Дорноговь аймагт зохион байгуулж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль болон зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааны талаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямаас тодрууллаа.
-“Говийн чоно-2019” олон улсын сургуулийн үйл ажиллагаа амжилттай явж байгаа. Дадлага сургуулийн гол зорилго юу вэ?
- Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах чиглэлээр анх удаа зохион байгуулагдаж байгаа түүхэн сургууль. Энэ сургуулийг зохион байгуулах шийдвэр гарснаас хойш бэлтгэл ажлыг хангаж, сургуулийн цар хүрээ, сургалт дадлагын онцлогийг тодорхойлсон. Сургуулийн хүрээнд үндсэн 4 чиглэлд 21 төрлийн хэсэгчилсэн сургалт явагдаж байгаа. Эдгээр сургуулийн үндсэн зорилго бол оролцогчид орнуудын төлөөлөлтэй харилцан туршлага судалж, шинэ санаа шийдлийг орон нутгийхаа онцлогт тохируулан нэвтрүүлж цаашлаад гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд тусгаж ажил хэрэг болгох явдал юм.
-Сургуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлыг хийсэн нь анзаарагдсан?
-Сургуулийн үйл ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бүх талаас нь бэлтгэл ажлыг хангасан. Үүний нэг нь байгууллагын дотоод болон гадаад орчны тохижилт. Орчин нөхцөл нь тав тухтай байвал сургууль зохион байгуулагдах боломж нь илүү өргөн хүрээтэй нэмэгдэнэ. Энэ үүднээсээ сургалтын танхим, бэлтгэл сургуулилт хийх талбай буюу “Аврагчийн төгөл” -ийг байгуулж, сургалт зохион байгуулах боломжийг бүрдүүллээ. Мөн гамшиг, ослын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах ““Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-ийг байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
-Энэ жил Дорноговь аймгийг түшиглэн өмнөд болон зүүн бүсийн аймгуудыг хамруулан дадлага сургуулийг явуулж байна. Өмнөх жилийн сургуулиудаас ялгарах онцлог нь юу вэ?
-Говийн бүс нутагт гамшиг, ослын эрсдэл бага гэж үздэг байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлт, аймаг, орон нутгийн хөгжлөөс хамаарч гамшиг, ослын тоо нэмэгдэж байна. Тухайлбал Дорноговь аймагт сүүлийн 10 жилийн байдлаар 468 орчим аюулт үзэгдэл, осол тохиолдож, 17 хүний амь нас, 1,1 сая төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр гамшиг, ослын дийлэнх хувийг хүчтэй шороон шуурга, мал амьтны гоц халдварт өвчин, зам тээврийн осол эзэлдэг. Түүнчлэн сүүлийн хоёр жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 30 жил болоогүй үер, 25 жил гараагүй хээрийн түймэр гарсан. Энэ мэт гамшиг, ослын давтамж нэмэгдэхийн хэрээр бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудал тулгарсан. Тиймээс дадлага сургуулийн хүрээнд аймгийн Онцгой комисс, мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах албадын бие бүрэлдэхүүнийг хамруулсан команд штабын дадлага сургуулийг зохион байгуулж байгаа нь сургуулийн нэг онцлог. Мөн иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Сайншанд сумын иргэдийг нүүн шилжүүлэх, иргэдэд гамшиг ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлэх сургалтыг явуулж, гамшгаас хамгаалах мэдлэг олгосон гээд олон нийтийн хамруулсан сургалт, дадлагуудыг явуулж байна.
-Олон улсын хэмжээний дадлага сургуулийг зохион байгуулна гэдэг амар ажил биш байх?
Онцгой байдлын байгууллага төдийгүй Монгол Улсын гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсад сурталчлах, харилцан туршлага солилцдог “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулна гэдэг тийм ч амар биш. Сургууль хийх шийдвэр гарснаас хойш хөрөнгө, төсвийн асуудал шийдвэрлүүлэх асуудал чухал байсан. Энэ сургуулийн ач холбогдол, зохион байгуулах гол үндэслэл зорилгыг зөв ойлгуулах, хяналт, эсэргүүцэл гээд олон талын л асуудал тулгарсан. Алба, ажлыг ойлгож, дэмжиж тусалсан аймгийн удирдлагуудад талархаж байна. Бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжааар байгуулж, ажлын хэсэгт агентлаг, алба, хэлтсийн дарга нарыг оролцуулж, зохион байгуулах төлөвлөгөөг гаргаж ажилласан нь салбар хоорондын уялдаа, холбоог сайжруулахаас гадна үүрэг, оролцоог нь нэмэгдүүлсэн чухал ач холбогдолтой байлаа. Хамгийн чухал нь хэлж ирдэггүй, хийсч ирдэг гамшиг, ослын ямар ч нөхцөлд бэлтгэл, бэлэн байдлаа хангах, хамтарч ажиллах үүргийг нь нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чухал сургалт бол “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль гэдгийг дахин онцолмоор байна.