ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Анандбазар: Малын хулгайч нарыг гишгэх газаргүй болгох ёстой

O.Admin
2019-11-05

Дорнод аймгийн Чойбалсан хотноо “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян монгол баян” хэмээх малчдын чуулга уулзалт энэ сарын 1-нд болж өнгөрлөө.  “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах хууль, эрх зүйн зохицуулалт” сэдэвтэй уг чуулга уулзалтыг Дорнод аймгийн ЗДТГ, “Зундуйн Дорж сан”, “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ хамтран зохион байгуулсан юм. Уулзалтад  Дорнод аймгийн 14 сумын 160 гаруй малчин оролцлоо. Уг арга хэмжээнд оролцсон малчдад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд  төрөл бүрийн үйлчилгээ үзүүллээ. Тухайлбал,  эрүүл мэндийн үзлэгт хамруулах, нийгмийн даатгалаас үйлчилгээгээ танилцуулах, хувийн хэвшлийн байгууллагууд бүтээгдэхүүнээ танилцуулав. Мөн цаг уурын байгууллага  өвлийн цаг агаарын урьдчилсан мэдээллийг хүргэсэн юм. Чуулга уулзалтын үеэр “Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” НҮТББ орон нутагт салбараа нээсэн нь онцлог байлаа. Тус НҮТББ  21 аймагт салбараа нээх бөгөөд хамгийн анхны салбараа наран ургах зүгт буй Дорнод аймгаас эхэлж байгаад малчид талархалтай байлаа. Чуулга уулзалтад оролцогчдын байр суурийг хүргэе. 

Дорнод аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг:

-Дорнод аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэрэг 50 орчим хувиар өссөн нь хамгийн гол асуудлуудын нэг. Малын хулгайн гэмт хэргийг бууруулах зорилгоор аймгийн төр захиргааны байгууллага мөн хууль хяналтын байгууллагууд хамтарсан сургалт зөвөлгөөн, урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг авч, орон нутгийн цагдаагийн байгууллагаас хэсэгчилсэн болон нэгдсэн үйл ажиллагааг олон үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм.  Гэвч хулгайн гэмт хэргийн гаралт буурахгүй байгаа. Гэмт хэргийн нөхцөл байдалд  дүгнэлт хийж цаашид авах арга хэмжээгээ тодорхойлж, аль болох иргэдийн хохирлыг нөхөн барагдуулахад анхаарч байгаа. Мөн энэ онд гарсан гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлж ажиллах талаар цагдаагийн байгууллага санаачилгатай ажиллаж байна.  

“Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг”-ийн тэргүүн Ц.Анандбазар: 

-Малаа хулгайд алдаж байгаагүй малчин өрх бараг байхгүй. Гэсэн ч малчид төрөөс юу ч нэхэлгүй цаг агаарыг өөрсдөө давж, хүнд бэрхийг туулж  явна. Монголын ард түмний эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болж монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа. Мах эрэлт хэрэгцээтэй болж махны үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд малын хулгай хаа сайгүй өсч байна. Тиймээс цаг, үеийн нөхцөл байдал малчин түмний хүсэлтээр Зундуйн Дорж ахынхаа зохион байгуулж байсан “Мал сүргийг хулгайн гэмт хэргээс хамгаалах” нийгэмлэгийг үргэлжлүүлэн шинээр зохион байгуулж, Дорнод аймагт анхныхаа салбарыг нээж байна. Энэхүү байгууллага Монгол Улсын бүх сумдад байгуулагдсан өдөр малын хулгай хийдэг хулгайчдыг гишгэх газаргүй болгоно гэсэн зорилго тавьж ажлаа эхлүүлж байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгаж байгаа малчин ардуудын хүсэн хүлээж байсан заалт болох өнчин ишиг хулгайлсан ч 2-5 жилийн ял хүлээдэг хатуу заалт юм. Энэхүү заалтад манай байгууллагын зүгээс дэмжиж байгаагаа хэлье.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: 

-Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг ихсэж байгаа нь хууль эрх зүйн орчинтой холбоотой гэж олон нийтийн зүгээс үзэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдийн зүгээс хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-аар хэлэлцэж байна. Хууль зүйн орчныг цаг үед нь нийцүүлснээр гэмт хэргийн гаралт буурна гэж үзэж байгаа. Мэдээж монголчуудын үнэт эрдэнэ болсон мал сүргийг Монгол Улсын Үндсэн хуульд төрийн хамгаалалтад байна гэж заасан ч, нөгөө талаас мал нь хувийн өмч болсон тул хулгайн гэмт хэргээс хамгаалах нийгэмлэг байгуулагдсанаар төр, ТББ, хувийн хэвшил гэсэн гурван субьектийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх юм. Монголчууд нүүдэлчин ахуйтай учраас энэ төрлийн гэмт хэргийг бүрмөсөн тэглэх нь хэцүү. Гэхдээ асуудлыг шийдэх боломж байгаа гэж үзэн Дорнод аймгийн зүгээс энэхүү нийгэмлэгтэй бүх талаар хамтарч ажиллах хүсэлтэй байгаа.

Нийгэмлэгийн тэргүүлэгч хуульч Б.Баян-Очир:

-Хууль хүний амьдралд ач тусаа өгдөг байх хэрэгтэй. Гэвч зарим хууль иргэдэд ач тусаа өгөхийн оронд сөргөөр нөлөөлдөг, хохирсныг нь нэмж хохироодог.  Үүний нэг жишээ нь Малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль. Мал хулгайлсан гэмт этгээдүүдэд оногдуулж байгаа ял шийтгэл, зүйлчилж буй асуудал нь амьдралд нийцэхгүй байна гэж малчид ярьдаг. Ярьж байгаа зүйлд нь нийцүүлж,  шинээр хууль санаачилж байгаа. Нөгөө талаас малчид нэгдэж, өөрийнхөө амьдралд тулгарч буй асуудлаа шийдэж болдоггүй энэ хуулиа өөрчилж, шинэчилж найруулъя гэсэн санал санаачилга гаргасан юм. Үүний үндсэнд “Малын хулгайн гэмт хэргээс хамгаалах нийгэмлэг”-ийг малчдад тулгуурлаж байгуулсан. 

Баяндун сумын Аварга малчин Ц.Батболд:

-Манайх Цагаан-Овоо, Сэргэлэн, Баяндун сумдын хилийн залгаа нутгаар нутагладаг. Бид малаа хулгайд алдаад эргэж олох магадлал бараг л байхгүй. Сум орон нутгийн цагдаад хэлнэ, бүртгүүлнэ. Гэсэн ч олдох нь ховор. Хаашаа ордог юм бүү мэд. Малчид бид бүлэг холбоонд нэгдэж ажиллах хүсэлтэй байдаг. Энэ зөвлөгөөний дараа нэгдсэн мэдээлэлтэй, холбоотой сайхан болох байх гэж бодож байгаа.

М.Даваадулам