Улс төрийн бүхий л сул орон зайд боломжийг хайдаг хүн бол УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар билээ. Тэрбээр анх тэмцэгчийн дүрээр олон нийтэд танил болж, нийгмийн бүхий л асуудалд оролцож “хошуу нэмэрлэж” явдаг байв.
С.Ганбаатар улсын төсвөөс эхлээд “Оюутолгой”-н гэрээ хүртэл тасралтгүй улстөржиж, тэмцэж, “поп”-орсны ачаар улс төрд орох гишгүүрээ бэлдсэн юм. Түүнийх нь шагнал болж, 2012 онд Дархан-Уул аймагт бие дааж нэр дэвшээд, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан удаатай.
Тэрбээр, УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч хэлсэн, ярьсан, амласан шигээ байж чадаагүй. Сонгогч олны итгэл болоод хүндлэлийг даагаагүй гэхэд хэтийдэхгүй биз. Тиймээс 2016 оны сонгуульд ялагдал хүлээж, байсан байрандаа эргэж ирсэн түүхтэй. Түүнээс хойш албан тушаалд хүрэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд МАХН буюу Н.Энхбаярын орон зай руу нэвтэрч эхэлсэн.
ХҮН намыг самарч дуусаад хөдөлсөн нь тэр л дээ. С.Ганбаатарын амбийц, албан тушаалд хүрэх алсарсан мөрөөдлийг биелүүлэхээр МАХН-ынхан 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлж, шандсыг нь сорьсон. Улс төрийн гуравдагч хүчний дэмжлэгийг авсан ч иргэдийн сонголт, дэмжлэгээр дутаж, ялагдал хүлээж байлаа.
Дараа нь Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр улайрсан ч тусыг эс олсон. Өөрөөр хэлбэл, 2016 оноос хойш нэг биш сонгуульд ялагдал хүлээж, өвдөг шороодсон ч зорилгодоо хүрэхийн тулд эзэнгүй албанд хүчээ сорихоос өөрөөр олон нийтийн өмнө гарч ирэхээ больж билээ. Угтаа сонгуульд ялалт байгуулвал мандчихаад, ялагдал хүлээвэл ичээндээ орчихдог.
Түүний нийгмийн идэвх зүтгэл, тэмцэл, тэнэглэлийн аль аль нь дуусгавар болчихсон. Тухайлбал, босоо тэмцлээ орхиж, ичигсэдийн арми руу шилждэг болжээ. Харин саяхнаас гэнэт олны өмнө гарч, МАХН-ын мөрийн хөтөлбөрийг Аудитын газар хүлээлгэн өгч, сонгуульд хүч үзнэ гэдгээ үүгээрээ бараг тунхаглав. Нам дамжиж, эсвэл сонгууль болохоор л эзгүй албан тушаал руу зүтгэдэг энэ хүн тэмцэгч, эсрэгээрээ нөхөөс болжээ.