Нийслэл хотод рашааны болон бамбай хоншоорт могой энэ жил олноор орж ирснээс үүдэн зуны туршид 10 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр дуудлагын ихэнх нь бамбай хоншоорт буюу хортой могой байсан аж. Тэгвэл өнгөрөгч долдугаар сард Их Монголын гүүрний дор усанд сэлж байсан иргэн бамбай хоншоорт могойд хатгуулж, дөрөв хоногийн дараа амиа алдсан хэрэг гарсан бол дахин нэг иргэн могойд хатгуулж амиа алджээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн Зүүннаранд амьдардаг иргэн наймдугаар сарын 21-ний өдөр могойд хатгуулж, улмаар 10 хоногийн дараа буюу өчигдөр нас барсан байна. Тухайн иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж байсан ч хор бүх биеэр нь тархаж, амь насыг нь аварч чадаагүй аж.
Бамбай хоншоорт могой нь Улаанбаатар хотод үерийн усаар, тээврийн хэрэгслээр дамжин мөн идэш тэжээл хайж орж ирэх тохиолдол их байгаа. Иргэд могойд хатгуулсан нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Гэвч могойд хатгуулсан даруйд хүнд мэдрэгдэх зүйл байдаггүй аж. Учир нь төдийлөн өвдөлт мэдрэгддэггүй гэлээ.
Мөн могой харсан тохиолдолд нэн даруй Нийслэлийн Байгаль орчны газарт /НБОГ/ дуудлага /11-318003, 11-323780/ өгч мэргэжлийн хүмүүс очих хүртэл могойг ажиглаж байх шаардлагатай. Ингэхдээ могойг уурлуулахгүй, хатгуулахаас сэргийлэн ямар нэг байдлаар могойг аль болох хол явуулахгүй харж байх нь чухал юм.
Ерөнхий шинж:
- Биеийн урт 70 орчим см
- Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
- Хүүхэн хараа нь босоо.
- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.