ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЗАЛУУ МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨНИЙГ АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Б.ГАНЗОРИГ
2019-11-21

Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Гэр бүлийг дэмжих жил”-ийн хүрээнд залуу малчдад мал маллах уламжлалт арга ухаан, шилдэг малчдын туршлагыг өвлүүлэх, залуу малчдын нийгмийн оролцоог идэвхжүүлэх, хувь хүнийг хөгжүүлэх зорилгоор анх удаа зохион байгуулж буй "Баялаг бүтээгч Залуу малчин" малчдын зөвлөгөөнд 14 сумын 300 гаруй залуу малчид оролцож байна.
Зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нээж, хэлсэн үгэндээ: “Аймгийн хэмжээнд мал 5 төрөл дээр өсөж 2.1 сая толгойд хүрсэн, “Масс мессеж” үйлчилгээнд нийт 4243 малчин өрхийн 77.8 хувийг хамруулж 18 удаагийн давтамжтайгаар давхардсан тоогоор 75745 мэдээлэл хүргэсэн. Малжуулах хөтөлбөрт 14 сумын 156 өрхийг 714.3 сая төгрөгийн санхүүжилтээр 14878 толгой малаар малжуулсан. Мөн 2019 оныг “Гэр бүлийг дэмжих” жил болгон залуучууддаа хандаж хөгжил, оролцоог  сайжруулах чиглэлд анхааран залуу гэр бүлийн зөвлөгөөн, цуврал лекц сургалт, аяныг зохион байгуулан 20000 гаруй залуучуудыг хамруулсан” зэрэг мэдээллийг хүргэлээ.
Үргэлжлүүлэн судлаач, доктор Х.Баавгай “Гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэх арга ухаан”, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэшсэн ажилтны үндэсний нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Довдонбалжир “Малчдын хөдөлмөрийн аюулгүй байдал”, АФА академийн захирал Ш.Амартүвшин “Хувь хүний хөгжил”, Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэн “Мал маллах Монгол арга ухаан” зэрэг сэдвүүдээр сургалт мэдээлэл хийлээ.
Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас "Масс мессеж" үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 30 хоног цэнэгээ барих ус, доргионы хамгаалалттай утас, малчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, цаг агаар шинжих уламжлалт аргууд сэдэвт номыг зөвлөгөөнд оролцогчдод гардуулан өглөө.
Зөвлөгөөний үеэр мал  Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Өргөн сумын малчин С.Алтангэрэл,  Улаанбадрах сумын малчин Ц.Түвшинбаатар, Хөвсгөл сумын малчин Т.Батмөнх нарыг ,Аймгийн Засаг даргын “Өргөмжлөл”-өөр Дэлгэрэх сумын малчин О.Батцэнгэл, Айраг сумын малчин Ц.Ганжигүүр, Мандах сумын малчин Н.Энхжаргал, Эрдэнэ сумын малчин Б.Цэнгэлцэцэг, Хатанбулаг сумын малчин А.Батбаатар, Сайхандулаан сумын малчин Д.Отгонбат, Сайншанд сумын малчин Ж.Цогтдэлгэр нарыг тус тус шагнаж урамшууллаа
.