ЭЕШ-д 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс коронавируст халдвараар өвчилсний улмаас шалгалтад ороогүй 170 шалгуулагч байгаа аж. Тодруулбал, нийслэлд 94, орон нутагт 76 шалгуулагч байгааг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Тэгвэл эдгээр шалгуулагчаас ирэх есдүгээр сарын 02-05-ны хооронд ЭЕШ авахаар зохицуулалт хийжээ. Учир нь Их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 13-ны өдрөөс эхлэх учраас шалгалтын дүнг засаж, хүссэн сургуулийн хуваариа авах боломжтой хэмээн үзсэн байна.
БШУЯ-наас ЭЕШ-ын үндэсний босго оноог тогтоож өгсөн. Тухайлбал,
-Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид 480
-Төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410
-Орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар зохицуулсан. Ингэснээр сургуулиуд дур мэдэн босго оноог бууруулах боломжгүй гэсэн үг. Үндэсний босго оноог хоёроос багагүй хичээлээр тооцно гэлээ. Энэ жилийн тухайд нийт 40420 бүртгүүлэгч бүртгүүлснээс 36782 шалгуулагч шалгалт өгч, өнөөдөр батламжаа авч байгаа аж.
ЭЕШ нь ковид болон дархлаажуулалтын үетэй давхацсан учраас шалгалтад орсон хүүхдүүд сэтгэлзүйн хувьд стресстсэн, ачаалалтай байсан аж. Тиймээс БШУЯ улс орон даяар сэтгэлзүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулж, нийт 10 мянга гаруй оюутнууд сэтгэлзүйн зөвлөгөө авсан байна.
Мөн ЭЕШ-тай холбоотой материал нь түрүүлж задарсан, алдаатай материалууд байсан гэх мэдээллүүд худлаа гэдгийг яамнаас албан ёсоор мэдэгдлээ. Хувийн их дээд сургуулиуд яамны тогтоосон босго оноог дураараа буулгаснаас болж, улсын хэмжээнд 7200 хүүхэд баталгаажуулж чадаагүй байна. Босго оноогоо дутуу харчихсан учир дипломоо авч чадахгүй байх эрсдэл үүссэн учраас хувийн сургуулиуд босго оноог дураараа засахыг хатуу хориглож, олон мянган хүүхдүүдийг хохироосон их дээд сургуулийн захирлуудад хариуцлага тооцно хэмээлээ.
Т.Бямбажаргал