Монголчууд халдварт өвчний улмаас дор бүрнээ хөл хорио тогтоож, сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглээрэй гэсэн төрийн шийдвэрийг хариуцлагатай биелүүлэх гэж хичээлээ. Зарим нэг хэнэггүй, хайнга иргэдийг эс тооцвол сар шинийн өдрүүдэд хөл хөдөлгөөн эрс багасч, тэр дундаа залуус гэрээсээ гарсангүй. Дэлхийн 77 улсад тархсан шинэ төрлийн коронавирусээс ард түмнээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор анхлан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл уриалга гаргаж, Засгийн газар албан ёсоор мэдэгдэл хийж, иргэдийг уриалсан юм. Өөрөөр хэлбэл, социализмын үе шиг хуулиар хааж хориглоогүй ч, гэр бүлдээ цомхон хийхийг санал болгосон бөгөөд бидний цөөхөн монгол ахан дүүс эрүүл байх нь ямар чухал вэ гэдгийг ойлгож, төрийн шийдвэрийн эсрэг зөрүүдэлсэнгүй. Харин ч талархан хүлээж авсан гэхэд болно. Монголчуудын эв нэгдэл, эрхэм зорилго хоёрын ачаар аюултай өвчнийг өнөө хэр улсад оруулаагүй, хүрээллээс гадуур байлгаж чадаж байна, бид.
Цаашид ч хэмнэлээ алдахгүй байвал өөрийгөө төдийгүй улс үндэстнээ аюулт өвчнөөс хамгаалж чадах билээ. Өмнө монголчууд сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхийн сацуу мөнгө, санхүүгийн хувьд асар их зарлага гаргадаг байлаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар нэг айл дунджаар 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг байжээ. Өөрөөр хэлбэл, идээ, шүүс, тавгийн боов, бууз, бэлэг зэрэгт голлон зарцуулдаг байлаа. Ингээд тооцвол, Монгол Улс ойролцоогоор 900 орчим тэрбум төгрөгийн зардлыг зөвхөн сар шинийн баяраар гаргадаг байсан гэсэн үг. Зарим жилүүдэд энэ тоо нь 1.5 их наядаар тоологдож байжээ. Иргэдийн нийт худалдан авалтын 80 орчим хувь нь импортын бараа бүтээгдэхүүн байдаг бөгөөд БНХАУ-ын Эрээн хот, ОХУ-ын Улаан-Үд зэрэг хотууд, мөн БНСУ-аас хямд барааг оруулж ирэн, сар шинийн бэлэг хэмээн солилцдог байв. Зөвхөн 20 хувь нь үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг гэхээр энэ мөнгө дотооддоо биш гадагшаа урсаж байсныг илтгэх биз ээ.
Өөрөөр хэлбэл, жилдээ л 900 орчим тэрбум төгрөгийг үр өгөөжгүй зүйлд зарцуулдаг байсныг судалгаанаас харж болно. Зөвхөн нэг удаа л цагаан сарын баяр тэмдэглэчихвэл маргааш нь амьдрахгүй, ажиллахгүй, идэхгүй юм шиг аашилж, аяглаж, бэлгээр, бэнчингээр, өрсөн боов, тавьсан ууцаараа өрсөлдөж, хэтэрхий чамирхаж байлаа. Хөгшин, залуугүй банк руу гүйлдэж, зээлж авсан мөнгөөрөө уранхай оймс, эрээний хог худалдан авч байгааг жил бүхэн шүүмжилдэг ч өөрчилж чадахгүй байсан. Гэтэл нэгхэн жилийн уриалга, хөл хорио сар шинийн баяр бол нийтээр хөөрцөглөж, хамаг байдгаа үрж дуусгах баяр биш гэдгийг харуулчихлаа. Хүн бүр өмссөн зүүснээрээ уралдаж, идээ, шүүсээрээ гайхуулж, баярлах гэж ах дүү, анд нөхөд, аав ээждээ сэтгэлийн дарамт өгдөг байсныг мэдрүүлэв. Хэзээ хэн гаргасан нь тодорхойгүй золголтын мөнгө, ахмад настанд арай том бэлэгтэй, аав ээж нь заавал ууц тавина гэсэн буруу хазгай чамирхал бидэнд чухал биш болохыг энэ удаа бид өөрсдөө харлаа, үзлээ, мэдэрлээ.
Сар шинийн баярыг өр тавиад ч хамаагүй өргөн дэлгэр тэмдэглэх ёстой гэсэн бичигдээгүй хууль халах, солих, санал гаргасан нэгнээ нийгмээрээ ад шоо үзэж, “Жилд ганцхан баяр, сүртэй юм бэ. Хэдэн буузандаа гороогоод, өгөх бэлгээ харамлаад” гэх мэтээр муулдаг. Тиймээс хэн ч нийтээрээ дагасан жишгийг эсэргүүцэх сонирхолгүй бөгөөд хуучинсаг үзлээсээ дээдэс, доодосгүй салах дургүй байв. Гэтэл дэлхий дахинд тархсан шинэ төрлийн коронавирусийн хөл хол хорионы ачаар аав, ээж, өвөө, эмээ, ах, дүүгийнхээ амар мэндийг цахимаар мэдэж, ширээ дүүрэн өрдөг идээнийхээ жижиглэсэн хувилбарыг бий болгож, гарын бэлгэнд зөвхөн үндэснийхээ мөнгөн тэмдэгтийг бэлдлээ. Цахимаар золгосон учраас аархах, сагсуурах, сагах, бэлгээр, бэнчингээр өрсөлдөх зүйл байсангүй. Айл хэсэж, нэгэндээ хүндрэл чирэгдэл учруулсангүй. Санхүү мөнгөнийхөө хэмнэлтээ хэд дахин хийж чадлаа. Ахмад буурлууд нь тэтгэврийн зээл урд өмнөх жилүүд шиг хэдэн саяар нь авсангүй. Залуус нь цалингийн зээлийн эрэлд хатсангүй. Бүгд өргүй, өвчингүй сар шинээ анх удаа тэмдэглэж өнгөрүүлэв. Жилийн жилд сар шинийн баяраар онцгой байдал, эмнэлэг, цагдаа ачааллаа дийлэхгүй ажилладаг байлаа.
Тэгвэл энэ жил бүх газруудад дуудлага 50 хувиар буурчээ. Дагаад л маш олон зардал, эм, эмнэлгийн төсөв хэмнэлээ. Хүүхдүүд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх нь эрс багасав. “Covid-19” гэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэжигтэй тохиолдлуудыг хянах гэж дор бүрнээ хичээж буй төрийн албан хаагчдад үүнээс илүү дэмжлэг гэж хаана байх вэ. Өмнөх өвчнөө яах вэ гэж байхад нэмээд хүүхдүүд өвдөөд ирвэл тэд хэрхэх билээ. Эмнэлгийн ор, хүрэлцээ хангамж хэцүү болох байв. Зардлаа танаж, хэмнэж чадсан учраас баярын дараа өрх гэр бүрт үүсдэг мөнгөний гачигдал, өр зээлийн тухай яриа ч байсангүй. Тэр ч байтугай сар шинийн баяр тэмдэглээгүй хэмнэсэн мөнгөө төрдөө хандив болгон өгч байна, ахмадууд маань. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндээ сахин хамгаалахын зэрэгцээ Монгол Улсаас гадагшаа жил бүхэн урсаж байсан урсаж байсан 900 орчим тэрбум төгрөгийг дотооддоо, өрх гэртээ, өөрсдийнхөө халаасанд үлдээж чаджээ. Цаашид ч гэсэн сар шинийн баярыг цомхон, хөнгөхөн тэмдэглэж болохыг “Цахим золголт-2020” заагаад өгчихлөө. Цаашлаад, Наурыз, Март, Цэргийн баяруудыг ч тэмдэглэхгүй гэж төрийн шийдвэр гарсан. Дагаад л мөнгөө хэмнэнэ. Баяр учраас ханьдаа, хайртай бүсгүй, залуудаа заавал бэлэг өгөх ёстой, байгууллагын хүүхнүүд, залуусаа баярлуулна гэсэн утга учиргүй хэнээрхэл намжсанаар нэг өрх айл хамгийн багадаа 200-500 мянган төгрөг хэмнэж чадна. Энэ мөнгө эргээд өрхийн эдийн засагт ямар их дэмжлэг болохыг энэ удаа харцгаая. Ирэх жил тушаал шийдвэр, эсвэл өвчнөөр биш дор бүрнээ хэрэгжүүлээд үзье.