ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Энхболд: Эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хууль болсон

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-10-27

 

Хаврын чуулганаар батлагдсан нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн талаар Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболдтой ярилцлаа.


-Нийслэл гэж том айлын бие даасан хууль батлагдлаа. Та энэ хуулийн төслийг ерөнхийд нь хэрхэн дүгнэж байна?

-Энэ хуульд хэд хэдэн дэвшилттэй өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал, нягтаршил ихтэй газар, сургууль, цэцэрлэг эмнэлэг, шугам сүлжээ, инженерийн байгууламжийн ажил хийхээс бусад зориулалтаар шинээр газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй, шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй гэх мэт.

Өнөөдөр Улаанбаатар хотын байдал ямар байгааг та бид бүгд д мэдэж байгаа. Тиймээс энэ их дэвшилттэй заалт болсон. Үүнээс гадна Нийслэл концесс, үнэт цаас гаргаж болно гэж заасан. Концесс, үнэт цаас нь улсын төсөвт суугаад явах юм билээ. Түүнчлэн дагуул хот байгуулна. Эдийн засгийн тусгай бүс байгуулж болно гэсэн байгаа юм. Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг шинэ нисэх буудал, хөшигтийн хөндийг түшиглэж бий болох нь гэж ойлгож байгаа. Эдийн засгийн тусгай бүст үйл ажиллагаа явуулах байгууллагуудыг газрын төлбөр, хотын албан татвар гээд тодорхой нэр төрлийн татвараас чөлөөлөхөөр зохицуулсан нь зөв гэж харж байна.

Ингэхээр тэнд үйл ажиллагаа явуулах компаниудын сонирхол төрнө шүү дээ. Жишээлбэл, Солонгосын Инчеон олон улсын нисэх буудал дээр эдийн засгийн тусгай бүс гэж байдаг. Тэр зарчмын дагуу хийх гэж байгаа юм билээ. Энд банк санхүүгийн байгууллагуудын асуудлыг оруулаагүй орхигдуулсан байсан лээ. Яваандаа оруулах болов уу гэж харж байна. Казино байгуулах уу, яах уу гээд яриад байна. Монгол иргэн ордоггүй казинотой байх хэрэгтэй шүү дээ. Улсын эдийн засгийг аль болох тэлдэг байх ёстой. Зочид буудлуудтай, банк санхүүгийн байгууллагуудтай, татвараас чөлөөлөгдчихсөн эдийн засгийн тусгай бүс гээд амилбал манайд амилах боломжтой. Энэ дэд бүтцийг нь улс, орон нутгийн төсвөөс хийнэ гээд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд оруулж чадсанаараа дэвшилттэй юм билээ.

Өөр нэг зүйл нь Улаанбаатар хотын хилийн цэс бүсчлэлийг Засгийн газар НИТХ тогтооно гэж байгаа. Энэ үгний цаана юу байна гэхээр БОАЖЯ-наас давхардуулж өгдөг хэдэн амнуудыг хот өөрийн мэдэлдээ бүрэн авах боломж харагдаж байна. Зайсангийн хэдэн амнууд бүгд Байгаль орчны яамны мэдэлд байдаг.

-Ямар ч стандарт, дүрэмгүй явж ирсний уршгийг өнөөдөр Улаанбаатарчууд мэдэрч явна. Энэ хуулиар төлөөлөгчид дүрмээ тогтоохоор хуульчилсан нь дэвшил боллоо, тийм үү?

-Хот дүрэмтэй байна, дүрмийг нь НИТХ батална. Бусад хуулиар зохицуулаагүй харилцааг дүрмээрээ зохицуулж болно гэж оруулсан нь дэвшилттэй. Гэхдээ тэр дүрмээ Захиргааны ерөнхий хуулийн дагуу яамруу явуулж зөвшөөрөл авах юм билээ. Яамны нэг газрын дарга болохгүй нь гэвэл нийслэлийн 45 төлөөлөгчийн хуралдаж шийдсэн шийдвэр нь үр дүнгүй болох нь гэж харагдаж байна л даа.

-Нийслэлийг хөгжүүлэх сантай болох нь хэр зөв зохицуулалт гэж та харж байна. Өмнө нь Улаанбаатарчууд ийм сантай байсан ч төдийлөн үр дүнгээ өгөөгүй шүү дээ.

-Улаанбаатар сан гэж байснаа Улаанбаатар банк болсныг та хэлж байх шиг байна. Энэ хуульд Нийслэлийг хөгжүүлэх сантай байна, өр, авлага үүсгэхгүй, нийслэлийн төсвийн нэг хэсэг байна гэсэн байгаа юм. Энэ санг их зөв хөгжүүлж, засаглалын хувьд эрүүл байлгаж чадвал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах бүрэн боломжтой юм билээ. Нийслэлийг хөгжүүлэх сантай байна. Дараах үйл ажиллагаанд зарцуулна гээд тодорхой заачихсан байгаа юм. Жишээлбэл, хотын стандарт соёлыг хөгжүүлэх чиглэлээр зарцуулна. Ухаалаг цахим хот, үйлдвэрлэл инноваци, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр мөнгийг зарцуулна. Төр хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр, хот байгуулалт дэд бүтцийг хөгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлд сангийн хөрөнгийг зарцуулна гэсэн байгаа юм. Сангийн хөрөнгө нь Нийслэлийн төсвийн бүрдэл хэсэг байна гэдэг нь нийслэлийн төсөвт мөнгө нь сууж явна гэсэн үг шүү дээ. Нийслэл бол Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиараа нийслэлийн төсвийн нэг хэсэг байна гээд заачихаж байгаа юм. Дүүрэг бол хөгжүүлэх ийм сантай байж болно. Гэхдээ төсвийн бус. Дүүргийн төсөвт тавихгүй гэж байгаа. Өөр бусад эх үүсвэрээр тэр санд хөрөнгө оруулалт татаж болно гэж байгаа юм. Журам болон бүх зүйлийг дүүргийн ИТХ батална ч гэдэг юмуу. Хөрөнгө оруулалт хийх чиглэлээр гээд аятайхан заалт орчихсон байна.

-Аж ахуйн тооцоот газарт хувийн хэвшлийнхнийг оруулах зохицуулалтад та ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэлийн харьяаны болон оролцоот 30 гаран аж ахуйн тооцоот газар бий. Ихэнх нь алдагдалтай ажилладаг. Өөрөө өөрийгөө санхүүжүүлнэ гэж байгаа ч 70, 80 хувьд нь алдагдалтай ажиллаж байна. Энд хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татах, эргээд хувийн хэвшлийнхнийхээ эрх ашгийг хангах, жишээ нь газар эзэмших шийдвэр гаргалаа гэхэд түүнийгээ өөрчлөхгүй байх, олгосон тусгай зөвшөөрлөө цуцлахгүй байх, тусгай зөвшөөрлийг хялбаршуулсан журмаар олгох, тухайн байгууллагын ажиллах цагийн хуваарийг уян хатан шийдвэрлэх гэдэг ч юм уу, хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээр заавал хангах гээд аль болох хөрөнгө оруулалтыг татах заалтууд орж байгаа нь сайн л даа. Хувийн хэвшлийн компаниуд Улаанбаатар хотын аль нэг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар ч гэдэг юмуу аль нэг салбарт хөрөнгө оруулж хамтарсан компани болоод явах боломжийг бий болгочихож байгаа юм. Ядаж л нэг газарт нь хувийн хэвшил орчихоор менежмэнтийн засаглалын хувьд зөв компани болоод гараад ирдэг. Хэдэн төлөөлөгчдийн болон дарга нарын тавьсан ажилтан тэнд дарга болоод сууж байдаг төрийн байгууллагын байдаг л загварыг эвдэх хэрэгтэй. Энд хувийн хэвшил ороод 10, 20 хувийг нь эзэмшээд явбал өөрсдийн менежментээ оруулж эхэлнэ. Ингэхээр “Хөөе, үүнийг ингэхгүй шүү. Тэгэхгүй шүү” гээд зөв менежменттэй болно гэсэн үг. Тиймээс энэ их зөв, дэвшилттэй болж гэж харж байгаа.

-Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг нэмэгдүүлсэн нь энэ хуулийн нэг дэвшилттэй зохицуулалт болов уу?

-Нийслэлийн Засаг даргыг хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж танилцуулж, хэлэлцүүлж болно гэж байгаа юм. Энэ бол том эрх л дээ. Хуулийн төслийг санаачилдаг гуравхан субьект бий. Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар. Бусад асуудлаар гэхээр Засгийн газрын тогтоол, шийдвэрийн төслийг Нийслэлийн Засаг дарга санаачлах эрхтэй болчихож байгаа юм. Засгийн газрын хуралдаанд өөрөө оролцоно. Өөрөө хуралдаанд тухайн асуудлыг танилцуулна, хэлэлцүүлнэ. Одоо бол Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга агентлагийн дарга нарын хамт асуултад хариулаад захад сууж байдаг. Нийслэл Улаанбаатар хоттой холбоотой асуудал байлаа гэхэд аль нэг сайд өмнөөс нь танилцуулдаг. Одоогийн хуулиар Засгийн газрын тогтоолын шийдвэрүүдийн төслийг өөрөө бэлдэж, өөрөө танилцуулж хэлэлцүүлдэг болж байгаа. Бараг л Засгийн газрын гишүүнтэй ижил хэмжээний статусыг эзэлж байна шүү дээ. Энэ бол өөрийн асуудлаа Засгийн газрын хуралдаан руу оруулаад шийдэх маш том боломж. Хуучин хуулиудад Нийслэлийн Засаг даргын эрхийг голдуу сайдын хэмжээнд тавьдаг байсан. Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар энэ удаа нэлээн тодорхой болгож өгсөн байна лээ. Хуулийн 22.1.4-т Засгийн газарт санал тавина. Засгийн газрын хуралдаанд оролцоно. 22.1.6-т Нийслэл хотыг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг санаачилна. Санал дүгнэлт өгнө. Хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүснэ. Ерөнхий сайдтай шууд харилцана” гэх мэтээр оруулж Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээг өндөр болгож өгсөн байна лээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30.3-т Нийслэл нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах өмчийг хуульд заасны дагуу дүүрэгт шилжүүлж болно. Эсвэл дүүргээс шилжүүлэн авч болно гэж байгаа.

-Улаанбаатар хотын Ерөнхий менежирийн ажил үүргийг хуулиар хэр тодорхой болгосон бэ?

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хоёр албан тушаалын нэршилтэйгээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр Нийслэлийн захирагчийнхаа хувьд доороо ажлын албатай. Ажлын албаны дарга нь Ерөнхий менежер гэдэг бүтэцтэй явж байгаа. Үүнийг Нийслэлд хэвээр нь хадгалсан байна лээ. Ерөнхий менежерийн эрхийг тодорхой болгож өгсөн байна лээ. Ийм ийм эрхийг Ерөнхий менежерт шилжүүлж болно гээд нарийн заагаад өгчихсөн. Үүгээрээ хуулийн бичилтийн технологийн хувьд тодорхой бичилт болж чаджээ гэж харагдаж байна. Бусад улсуудын хувьд ямар жишээ байдаг гэхээр Нийслэлийн Засаг дарга гэдэг нь тусдаа байдаг. Тэр нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Ерөнхий сайд нь томилдог. Нөгөөх нь МЭЭР буюу иргэдээсээ сонгогддог хувилбар байдаг. Тэр нь Ерөнхий менежерийн хийж байгаа ажлыг хийдэг. Уг нь Үндсэн хуульд оруулсан концепц нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд энэ нийлүүлчихсэн болохоос тусдаа хоёр өөр хүн байх юм шүү гэж бодож анхны хийсэн байдаг. Гэтэл манайх төрийн байгууллагын хувьд нэгдмэл Ерөнхий сайд гээд хүн байдаг. Мөн Нийслэлийн ИТХ гээд байж байдаг. Тэгэхээр дахиад нэг мээрийг иргэдээс сонгох юм уу. Иргэдээс сонгогдсон Хотын дарга нь Нийслэлийн Засаг даргатайгаа хэр ойлголцох уу. НИТХ, Ерөнхий сайдтай хэр ойлгох уу. “Би 1.5 сая хүнээс сонгогдсон” гээд байвал яах вэ зэрэг асуудлаас болж хэвээр нь үлдээчихсэн.

-Хот тосгоны эрх зүйг байдлын тухай хууль УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. Энэ хуулиар ямар харилцааг зохицуулах вэ?

-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөс харахад Улаанбаатар хотоос бусад хот тосгоныг зохицуулна. Улаанбаатар хотыг тусад нь Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулсан. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй хот гээд 2 ойлголт явж байгаа. Улсын зэрэглэлтэй хот гэхээр Дархан, Эрдэнэт гэх мэт аймгаасаа эрх шилжүүлэн авч хэрэгжүүлэх хотуудаа ойлгож болно. Орон нутгийн зэрэглэлтэй хот гэхээр сумын засаг даргаасаа эрх шилжүүлэн авч хэрэгжүүлэх захирагчтай хотыг ойлгож болохоор байна. Дархан-Уул аймгаар жишээ авахад аймгийн Засаг дарга, ИТХ гэж байгаа. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль батлагдахаар Дархан хотын захирагч гэж гарч ирнэ. Хотын захирагч нь Дархан хотын иргэдээс сонгогдоно. Дахиад Дархан хотын иргэдээс сонгогдсон зөвлөл байна. Тэгэхээр Засаг дарга, ИТХ дээр нэмээд Дархан хотын иргэдээс захирагч гэж хүн сонгогдоно, зөвлөлийн гишүүд сонгогдоно. Зөвлөл нь дотроосоо зөвлөлийн даргаа сонгоно. Зөвлөлийн гишүүнд улс төрийн намаас нэр дэвшигч дэвшүүлэхгүй гэх мэт сонирхолтой заалтууд их бий. Засаг дарга нь хотын Захирагч руугаа тодорхой эрхийг шилжүүлж болно гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, голдуу аж ахуйн эрхүүдээ шилжүүлж болохоор юм билээ. Дархан хотын цэвэрлэгээ, зам засвар арчлалт, цэцэрлэгт хүрээлэн, хог хаягдал зэргийг төсөвтэй нь хамт захирагч руу өгч болох юм билээ. Ойлголцоод явбал гайгүй. Ойлголцож чадахгүй бол ихээхэн маргаан гарна. Жишээ нь, аймгийнхаа Засаг даргыг үгүйсгээд “Би иргэдээс сонгогдсон” гээд гөжөөд суухыг үгүйсгэхгүй. Улсын зэрэглэлтэй хотод зөвлөлийн дарга нь ИТХ дарга гэдэг шиг даргатай байх юм билээ. Дотроосоо нэг дарга гаргаж ирнэ гэсэн үг. Зөвлөлийн дарга гэдэг нь жишээлбэл, аймгийн засаг дарга, ИТХ-ын даргыг “Юу яриад байгаа юм бэ. Би зөвлөлийн дарга хүн шүү. Би ч мөн иргэдээс сонгогдсон” гэх асуудлыг амьдрал дээр яаж хэрэгжүүлэх юм байгаа юм. Яахав дэвшилттэй заалт. Одоо байгаа Үндсэн хууль болон бусад хууль эрх зүйн хүрээнд зоригтойгоор орон нутагт хийх гэж үзэж байгаа юм.

-Энэ хуулиар иргэд өөрсдөө захирагчаа сонгох нь гэж ойлгох уу?

-Энэ хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэхээр юу болохыг хэлж мэдэхгүй байна. Бусад улс оронд манайхаар ИТХ гэдэг нь зөвлөл байдаг. Иргэдээс сонгогдож байгаа захирагч Засаг дарга нь ч, захирагч нь ч энэ зөвлөлийнхөө дарга нь байдаг. Жишээлбэл, та иргэдээс сонгогдлоо. Зөвлөлийн гишүүдтэйгээ хамт дэвшчихнэ. Иргэд таныг сонгочихвол Засаг дарга, захирагч, зөвлөлийн даргын албыг хамтад нь хашна. Тусдаа ИТХ, Засаг дарга гэсэн бүтэц байдаггүй. Манайд иргэдийн хурал байна гэчихсэн. Засаг дарга байна гэчихсэн. Гэтэл нөгөө талд нь аж ахуйн ажил хийж байдаг хүн хэрэгтэй байгаа юм. Аж ахуйн ажил хийж байдаг хүн нь манайхаар бол Ерөнхий менежер. Дархан-Уул аймагт болохоор Дархан уул аймгийн Ерөнхий менежер иргэдээс сонгогдож байгаа захирагч. Гэхдээ иргэдээс сонгогдох нь байна. Сонирхолтой бүтэц гарахаар байгаа биз. Хуулийг нарийн үзвэл иргэдээсээ сонгогдсон захирагчийгаа огцруулах, хариуцлага тооцох эрхийг засаг даргадаа өгсөн байна. Ерөнхийдөө том босс нь тухайн аймгийн Засаг дарга маягтайгаар хийсэн байна лээ. Тэгэхээр захирагч нь 100 хувь томроод байх боломж багатай. Хэрвээ яг үүгээр явж чадвал дэвшилттэй. Иргэдийнхээ дунд нэр хүндтэй иргэдээсээ сонгогдсон захирагч нь иргэнтэйгээ илүү ойр чих зөөлөн байх талтай.

-Хот өөрөө эрчим хүчний асуудлаа хариуцахаар хуульчилсан гэж байсан. Энэ тухайд?

-Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд орсон өөр том заалт нь Нэгжийн хуулийн 24.1.14-т болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд заагдсан Эрчим хүчний яамны мэдэлд байгаа Улаанбаатар дулаан, Улаанбаатар цахилгаан болон Хот суурины усан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг зохицуулах зөвлөл гэх мэт газрууд Нийслэлийн Засаг даргын мэдэлд ирэхээр харагдаж байна. Нийслэлийн засаг дарга Энэ байгууллагуудын барилга байгууламжийг төлөвлөх, ашиглах, хяналт тавих гэж хуульд орсон байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотын бүх барилга барилга байгууламж, цахилгаан түгээх сүлжээний барилга байгууламж, төлөвлөлт, ашиглалт, хяналт гэчихсэн байгаа. Яамны харьяанд байсан эрх мэдлийг Нийслэлийн Засаг дарга руу өгч байгаа зүйл харагдаж байна. Нийслэлийн Засаг даргын мэдэлд бүрэн өгч чадсан бол сайн байна.

-Сургууль, цэцэрлэгийн эрхлэгчдийг орон нутгийн Засаг дарга нь томилж байгаагаас болж улстөржөөд байна гэх шүүмжлэлийг зарим гишүүд хэлж байсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Боловсролын багц хууль хэлэлцэгдэх гэж байна. Г.Тэмүүлэн гишүүн улс орон даяар 1626 цэцэрлэг байна. Үүнд 88 мянга гаруй албан хаагч ажиллаж байна. Сургууль цэцэрлэгийн эрхлэгчдийг орон нутгийн Засаг дарга томилж байгаа учраас улстөржөөд байна гэж яриад байгаа юм. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Учир нь нэгжийн хуулийн гол зарчим нь төсөв мөнгө бүх зүйлийг нь байж болох доод нэгжид субсидар зарчмын дагуу өгч байна шүү дээ. Энгийнээр яривал, Сүхбаатар дүүрэгт төрийн 35 цэцэрлэг, 24 сургууль байдаг. Энэ бүх цэцэрлэг, сургуулиудын ашиглалтын зардлыг бүгдийг нь дүүрэг хариуцдаг. Хоёрдугаарт, дүүргийн Засаг дарга гэдэг тухайн дүүрэгтээ төрийг төлөөлж байгаа засаг төрийн төлөөлөгч. Үүнээс гадна субсидар зарчмаар байж болох хамгийн ойр нэгжид эрх мэдлийг хуваарилах зарчмаар шат шатны засаг дарга нар нь сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлуудаа томилоод явдаг хувилбар нь зөв.

Иргэдэд хамгийн ойр байх төрийн үйлчилгээ бол эмнэлэг, сургууль, цэцэрлэг. Гэтэл эдгээр байгууллагын даргыг нь Засаг дарга нь мэдэхгүй байж болохгүй. Хуучин Засаг даргаас өөр хүн томилдог байсан. Гэхдээ тэр нь хөрсөн дээрээ олигтой буудаггүй юм. Засаг дарга сургуулийн захирлыг сонгохдоо мэргэжлийн байгууллагын сонгон шалгаруулалтад орсон хүнийг томилдог хууль журамтай шүү дээ. Одоо байгаа хуулиар нийслэлийн боловсролын газар сонгон шалгаруулалт явуулж, санал болгосон хүнийг нь дүүргийн Засаг дарга томилдог. Орон нутаг босоо маш олон байгууллагатай. Татвар,Бүртгэл, Мэргэжлийн хяналтгэх мэт. Дээрээс нь боловсрол нь босоо байх юм гэнэ. Аймгийн, дүүргийн Засаг даргад ямар эрх үлдэж байгаа юм бэ. Орон нутгийн Засаг даргад томилох эрх мэдлийг нь хэвээр хадгалах гэдэгтэй би санал нэг байгаа.

Эх сурвалж: Өдрийн сонин