Эрүүл мэндийн яам өнөөдөр коронавирусийн тархалтын цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллээ хийлээ. Энэхүү хурлаар коронавирусийн дельта хувилбар огцом нэмэгдэж эхэлснийг дуулгалаа. Тодруулбал, тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэлэхдээ “Сүүлийн 3-4 өдрийг харахад халдварын тохиолдол Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт эрс нэмэгдлээ. Дахин шинэ давалгаа эхэллээ. Хүн бүхэн өөрсдөө хичээж халдвар хамгааллын дэглэмээ барих шаардлага үүсэж байна” хэмээлээ.
Сүүлийн долоо хоногт халдварын нөхцөл байдал хэрхэн нэмэгдсэн талаар ХӨСҮТ-ийн Дэд дарга Ж.Байгальмаа танилцуулсан юм. Тэрбээр, “Зургадугаар сарын огцом давалгаа долдугаар сард буурсан ч найман сараас эхлээд огцом нэмэгдэж эхэлснийг та бүхэн харж байна. Наймдугаар сарын эхэнд эхэлсэн халдварын өсөлт наймдугаар сарын сүүл гэхэд буураагүй, харин ч тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа.
Хөдөө орон нутагт зургадугаар сарын ид өсөлтийн үед гайгүй байсан ч эсрэгээрээ наймдугаар сарын дундаас эхлээд тогтмол өслөө. Өөрөөр хэлбэл, шинжилгээнд илрэх хувь 30-аас дээш боллоо. Сүүлийн өдрүүдэд нийт илэрч буй тохиолдлын 72.5 хувь нь орон нутагт, үлдсэн 27.5 хувь нь нийслэлд бүртгэгдэж байна. Тэр тусмаа Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Дархан-Уул аймгуудад сүүлийн 14 хоногт халдварын тохиолдол эрс нэмэгдлээ.
10 мянган хүн амд 100-аас дээш өвчлөл бүртгэгдсэн гэсэн үг” хэмээлээ. Мөн ЭМЯ болон ХӨСҮТ-ийн зүгээс 2021 он гарснаас хойш 950 гаруй сорьцод хувилбар илрүүлэх ПГУ шинжилгээ хийж үзэхэд 24.8 хувьд нь дельта хувилбар илэрсэн аж. Харин наймдугаар сард 489 сорьцод хувилбар илрүүлэх шинжилгээ хийхэд 37.4 хувьд нь дельта илэрсэн учраас д ельта хувилбарын тархалт огцом нэмэгдсэн гэдгийг сануулав.
Мөн МУИС-ийн эрдэмтдийн тооцоолж буйгаар вакцины хувь энэ хэвээр байвал есдүгээр сарын 20-ны үеэр дельта хувилбарын оргил үе ажиглагдана гэсэн тооцоо гаргасан аж. Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо ч өдөрт хамгийн ихдээ 2500 орчим бүртгэгдэх учраас иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахиж, болж өгвөл гэрээс гарахгүй байх, бага насны хүүхдээ дагуулж явахгүй байхыг сануулав.