Монгол Улсад Барилгын инженер, Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэлсэн тэртээ 1959 оноос Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг 1969 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд Барилга, Эрчим хүч, Геологи-уул уурхай, Механик-инженер, Инженер-эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулж байлаа. 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ПДС-ийг бие даасан дээд сургууль, 1990 онд Монгол Улсын Техникийн Их Сургууль, 2001 онд Монгол Улсын Шинжлэх, Ухаан Технологийн Их Сургууль болгон өөрчлөн зохион байгуулж байлаа.
Тэгвэл тус сургуулийн хамгийн чухал факультетийн нэг болох Технологийн Их сургуулийн Инженер-эдийн засгийн факультет (ИЭЗФ)-ийн “Үйлдвэр, барилга, тээвэр, холбоо”, "Эдийн засаг-зохион байгуулалт"-ын тэнхимийн багш нараас Монгол Улсын 11 гавьяат цолтон, 40 гаруй эрдэмтэн төрөн гарсныг энэ өдөр эргэн дурсахад сайхан байна.
Тухайлбал, Шинжлэх ухааны гавьяат хоёр буюу Л.Гүржав, Т.Дорж, Гавьяат багш найм буюу Н.Цэнд, Н.Цэрэндорж, Б.Цэрэндорж, Я.Шуурав, Д.Бадарч, А.Эрдэнэбаатар, О.Насанбат, Х.Пүрэвдагва, Гавьяат эдийн засагч нэг буюу Г.Батхүрэл нараараа манай тэнхим үргэлж бахархаж явдаг билээ. Түүнчлэн, тус тэнхимээс Шинжлэх ухааны докторын зэрэгтэй дөрөв, академич нэг төржээ.
Тэнхимийн багш нараас Х.Пүрэвдагва, Ж.Батсуурь нар Монгол Улсын парламентын гишүүн, Д.Бадарч, А.Эрдэнбаатар нар ШУТИС-ийн ректор, О.Насанбат Удирдлагын академийн дэд захирлын албыг хашиж байжээ.
Инженер-эдийн засгийн факультетийн н.Гончиг, н.Цэдэндагва, н.Эрдэнэсүрэн, С.Ламбаа, М.Зоригт зэрэг цөөнгүй төгсөгчид УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байлаа.
Үйлдвэр, барилга, тээвэр холбооны удирдлага зохион байгуулалтаар мэргэшсэн эдийн засагч-инженер бэлтгэж, үндэсний менежментийн “шавь сургалт”-ыг бий болгосон гавьяа энэхүү эрдмийн тэнхимд байгаа юм. Нийт төгсөгчид та бүхэндээ халуун талархал дэвшүүлье.
ТӨГСӨГЧДИЙН “ИЭЗФ” холбоо