Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Түүхт ойд зориулсан цэргийн ёслолын жагсаал энэ сарын 24-ний өдөр ОХУ-ын Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдах бөгөөд энэхүү жагсаалд Монгол Улсын Зэвсэгт хүчний хайрцаг жигдрэн жагсахаар ОХУ-ыг энэ сарын 14-ний өдөр зорьсон юм. Энэ жилийн цэргийн жагсаалд Монголын 75 цэргийн албан хаагч оролцоно.
Тэгвэл Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны цахим хуудаст “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгугийн урилгын дагуу Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцохоор Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ОХУ-ын Москва хотод хүрэлцэн ирлээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнээс гурван удаагийн “COVID-19”-ийн шинжилгээ авч, халдваргүй гэдэг нь тогтоогдсон учир ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа сувиллын газарт байрлуулан, цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлд нь орууллаа” гэжээ.
Монгол Улсаа төлөөлөн жагсаалд оролцох цэргийн бүрэлдэхүүн ОХУ-ыг зорихоос өмнө эх орондоо бэлтгэл, сургуулилтыг багагүй хугацаанд гүйцэтгэсэн ба цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ командлан алхана. Тэрбээр 2015 онд ОХУ-д болсон Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жил, БНХАУ-д болсон Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож болон командлан алхсан туршлагатай юм.
Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын жагсаалд 19 орны цэргийн алба хаагчид оролцох бөгөөд монгол цэргүүд энэ сарын 17, 18, 20-ны өдрүүдэд Улаан талбайд нэгдсэн бэлтгэлийг хийнэ.