Тээврйн цагдаагийн албанаас "Яараад яахав дээ-2" аяныг өнөөдрөөс буюу долдугаар сарын 1-ний өдрөөс зохион байгуулах талаар мэдээллээ. Энэ хүрээнд хэд хэдэн шаардлагыг жолооч, зорчигчод тавих аж. Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодруулахад, “Орон нутагт зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаагийн нэг шалтгаан нь тээврийн хэрэгслийн ард сууж яваа зорчигчид хамгаалах бүсээ зүүдэггүй нь эрсдэл дагуулдаг. Өөрөөр хэлбэл, осол гарах үед автомашины арын суудалд бүсгүй сууж яваа хүн цонхоор шидэгдэж амиа алдах тохиолдол бий. Тиймээс бид энэ жил орон нутгийн замд явж байгаа тээврийн хэрэгсэл болгоныг зогсоож шалгахаас гадна арын суудалд сууж яваа зорчигчдыг суудлын бүс зүүхийг шаардана" гэлээ.
Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зааснаар, тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хүнийг хорин нэгжтэй /20,000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэжээ.