Булган аймгийн Хутаг-Өндөр суманд энэ сарын 14-ний өдөр ширүүн бороо 30 минутын турш үргэлжлэн орсны улмаас үер буусан билээ. Тэгвэл үерийн улмаас 67 айлын хашаа, 18 гэр, дөрвөн өвлийн байшин, 17 зуны байшин усанд урсаж, нэг хүүхэд амиа алджээ.
Мөн хоёр өрхийн 388 бог мал, хоёр үхэр, 390 малын сэг зэмийг устгалд оруулан булшилсан байна. Одоогоор гудамж талбайг чөлөөлөн зам гаргах, сэргээн босгох, лаг шавар, эвдэрч сүйдсэн барилга байшин, хог хаягдлыг зөөж цэвэрлэх ажлууд хийгдэж байгаа бөгөөд хохирлын хэмжээ урьдчилсан байдлаар 86 өрх, зургаан төрийн байгууллагад нийтдээ 368.038.500 төгрөгийн хохирол учраад байгааг сумын засаг дарга П.Итгэлбаяр мэдээлжээ.
Түүнчлэн үерийн улмаас голомтон дахь бүх айлын бохир усаар дүүрч хальсан нь халдвар тархах, өвчний голомт үүсгэх магадлалтай тул халдваргүйтгэл ариутгалын бодис их хэмжээгээр шаардлагатай байгаа аж. Сумын хувьд зургаан сая төгрөгийн нөөцтэй бөгөөд энэ нь хаанаа ч хүрэхгүй байгаа тул шатахуунаа зээлээр авч, сэргээн босголтын ажил хийж байгаа юм байна.