ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Сумъяабазар: “Эрчис ойл” компанид хувийн оролцоо байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-09-25

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хотын даргын хамаарал бүхий  “Эрчис ойл” компани 100 тэрбум төгрөгийн шатахууны эрсдэлийн сан байгуулсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Шатахуунтай холбоотой асуудал сүүлийн үед иргэдийг маш ихээр бухимдуулж байгаа. АИ-92 бензиний хэрэглэгчийн 70 хувь нь нийслэлд бий. Шатахууны томоохон зах зээл нь Улаанбаатар хот гэсэн үг. Нөөцийн асуудлыг ийм хэмжээнд хүргэнэ гэдэг бол дордсоны шинж гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүний хувьд харж байгаа. “Эрчис ойл” компанитай холбоотой асуудлыг зарим сэтгүүлч өөрсдийн өнцгөөс мэдээлэн, нийгэмд худал ташаа ойлголт түгээж байна. Тухайн компанийн дотоод зохион байгуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй мөртлөө буруу зөрүү мэдээлэл өгч, хүнийг гутаан доромжилж байгаад маш их харамсаж байгаа. ]

“Эрчис ойл” компанийг байгуулснаар өнгөрсөн хугацаанд шатахууны үнийг тогтворжуулах бодлого гаргасан. Үүний үр дүнд тухайн үед намайг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхад шатахууны үнийг тогтвортой түвшинд барьсан. Ингэснээр 52 тэрбум төгрөгийг ард түмнийхээ халаасанд үлдээж чадсан юм. Үнэ тогтвортой байсан, цаашдаа ч тогтвортой байх бололцоотой байлаа. Харамсалтай нь тухайн үед байсан төрийн бодлого, үйл ажиллагааг үргэлжлүүлж чадаагүйн улмаас үнийн асуудал дээр цэвэр бодлогын алдаа гарсан гэж харж байна.

Үүнээс үүдэн хангамжийн асуудал дээр ч цэвэр бодлогын алдаа гарлаа. Үнийн хамгаалалт дээр хийсэн гэрээг үргэлжлүүлсэн бол өнөөдөр АИ-92 бензин 1600 төгрөгөөс дээш өсөхгүй байсан юм. 1550-1600 төгрөгийн хооронд үнийг барих боломжтой байлаа. Үүнтэй уялдаад шатахууны хангамжийн асуудлыг тогтвортой барих бүрэн бололцоотой байв. Зөв зүйлүүд дээр нь төрийн залгамж халааг үргэлжлүүлэх ёстой гэдэг нь үүнээс харагдаж байна. Шатахууны нөөц бол байгаа. Тодруулбал, 17 мянган тонн буюу хагас сарын хугацаатай шатахууны нөөц хангалттай бий. Шатахууны салбарт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуй нэгжүүд хэт болгоомжлон, бензин хилээр орж ирэхгүй байх магадлалтай гэж урьдчилан сэргийлсний улмаас ийм асуудал үүссэн гэж харж байгаа. “Эрчис ойл” компанид хувийн оролцоо нэг ч байхгүй гэдгийг хатуу хэлмээр байна.

Тус компани бол газрын тосны үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулах чиг үүрэг бүхий газрын тосны үйлдвэр дор худалдааны эрхтэйгээр байгуулсан охин компани. Олон улсад газрын тосны үйлдвэрийн гаргасан бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд худалдаалах эрхтэй охин компаниуд байдаг. Үүний нэг жишээ нь "Роснефть". Энэ бол ирээдүйг харсан зөв алхам байсан гэдгийг өөрийн зүгээс баттай хэлмээр байна. Үүнд ямар нэг хувийн сонирхол байхгүй. Хувийн сонирхлоор орох, оруулах ямар ч боломж байдаггүй гэдгийг хэлье.

-Нийслэлийн энэ оны төсвийн гүйцэтгэл ямар түвшинд байна вэ?

-2021 оны нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад тааруу байна. “Ковид 19”-тэй холбоотойгоор аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээж, хаасны улмаас тогтвортой үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл гарсан. Нийслэлийн гол суурь орлого буюу нийт төсвийн 60.5 хувийг хүн амын орлогын татвар бүрдүүлдэг. Мэдээж аж ахуй нэгж байгууллагуудаас уг орлого бүрдэнэ. Одоогоор нийслэлийн төсвийн орлогыг төрийн албан хаагчийн цалингийн суутгал л бүрдүүлж байна гэхэд буруудахгүй. Тэгэхээр цар тахлын нөхцөл байдлаас үүдэн нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх боломж хумигдсан гэсэн үг. Иймд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, үе шаттайгаар нээн, уян хатан зохицуулалтыг хийх хэрэгтэй байна.

-Боловсролын салбарт баримталж буй бодлогын талаар тодруулахгүй юу. Төсөв санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэх бол?

-Боловсрол, шинжлэх ухааны сайдтай Нийслэлийн Боловсролын газар хамтраад тус салбарт хийх гэж буй шинэчлэлттэй холбоотой асуудалд нэгдсэн нэг ойлголттой болохоор ажиллаж байна. Уг хоёр байгууллага удирдлага, зохион байгуулалтынхаа хувьд бодлого, чиглэлдээ хамтрах, илүү нягт ажиллах ёстой.  Монгол Улсын боловсролын салбарын 50 хувь нь Улаанбаатар хоттой хамаарал бүхий үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын бодлогоос зөрсөн бодлого байх ёсгүй. Бодлого, үйл ажиллагааны хэмжээнд нэгдсэн нэг байр суурьтай ажиллах ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа.