Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Монголчууд бидний нэрлэж заншсанаар бол Эх, үрсийн баярын өдөр. Хүн бүхэн тэгш амьдрах ёстой энэ нийгэмд таны хүүхэд ядахдаа эрхийнхээ энэ өдөр тэгш боломжийг эдэлж байна уу.
Томчууд бидэн шиг кино театрт ороод ойлгох хэмжээнд орчуулгатай кино үздэг билүү. Музейн тайлбарыг таны хүүхэд ойлгоод гарч байсан удаа бий юу. Ресторан зоогийн газарт ээж, аавынхаа дэмжлэггүйгээр гараа угааж, нойлд орж чаддаг уу. Тэрэлжид амрахдаа уйдахгүйгээр зугаагаа гаргаад ирж чаддаг уу. Хүүхдийн тоглоомын талбайтай хэдэн амралтын газрыг мэдэх вэ. Таван одтой ресторанд таны хүүхэд шарсан төмс, шарсан тахиа, хулуу, броклины зутангаас өөр хоол идэж үзсэн болов уу. Зуны зугаатай аялалд явахдаа та хүүхдээ зориулалтын суудал дээр тээвэрлэж очоод зориулалтын бие засах газартай амралтад амрааж үзсэн үү. Ядахдаа л хүүхдийн баярынхаа өдөр таны хүүхэд очерлохгүй, уйдахгүйгээр үзэх зүйлтэй байж чадсан уу гэсэн асуултыг өөрөөсөө асуугаад үз. Энэ бүх асуултын ихэнх хэсэгт нь бид “үгүй” гэсэн хариулт өгнө. Эрхээ эдэлж чадаж байна гэж бодож яваа хүүхдүүд өнөөгийн нийгэмд алхам тутамдаа эрхээ зөрчүүлж байгаа гэдгийг энэ хэдхэн асуулт танд ойлгуулах биз ээ.
Аялал жуулчлалыг чинээнд нь тултал хөгжүүлж, жилдээ 400 сая жуулчин хүлээж авах зорилго тавьсан Монгол Улс хүүхэд аялж, амрах орчныг өнгөрсөн хугацаанд огтхон ч бүрдүүлээгүй гэдгийг та эдгээр асуултад “үгүй” гэж хариулж суухдаа ойлгосон байх аа. Бид хүүхэд хүчирхийлэлгүй нийгэмд амьдрах ёстой, сурч боловсрох ёстой, эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд хангалттай ярьсан атлаа хамгийн чухал эрх буюу соён гэгээрэх, хөгжих эрхийг нь таг мартчихжээ. Монголынхоо эх түүх, байгаль орчин, өв соёлтой танилцахдаа томчуудтай адил хэмжээнд мэдлэг мэдээлэл авах, үйлчилгээ авах эрхээ хүүхдүүд зөрчүүлж ирсэн. Гэвч тэд юу ч хэлдэггүй. Арга ч үгүй биз. Нэгэн улстөрчийн хэлсэнчлэн хүүхэд санал өгдөггүй учраас бодлого тодорхойлогчид нь социализмын нийгмээс хойш хүүхдийнхээ хөгжих эрхийн төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй юм. Хүүхэд танин мэдэх, соён гэгээрэх эрхийг тэр чигт нь мартаж “Хүүхэлдэйн театр”-аа гэхэд л ДБЭТ-ын халаасанд хэчнээн жил явуулав, бид. Тэр ч байтугай Цэдэнбал Филатова Анастасиягийн барьж өгсөн хүүхдийн тодотголтой хэдэн барилгуудаа ч тордоод явж чадсангүй шинэ зуунтай золгожээ.
Хүүхдийн музей төрийн бодлогын хаана гээгдэв
Тэгвэл улстөрчдөд санал өгдөггүй учраас үргэлж бодлогын гадна үлдсэн хүүхдийн хөгжих эрхийг БОАЖЯ-ны дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн төв болон тус төвийн дэргэдэх “Үзэгтэй аялал” аялал жуулчлалын сэтгүүлчдийн холбоо анх удаа хөндөж, өнгөрөгч баасан гарагт салбар, салбарын төлөөллийг оролцуулан “Хүүхдэд ээлтэй аялал жуулчлал” сэдвээр хаалттай хэлэлцүүлэг зохион байгуулав. Хаалттай хаалганы цаана өнгөрсөн 30 жилд бид юун дээр алдсан, ирээдүйн 30 жилд ямар бодлого, стандартыг мөрдүүлснээр хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг бий болгох вэ гэдгээ ний нуугүй ярилцлаа. Төрийн алдаа хаана гарсан, хүүхдийн эрхийн төлөө байгууллагууд нь яагаад дуугараагүй, бодлогыг хэрэгжүүлэгч буюу аялал жуулчлалын салбар яагаад орхигдуулж ирснээ ярилцлаа.
Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ энэ талаар хэлэхдээ “Эхлэл бол маш том алхам юм. Монгол Улсад өмнө нь хөндөж байгаагүй сэдвийг хөндөж, сэтгүүлчид та бүхэнтэй асуудлаа ний нуугүй ярилцаж байгаа нь маш том алхам юм. Манайд хөгжөөгүй ч аялал жуулчлал хөгжсөн дэлхийн бүх улс орон энэ сэдвийг маш өргөн хүрээнд ярьдаг болсон.
Хүүхдийн стандартад тохирсон нойлын өрөө, тоглоомын төв, үзвэр үйлчилгээ, тэр ч байтугай Хүүхдийн музейн асуудлыг хүртэл анхаарч эхэллээ. Бид ч ярьж эхэлсэн нь сайн хэрэг. Цаашдаа энэ чиглэлд манай салбарынхан анхаарна. Хүүхдийн музейтэй болох, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ресторан, зочид буудал, амралтын газарт хүүхдэд тохирсон үйлчилгээ бий болгох нэгдсэн стандарт тавих гэх мэтээр олон ажил хийнэ” гэлээ. Сая гаруй хүүхэдтэй Монгол Улсад өнөөдрийг хүртэл Хүүхдийн музей, ядахдаа л аквариум, амьтны томоохон хүрээлэн ч алга байна. Учир нь хүүхэд сонгуульд санал өгдөггүй учраас тэр.
Төрийн бодлогоос гадна эцэг эхчүүд хяналтаа нэмэгдүүлье
Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дэргэдэх Мэргэжлийн зөвлөлийн гишүүн Д.Гансүх, Г.Алтайхүү нар дэлхийн улс орнууд хэрхэн хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг бий болгохыг зорьж буй талаар гадны улс орны туршлагыг энэ үеэр танилцуулав. Хүүхдэд ээлтэй аялал жуулчлалыг бий болгох талаар НҮБ, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагууд олон төрлийн судалгаа хийж буй бөгөөд нэн тэргүүнд аялал жуулчлалын салбарт хяналтгүй байгаа хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, аялал жуулчлал нэрийн дор явагдаж буй хүүхдийн наймаа, хууль бус асуудлыг нэн тэргүүнд хөнджээ.
Түүнчлэн, гадны улс орнууд зөвхөн хүүхдэд үйлчилдэг тусгайлсан зочид буудал, амралтын газар олноор үйл ажиллагаа явуулдаг байхад манай улс “Найрамдал” зуслангаас өөр хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг газар ховор байгааг хэлж байлаа.
Тэр ч байтугай стандартад нийцсэн бие засах газар, хоол хүнсний асуудал огт хөндөгдөж байгаагүй учраас сэтгүүлчид энэ сэдвийг хөндөж буйд олзуурхаж буйгаа Мэргэжлийн зөвлөлийн гишүүд хэлж байсан юм. Аялал бол аз жаргал байх учиртай. Гэвч урин дулаан цаг ирэхэд эцэг, эхчүүд бид хүүхдээ ямар ч хяналтгүй, хамгаалалтгүй аялалаар авч явдаг цалгар назгай байдлаас үүдэн олон хүүхэд зуны улиралд амиа алдаж буй хүнд сэдэв ч хаалттай хаалганы цаана яригдав. Хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулж буй олон байгууллага хүүхдээ аюулгүй тээвэрлэхийг, хүүхдэд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг уриалж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч төрийн бодлого байдаггүй учраас нүхэн жорлонд, голын усанд хүүхэд олноор эндэж, зуны улиралд нарших, хоолны хордлого авах, гэмтэж бэртэж улмаар амиа алдсан хүүхдийн тоо нэмэгддэг гэдгийг ХЭҮК болон Олон улсын хүүхдийн байгууллагын төлөөлөл хөндлөө. Сэтгүүлчид ч энэ үеэр аялал жуулчлалын салбарт стандарт мөрдүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн байгууллагын тоог нэмэгдүүлэх, хүүхдийн хоолны нэр төрлийг нэмэгдүүлэх, орон нутагт байгаа аяллын байгууллагуудын хоол, хүнсний бүтээгдэхүүний хугацаа, аюулгүй байдалд анхаарах, мөн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх асуудлыг хөндлөө. Хамгийн чухал нь төр энэ чиглэлээр тодорхой бодлого гаргахаас гадна хүүхдээ аюулгүй, аз жаргалтай аялуулах нь эцэг, эхчүүдийн ухамсрын асуудал ч яригдах нь зүйн хэрэгюм.
Зориулалтын суудалд тээвэрлэж очоод зориулалтын бие засах газартай, таны хүүхдэдтохирсон хоол хүнсээр үйлчилдэг байхыг яагаад шаардаж болохгүй гэж. Алхам тутамдаа хүүхдийнхээ амар тайван, ая тухтай амрах орчныг бүрдүүлэх бус эсрэгээрээ өөрсдийгөө л баярлуулах аялалд хүүхдээ дагуулж явдгаас болж эрсдэлтэй орчинд таны хүүхэд бэртэж гэмтэж, усанд эндэж, наршиж, хордсоор байна. Цаашдаа ийм байдлаар явсаар л байх уу. Стандартгүй, ээлгүй аялалд явж үр хүүхдээ гэмтээж, хагацал үзсээр байх уу. Ядахдаа л таны хүүхэд ямар түүхтэй, ямар өв соёлтой, ямар орчин ахуйтай газарт очоод ирсэн талаараа бүрэн мэдээлэлгүй буцаж байвал үүнийг аялал гэж хэлэхгүй билээ. Бидний хэн нь ч үр хүүхдээ аз жаргалтай, аюулгүй амраахыг хүсдэг.
Тийм учраас яг өнөөдөр та хүүхдэд ээлтэй аялалыг өөрийнхөө гэрээс, машинаас эхлүүлээд үз. Очих газрынхаа бүх мэдээллийг нягталж, гарах эрсдэл бүрийг тооц. Аяллын турш хүүхдийнхээ аюулгүй байдлыг тооцож, зориулалтын суудал машиндаа заавал аваарай. Очих газрынхаа түүх, өв соёлын талаар өөрийгөө мэдлэгжүүлж, үр хүүхдэдээ үлдэх дурсамжийг зөвөөр бүтээгээд үз. Эндээс л хүүхдэд ээлтэй аялал жуулчлал эхэлнэ. Та хичээгээд үз, төр ч бас давхар хичээнэ. Хүүхэд сонгуульд санал өгдөггүй ч таны хүүхэд таны юугаар ч орлуулахгүй үнэт эрдэнэ учраас хүүхдэдээ хөрөнгө оруулалт хийх нь таны ухамсрын асуудал юм шүү.