Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Tourism Forum Mongolia 2021” арга хэмжээг “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор зохион байгууллаа.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан форумыг нээж хэлсэн үгэндээ, цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар бүхэлдээ зогсонги байдалд орсон. Энэ салбарт 1600 гаруй аж ахуйн нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд орж, улсын төсөвт гурван их наяд төгрөгийн алдагдал учирсныг онцолсон юм. Тэрбээр, энэ талаар ярихдаа “Сүүлийн хоёр жилд улсын хэмжээнд авч үзэх юм бол жилдээ 1.5 их наядын орлого олдог байсан бол хоёр жилийн дүнгээр 3 их наядын орлогын хохирол учирлаа. Цаашдаа дэлхийн улс орнуудын чиг хандлага буюу “шинэ хэвийн байдал” гэсэн бодлого стратегийг улс орон болгон тодорхойлж байна. Ковид энэ хэвээр үргэлжилбэл аялал жуулчлалын салбараа хэрхэн хөгжүүлж явах вэ гэдгийг улс орон бүхэн ярьж байна.
Нөгөөтээгүүр, бүс нутгийн хэмжээнд аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг дэлхийн эрдэмтэд ярилцаж, олон талын судалгаа, баримт бичгийг гаргаж байгаа. Шинэ нөхцөлд ямар дүрэм журам барьж аялах вэ гэдгийг ч ярилцаж байна. Өнөөдөр Монгол Улсад 600 гаруй аж ахуйн нэгж, 88 мянган ажлын байр эрсдэлд орлоо. Хоёр жил бид гадагшаа аялал хийгээгүй ч дотоодын аялал жуулчлалыг дэмжиж ажиллалаа. Ирэх оны нэгдүгээр сараас дотоод, гадаадын урсгалаа нэмэхийг хүсвэл төр, хувийн хэвшил, ТББ, судлаачид хамтраад шинэ нөхцөл байдлын төлөвлөгөөг хамтдаа боловсруулж гаргах ёстой. Нэг хүний, эсвэл нэг байгууллагын үр дүнд бий болохгүй ээ.
Стратеги, төсөв төлөвлөлт гаргах ажилд бүх хүний оролцоог ижил тэгш хангаад явна. Судлаачдын үзэж буйгаар 2024 оноос хойш л дэлхий нийт хэвийн амьдралдаа шилжих магадлалтай. Тэгэхээр бүс нутгийн асуудлаа судлаад стратеги гаргаад явна.
Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад виртуал, цахим үзэсгэлэн болон уламжлалт аялал жуулчлал, зорилтод аялалын шинэ шинэ бүтээгдэхүүн гаргаад эхэлчихлээ. Өөрөөр хэлбэл, байгалийн онгон дагшин байдлыг харуулах зорилтод нислэг хийгээд буцах зэргээр олон нийтийн харилцаанд орохгүйгээр аялах боломжуудыг эрэлхийлж эхэллээ. Зөвхөн Азийн улс орнууд дотроо аялах зэрэг боломж бий” хэмээлээ.
https://www.youtube.com/watch?v=6Hdf1AxSFGg