Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Тухайлбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд өнгөрөгч сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан "Истана" маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Энэхүү хууль бус үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгасан аж.
Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд хориглосон. Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон энэхүү ургамлыг түүж бэлтгэвэл холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон нөхөн төлүүлэх заалттай юм.