Элэг тайрах мэс ажилбар хийсэн орон нутгийн анхны эмнэлэгээр нэрлэгдэж байсан Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга нэр бүхий ажилтнуудаа ялгаварлан гадуурхаж байсныг ХЭҮК тогтоожээ.
Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар Д.Доржготов гэх хүн 2016 онд томилогдсоноос хойш эмнэлгийнхээ хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 30 орчим хүнд ур чадварын нэмэгдэл олгохыг зогсоосон байна. Тэрээр “Бид байгууллагын удирдлагын зөвлөлөөр яриад хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон хүмүүст ур чадварын нэмэгдэл олгохгүй байгаа. Нэгэнт тухайн хүн хөдөлмөрийн чадвараа 69 хүртэл хувиар алдсан учраас ур чадвартай ажиллана гэж байхгүй. Хөдөлмөрийн чадвар алдалтаасаа хамаараад шаардлагатай дуудлага болон алсын дуудлагад явахгүй, хөдөө явж ажиллах боломжгүй байдаг. Тиймээс хөдөлмөрийн чадвараа түр алдсан хүмүүст ур чадварын нэмэгдэл олгоно гэдэг илүү юм. Яагаад гэвэл эдгээр хүмүүс цалингаа бүрэн авч байгаа, дээр нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжээ авч байгаа учраас хөдөлмөрийн чадвараа алдсан гэдэг утгаараа ур чадвартай ажиллах ямар ч үндэслэлгүй” гэсэн байна. Д.Доржготов даргын энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл байсан тул Комиссын гишүүний шаардлага хүргүүлж, Д.Доржготов хариуцлага тооцуулж, зөрчлийг арилгуулахаар болсон байна.