ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Болдсайхан: Хүүхдийн төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэн Засгийн газарт талархаж байна

O.Admin
2021-06-07

Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, тэр тусмаа 17 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл ихэссэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Мөн найман настай хүүхэд тус вирусын улмаас нас барсан тохиолдол Монгол Улсад бүртгэгдээд байгаа юм. Тиймээс хүүхдүүдийг хэрхэн вакцинжуулах вэ гэдэгт ДЭМБ анхаарч, судалгаа шинжилгээг эхлүүлээд байна. Монгол Улс судалгааны хариу гарсан даруйд хүүхдүүдээ вакцинжуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа юм. Тэгвэл Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор гавьяат эмч Б.Болдсайхан хүүхдүүдэд вакцин яагаад тарих ёстой талаар мэдээлэл өгчээ.

Тэрбээр вакцины тухай ярихдаа “Шинжлэх ухаан гэдэг бол шашин шиг зүйл биш. Маш олон судалгааны төвүүд, мөн олон хүн дээр туршсан үр дүнгээ л ярьж байгаа шүү дээ. Тэр тусмаа ковид бол дэлхий дээр анхных. Бид, би дэлхий дээр анх удаа амьдарч байна, тийм учраас алдах эрхтэй гэж ярьдаг. Монголчууд ч алдаж байгаа. Сүхбаатарын талбай дээр хэдэн мянгаараа үнсэлцээд л байж байна. Засгийн газар ч, Америк гээд бүх улсууд алдаж байгаа. Америк жилийн өмнө аймшигтай байсан. Хүнээ тавих газаргүй, массаар нь оршуулаад л. Яг дэлхийн хоёрдугаар дайн шиг. Гэхдээ хамгийн бага алдах ёстой. Яагаад гэвэл энэний цаана хүний амь байгаа. Хүний өвчин зовлон гэдэг гэр бүлээрээ уй гашуу эмгэнэл байдаг учраас л бага алдах ёстой. Бусад улстай харьцуулж, тэдний алдаанаас л сурах ёстой. Вакцин тариулаад л маргааш нь ид шидтэй болоод, гадуураа хуяг өмсчихсөн юм шиг болно гэсэн үг биш. Хоёрдугаарт огт өвдөхгүй гэсэн үг биш. Вакцин тарьсан ч тариулаагүй ч бүх хүн халдвар авна. Тэрнээс вирус бие рүү нь ороод өвдөж эхлэх, огт өвдөхгүй байх гээд нэг тодорхой ойлголт байгаа. Дэлхий даяар 1, 2 дугаар вакцинаа хийлгэсэн хүмүүсийн 4-5 хувь нь өвчилж байгаа.

Монголд бол харьцангуй бага. Азаар Монголын Засгийн газар маш сайн ажилласан. Би иргэн хүнийхээ хувьд, эмчийнхээ хувьд Монголын Засгийн газарт, Ерөнхий сайдад, Гадаад харилцааны сайд, Сангийн сайд, Онцгой комиссынхонд бүгдэд нь талархмаар байна.

Монгол Улс эдийн засаг, эрүүл мэндийн системийн хувьд тийм ч баян тарган, хүчтэй чадалтай улс биш. Гэтэл дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс Хятадууд хэдэн арван мянгаараа гудамжинд хэвтээд, яаж үхэж сүйрч байлаа. Хятад байтугай Америк, Солонгос, Итали, Франц, Европийн хамгийн хүчтэй том улсууд, Герман хүртэл уйлж байсан. Бүх эмнэлгүүд нь дүүрсэн, хүнээ авч чадахгүй хүнд нөхцөлд байсан. Манай Засгийн газар, Онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн салбар, яам сайн ажиллаад, мөн хүмүүс нь өндөр боловсрол, ухамсартай учраас 99 хувь хүртэл нэгдүгээр тунгаа, 63 хувь хүртэл хоёрдугаар тунгаа хийлгээгүй байсан бол өнөөдрийн хувьд тархвар судлаачид, математикийн прогнозоор бол доод тал нь өдөртөө 10-20 мянган хүн өвдөөд, 1000-аас дээш үхэлтэй байх байлаа.

Бүх эмнэлэг дүүрээд яг жилийн өмнөх Итали, Франц, Герман, Америк шиг зөвхөн үхэх гэж байгаа хүндээ аппарат залгаад улс даяараа эмгэнэлтэй хүнд байдалд байхаар байсан. Өнөөдрийн мэдээгээр 1300 гэсэн. Хоёр сая хүнээс 1300 гэдэг бол маш бага хэмжээ. 0.3 хувь гэдэг бол байх ёстой л хэмжээ. Хоёрдугаар тунгаа хийлгэсэн хүмүүс бол бүр бага байгаа. Вакцинаа хийлгэсэн хүмүүсийн өвдөлт нь хүндэрч өвдөх нь харьцангуй бага. Үхэлд хүргэхгүй. Гэхдээ хоёр сая хүн дотор таргалалттай, сахартай, зүрхний өвчтэй, уушгины архаг өвчтэй, хавдартай, дархлаа дарангуйлах эмтэй гээд суурь өвчтэй хүмүүс байгаа.

Энэ хүмүүс вакцин хийлгэсэн ч гэсэн бие сул, дархлаа нь муу учраас амархан өвдөх, хүндрэх магадлалтайч үхэх магадлал бага. Гэхдээ иргэд, Засгийн газар, Эрүүл мэндийн салбарынхан, манай эмч сувилагч нар бүгд сайн ажилласны үр дүнд вакцинаа сайн хийсэн. Тийм ч эмгэнэлтэй байдалд ороогүй байна. Гэхдээ хүний сэтгэл ханадаггүй, дандаа илүүг хүсдэг. Нэг ч хүн өвдөхгүй, нэг ч хүн үхэхгүй байгаасай л гэж хүснэ. Амьдралд харамсалтай нь тийм зүйл байдаггүй. Хоёр сая хүнд вакцин хийлээ ч гэсэн тодорхой хэсэг нь өвдөнө, хүндэрнэ, тэр байтугай нас баралт гарна. Вакцин хийлгээгүй хүмүүс бүр илүү эрсдэлтэй байгаа.

Тэгэхээр нэгдүгээр тунгаа хийлгээгүй хүмүүс хийлгээрэй, хоёрдугаар тунгаа хийлгэж амжаагүй бол хийлгээрэй гэж хэлье. Зургадугаар сарын 10 гэхэд нийслэлд хоёрдугаар тунгаа дуусгана гэж байгаа. Тэглээ гээд өвдөлт бүр алга болохгүй. Тэр байтугай энэ зун, энэ намар ч алга болохгүй. Тав арваар өвддөг, магадгүй долоо хоногт хоёр нас барсаар л байх болно. Ямар нэгэн ид шидийг хүлээх хэрэггүй. Хоёр дахь хэсэг нь хүүхдээр дамжиж байгаа.

Сүүлийн үеийн Эрүүл мэндийн яамны мэдээг та бүхэн үзсэн бол халдвар авч байгаа хүний 50-60 хувь нь хүүхдээр дамжиж байгаа. Вакцин хийгээгүй учраас хүүхдээр дамжиж байгаа гэсэн үг. Сүүлийн үед суурь өвчтэй хүүхдүүд их байдаг болсон. Тэд их өвдөж байгаа. Монголд ч биш, дэлхий даяар өвдөж байгаа. Би Засгийн газрыг магтдагийн учир гэвэл, энэ намар хичээл орно. Тэрнээс өмнө бүх хүүхдүүдээ вакцинжуулъя гээд дэлхийн хамгийн үнэтэй, хүндрэл бага байгаа вакцины нэг “Prizer”-ийн 2.5 сая тунг гэрээ хийгээд эхнээсээ оруулж ирж байна. 1.3 сая хүүхдүүдээ өвтгөхгүй, үхүүлэхгүй байя гэвэл вакцин хийхээс өөр аргагүй. Хамгийн түрүүнд би 15 настай хүүхдээ аваачиж “Prizer” хийлгэнэ. Яагаад гэвэл хүүхдээ битгий өвдөөсэй, битгий хүндрээсэй, битгий үхээсэй гэж хүсэж байгаа учраас хамгийн түрүүнд очиж хийлгэнэ. Хар ухаанаар бодоход муухай байхгүй юу.

Хоёр сая насанд хүрэгсэд нь өөрсдөө амиа бодоод вакцин хийлгэчихсэн. Тэгээд тоглоомын талбай дээр тоглож байгаа хүүхдүүдийг яагаад вакцин хийж, хамгаалдаггүй юм. Эхнээсээ өвдөөд, үхээд байна шүү дээ. Хүүхдийн төлөө хамгийн үнэтэй вакцин оруулж ирсэн, Засгийн газарт талархмаар байна. 100 жилийн наадмаараа  эрүүл саруул, цэнгэл наадамтай байя л гэвэл бүгдээрээ вакцинаа хийлгээд, хувийн хамгаалалтаа хийгээд хариуцлагатай байх ёстой. Хичнээн баяр болоод, хичнээн шагнал авлаа ч гэсэн үнсэлцэхгүй, ойртохгүй. Гашуудал болсон ч ингэхгүй байхыг л хичээх хэрэгтэй. Яагаад гэвэл вирус бол ойлгохгүй шүү дээ. Одоо аюултай хэрнээ, одон авахаар гайгүй болно, оршуулга юм уу, овооны тахилга болохоор вирус байхгүй болно гэсэн үг биш. Зугаалж явахдаа ч өөрийгөө хамгаалж яваарай л гэж хүсмээр байна” хэмээлээ. 

А.Золзаяа