн байгууллагын удирдах албан тушаалтнуудыг хамруулан команд штабын сургуулийг зохион байгуулна. Гуравдах шатны сургалт нь Монгол, Америкийн аврагчдын хамтарсан дууриалган үзүүлэх  тактикийн дадлага сургууль. “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн хүрээнд хоёр томоохон сургалт нэмэгдсэн. Нэг нь ослын удирдлагын систем. Нөгөө нь академик буюу хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдах онолын сургалт. Өөрөөр хэлбэл гамшгаас хамгаалах мэдлэг чадавхыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Монгол, Америкийн аврагчдын хамтран зохион байгуулах дадлага сургууль анхаарал татаж байна?

-Жил бүрийн “Говийн чоно” олон улсын сургалтаар Монгол, Америкийн аврагчид хамтарсан дууриалган үзүүлэх дадлага сургуулийг хийдэг. Хамтарсан дадлага сургууль хаана зохион байгуулагдаж байгаагаас хамаарч төрөл, хэлбэр нь  өөр байдаг. Энэ жил орон нутгийн онцлогоос хамаарч 5 төрлийн дууриалган үзүүлэх дадлагыг хийхээр бэлтгэж байна.  Өөрөөр хэлбэл газар хөдлөлтийн гамшгийн үед нурсан барилгаас нэрвэгдэгсдийг эрэн хайх, аврах, анхны болон эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, хээрийн хүн, мал эмнэлэг дэлгэх, галт тэрэгний ослын үед химийн хорт бодис алдагдах, зам тээврийн ослын үеийн хариу арга хэмжээ гэсэн дадлага, сургуулийг зохион байгуулна. Мөн орон нутгийн удирдлагын санаачлагаар Сайншанд сумын иргэд аюулгүй цэгт нүүн шилжих дадлага хийгдэнэ. Ингээд тооцоход зургаан төрлийн тактикийн түвшний дадлага болох юм.

Тэгвэл дадлага сургуульд хичнээн улс орны төлөөлөл оролцож, туршлагаа хуваалцаж байгаа вэ?

-“Говийн чоно” сургалт маань гамшгаас хамгаалах менежментийн хүрээнд хийгдэж байгаа Монгол Улсын брэнд гэж хэлж болох олон улсын түвшний сургалт. Энэ ч үүднээс жил ирэх бүр оролцогч орны тоо, төлөөлөл нэмэгдэж байна.  Дадлага сургуульд  Монгол, АНУ-аас гадна Австрали, Канад, Франц, Непаль, Турк, Их Британи, Бангладеш, Индонези, Казахстан, Киргизстан, Лаос, Балба, Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам зэрэг 21 улс орон, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийн бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл,  ЭМЯ, БХБЯ, ХХААХҮЯ, ЗХЖШ, МЭЕГ, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар төмөр зам, Автотээврийн үндэсний төв болоод Өмнөд Бүсийн төв Өмнөговь, Дорноговь, Зүүн бүсийн төв Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газрууд, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дотоодын хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургууль, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын нийт 460 гаруй төлөөлөл оролцож байна.

Энэ жилийн сургалтын үр дүнг тодорхойлбол?

–Сургалт зохион байгуулах нэг хэрэг. Хамгийн гол нь үр дүн чухал. Энэ жилийн хувьд нэгдүгээрт аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлсэн, хоёдугаарт орон нутгийн удирдлага гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг бие дааж зохион байгуулах чадвар эзэмшсэн, гуравдугаарт байгууллага хоорондын ажлын уялдаа нягтарсан, дөрөвдүгээрт олон улсын туршлага судалсан, тавдугаарт хуримтлуулсан мэдлэг, туршлагыг ажилдаа нэвтрүүлсэн, зургадугаарт орон нутгийн гамшгаас хамгаалах хүч, хэрэгслийн бэлэн байдал ахисан байх үр дүнг хүлээж байна.

Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд болзошгүй гамшиг ослын хор уршгийг арилгах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг сайжруулах, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн хүч, хэрэгслийг тооцож, зөв хуваарилах зэргээр улс орны гамшгийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлэхүйц сургалт болж байгаагаараа онцлог юм.

-Эцэст нь  яагаад “Говийн чоно” гэж нэрлэх болсон талаар сонирхмоор санагдлаа?

-Анх 2009 онд АНУ-ын Ази, Номхон далайн Хүмүүнлэгийн тусламжийн Экселленс төвийн багш нар гамшгийн удирдлагын чиглэлээр сургалт зохион байгуулах саналыг тавьсан. Энэ саналыг хүлээн авч, олон улсын түвшний сургалт, дадлагыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлж, оноосон нэр өгөхөөр хоёр талаасаа хуралдсан. Тэгээд говь нутгийн байгалийн үзэсгэлэнг харгалзаад “Говь” гэдэг үгийг сонгосон. Чоно бол бидний хувьд аз хийморийн бэлэгдэл, мөн амьдрахын төлөө зүтгэдэг амьтан. Харин Онцгой байдлын байгууллага бол гамшиг, ослоос ард, иргэдийн амь насыг авран хамгаалахын төлөө зүтгэдэг онцлог ажилтай. Өөрөөр хэлбэл тэмцэх гэдэг утгыг чоноор төлөөлөн нэрлэсэн учиртай юм.

Олон улсын түвшний сургалтын ач холбогдлыг ойлгож, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн аймгийн удирдлагуудад талархлаа илэрхийлье. Мөн хамтран ажиллаж байгаа АНУ-ын Энэтхэг, Номхон далайн сурагч багш, хамт олонд баярлаж байгаагаа энэ дашрамд илэрхийлье.