Завхан аймгийн ЗДТГ энэ жил үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин бусад аймаг, орон нутагт үлгэр жишээ болохуйц олон ажлыг эхлүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд тус аймгийн удирдлагууд сум бүрт жижиг үйлдвэр байгуулах санаачилгыг өрнүүлж, малчин өрхийн амжиргааг дээшлүүлэх, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ард иргэдээ ажлын байраар хангах гэсэн орон нутагт тулгамддаг олон асуудлыг шийдвэрлэхээр идэвхийлэн ажиллаж байна.
Завхан аймгийн ЗДТГ, “АДРА Монгол” олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Сүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх нь” төсөл юм. Энэ төслийн ачаар Завхан аймгийн Идэр суманд анхны бяслагны үйлдвэрийг байгуулж, сарлагийн сүүгээр герман технологиор бяслаг үйлдвэрлэж, түүнийгээ гадаад, дотоодын зах зээлд экспортлохоор ажиллаж байгаа аж.