ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Бат-Эрдэнэ: Богдхан уулын дархан цаазат газарт 3675.2 га газар олгосон байна

O.Admin
2022-04-29

Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын гурван удирдлага томилогдоод 100 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд цөөнгүй ажил амжуулсны нэг нь тус яамнаас олгодог 22 тусгай зөвшөөрлийн заримыг нь хувийн хэвшилд шилжүүлж, үлдсэнийг нь цахимжуулсан явдал.

Цаашид тусгай зөвшөөрлийг QR кодоор олгохоор ажиллаж байгаа бөгөөд үнэт цаасан дээр заавал хэвлэдэг уламжлалт аргыг хална хэмээн Б.Бат-Эрдэнэ сайд 100 хоногийн ажлын тайлангийнхаа эхэнд онцлов. Ингэснээр аймаг, орон нутаг, нийслэлээс тусгай зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээсэн иргэд заавал яамны байран дээр ирж үнэт цаасан дээр хэвлэгдсэн зөвшөөрөл авах шаардлагагүй болох аж.

Мөн цар тахлын улмаас 2 жил гаруй хугацаанд “тэг” зогсолт хийж, уналтад орсон аялал жуулчлалын салбарыг Монголын эдийн засгийн гол тулгуур болгож сэргээхэд анхааран ажиллаж, энэ хүрээнд БНСУ, Япон гэхчлэн Зүүн өмнөд Азийн улсуудаас жуулчин авах бэлтгэлээ базааж эхэлжээ.

Энэ мэтчилэн тус яаманд томилогдсоноос хойших 100 хоногийн хугацаанд 60 гаруй асуудлыг шийдсэн талаараа тэрбээр тайлагнав. Тайлангийн үеэр Б.Бат-Эрдэнэ сайдтай салбарын үйл ажиллагаа болоод түүнийг томилогдсноос хойш гарсан бодлого шийдвэрийн талаар ярилцлаа.

БНСУ-аас 577.000 жуулчин ирэх боломжтой

-Жуулчны сар эхэллээ. Монгол Улс жуучлнаа хүлээн авахад бэлэн үү. Жуулчдыг татахын тулд Монгол Улсыг таниулан сурталчлах зүйл өнөөдөр алга..?

-Монгол Улсын Засгийн газрын 2022.04.06-ны өдрийн хуралдаанаас 2023 оны аялал жуулчлалын жил болгон зарлаж байгаа. Марктинг сурталчилгааны чиглэлээр визийн болон эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр алхмууд хийж байна. Үүнтэй зэрэгцэн энэ жилийн бүх төсөл хөтөлбөрүүдэд аялал жуулчлалын холбоо буюу мэргэжлийн байгууллагуудынх оролцоог хангах байр суурь баримталж байна. Ний нуугүй хэлэхэд, Монголыг гадаадад сурталчлах нэгдсэн цахим платформ ч алга. Монголыг google-ээс хайхаар гарч ирэх мэдээлэл тун хомс. Иймээс цахим платформыг олон улсад нэг бодлогоор, нэг системээр хөгжүүлэх. Үүнд аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь оруулах юм. Энэ ажил удахгүй дуусна. Цахим платформ 6 улсын хил дээр гарна. Визээ авмагц бүртгэлтэй мэйл хаягаар нь Ерөнхий сайдын мэндчилгээ очдог, аялаад буцахад нь БОАЖЯ-наас талархсан мэдээлэл явуулах хэлбэрээр хийж байгаа.

-Монгол Улс бүх улсад хилээ нээгээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Гэвч урд хил өнөөдрийг хүртэл хилээ нээгээгүй байна. Ковидын нөхцөл байдал бүрэн арилаагүй, тохиолдлын тоо өдөр бүр бүртгэгдсэн хэвээр. Жуулчид ирэх болов уу?

-Жуулчид эхнээсээ ирж эхэлсэн. Анзаарсан бол гудамжинд ганц, нэг жуулчин явж байгаа. Тавдугаар сарын сүүлээс жуулчны тоо эрс нэмэгддэг. Жуулчны тоог дөрвөн улирлын шинж чанартай болгохын тулд олон ажил хийх шаардлагатай байгаа.

-Энэ жил хичнээн жуулчин хүлээн авна гэсэн тооцоололтой байгаа вэ. БНСУ-аас ирэх жуулчдыг визгүй болгох асуудал бараг шийдэгдсэн гэж ойлгож байгаа. Энэ зөв үү?

-Энэ жил Зүүн өмнөд Азийн улсаас жуулчин авах бүрэн боломж байна. Мөн ОХУ-аас жуулчин авах боломж бий. Хил дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх шийдвэр гарсан. Д.Оюунхорол сайдын үед гарсан энэ шийдвэрийн гүйцэтгэл дээр ажиллах шаардлага бий.

БНСУ 27 сая хүн амтай. Дунджаар 27 сая жуулчинтай. Үүний 16 сая жуулчин нь БНХАУ болон ойролцоо улсуудад жуулчилдаг гэсэн тоо бий. Гэтэл 2019 онд Монгол Улсад хамгийн дээд цэгтээ буюу 100.000 жуулчин ирсэн. Манай эргэн тойронд жуулчилж байгаа 16 сая жуулчнаас 100.000 нь Монголд ирсэн гэсэн үг.

-Энэ нь учир шалтгаан юундаа байна?

-Энэ нь хоёр хүчин зүйлээс улбаатай. Нэг нь агаарын тээвэр. Агаарын тээврийн хязгаарлалт буюу тухай агаарын тээврийн суудлыг тодорхой хэмжээний хязгаарлалтын горимд шилжүүлсэнтэй холбоотойгоор жуулчны ирэх урсгалыг хазаарласан. Хоёрдугаарт виз. Гадаад харилцааны яам 30 гаруй орны визийг цахимжуулсан. Нааштай зүйлүүд бий.

-БНСУ-аас ирэх жуулчид визгүй зорчино гэж ойлгож болох уу?

-БНСУ-ын Элчин сайдаас болон тухайн аялал жуулчлалын компаниудаас ирсэн хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар асуудлыг оруулж, Засгийн газраас тэмдэглэл гарсан. БНСУ-ын жуулчдыг визгүй зорчуулах асуудал шийдвэрлэгдээд явж байна гэж ойлгож болно. Зөрүүлээд бид нар БНСУ-ын талтай Монгол Улсын иргэдийг визний ямар журамд шилжүүлэх вэ, мөн Монгол Улсаас тус улс руу жуучлах сонирхолтой иргэд бий. Мөн аялал жуулчлалын компаниуд болон бизнесийн байгууллагуудын визнмий асуудал дээр ямар хөнгөлөлт үзүүлэх саналыг тавьсан.

Ирэх 7 хоногоос БНСУ-д ажиллана. Энэ үеэр визний нөхцөлтэй холбоотой асуудлыг Гадаад харилцааны яамтайгаа хамтраад харилцан уялдаатай шийдвэрлэх үе шаттай ажлыг үргэлжилнэ.

-БНСУ-аас хэчнээн жуулчин Монголыг зорих ирэх сонирхолтой талаар тооцоо судалгааг хийсэн гэж байсан. Тухайлбал, энэ онд хэдэн жуулчин ирэх тооцоолол байгаа вэ?

-Өнгөрсөн 7 хоногт БНСУ-ын Элчин сайдтай уулзсан. Агаарын тээврийн либералчлал чухал. Орон нутгийн онгоцны буудлуудыг олон улсын 4С, 4D зэрэглэл рүү шилжүүлэх. Одоогоор 6 онгоцны буудлын нэр тодорхой болж, Засгийн газрын тэмдэглэл гарсан. Визний асуудал шийдэгдвэл эхний ээлжинд буюу 2022 онд Монгол Улсад хэдэн жуулчин ирэх боломжтой талаарх судалгааг гаргаж өгөх хүсэлтийг БНСУ-ын талд тавьсан.

Ойрын 3 жилийн хугацаанд дээрх асуудал хэрэгжвэл өөрсдийнх нь хийсэн судалгаагаар хамгийн багадаа 577.000 жуулчин Монголд шууд ирэх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн.

БНСУ Монгол Улс руу нисэх хоёр авиа компанид нэмж эрх олгосон байсан. Энэ мэтчилэн дээрх асуудлууд ажил хэрэг болж, визгүй болбол 2022 онд 245.000 солонгос иргэн жуулчлах бүрэн боломжтой гэсэн тооцоо гаргасан.

-Энэ онд хичнээн жуулчин Монгол Улс хүлээн авна гэсэн тооцоололтой байгаа вэ, ганц БНСУ-аас гэлтгүй?

-Буриад улсын аялал жуулчлалын сайдтай, Япон улсын Элчин сайдтай уулзсан. Аялал жуулчлалын салбарт үр дүн гарах тал дээр ажиллаж байна. 2019 онд 535.000 орчим жуулчныг хүлээн авч байсан. 2022 ондоо багтааж авах энэ урсгалыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хувь дэмжиж байгаа. 2019 оныхоо хэмжээнд 2022 онд багтааж хүрнэ гэсэн ойрын зорилттой гэсэн үг.

-Цар тахлаас улбаатай аялал жуулчлалын салбар 2 жил уналтад байлаа. Иймээс салбарын аж ахуйн нэгжээ дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөв?

-Аялал жуулчлалын баазуудын зөвшөөрлийг шууд сунгаж өгч байгаа. Нөгөө талдаа тодорхой төлбөрийн хураамжтай холбоотой асуудлыг гэрээ хийх байдлаар хойшлуулах, ямар ч байсан 2022 ондоо жуулчнаа авчих. Ирэх намраас эргэн төлөлтийн асуудлаа графикийн хэлбэрт оруулаад төлөөд явья гэсэн шийдвэр гаргасан.

-Монгол Улс бүсээ чангалж, хэмнэлтийн горимд шилжиж байна. Аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтад ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Хөрөнгө оруулалт аялал жуулчлалын салбарт идэвхтэй явагдаж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банктай БОАЖЯ хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” Хэнтий болон Хөвсгөл аймагт хэрэгжиж байна. Хэдийгээр улс орны санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа боловч экспортын орлого бүрдүүлдэг салбарууддаа хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй гэсэн бодлогын хүрээнд ажиллаж байгаа. Хөвсгөлийн Хатгал, Хэнтийн Дадалд хатуу болон шингэн хаягдлын цэвэрлэх байгууламж, хатуу хучилттай авто зам, мэдээллийн төв, түр буудаллах цэгүүдийг барьж байна. Аялал жуулчлалын салбар ганц төсөв, хөтөлбөрөөс гадна хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгддэг олон ажил бий.

УИХ-ын түвшинд дараагийн шатны зээлийн хэлэлцээрийг өргөн мэдүүлсэн. Дэмжигдвэл Баруун болон Хангайн бүсийн аймгуудад дараагийн төслүүд, аялал жуулчлалын томоохон хөрөнгө оруулалт хийгдэнэ.

-Модон жорлонгосоо салаагүй байж Монгол Улс хэдэн сая жуулчин авах мөрөөдөлтэй. Хамгийн энгийн энэ мэт зүйлийг өөрчлөх шаардлага тэргүүнд тавигдах ёстой болов уу. Энэ тал дээр тухайн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжид стандарт тогтоож өгөх ёстой бус уу?

-Аж ахуйн нэгж рүү буруу чихэхээс илүүтэй жуулчнаа авчирч аж ахуйн нэгжийг санхүүгийн хувьд чадавхжуулах ажлыг хийж, зах зээлийнхээ зарчмаар тухайн жуулчин модон жорлонг сонгох уу, паалантай ариун цэврийн өрөөнд тухлах уу гэдгээ өөрөө шийдэх боломжийг нь бүрдүүлж өгөх юм. Ингэснээр энэ асуудал зах зээлийн зарчмаараа шийдэгдэнэ. Мэдээж БОАЖЯ-ны зүгээс стандартаа тавьж байгаа. Жуулчин хүлээн авах шаардлагаа тавина. Мөн яамны зүгээс технилогийн шийдлийг нь гаргаж өгч байгаа. Түүнчлэн ногоон зээлийн эх үүсвэрээр ариун цэврийн өрөөгөө шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлж байгаа.

-Гадны жуулчдаас гадна дотоодын жуулчдаа дэмжих ямар ажил хийгдэж байна вэ?

- 17 байршилд улсын төсвөөр гүйцэтгэх түр отоглох цэг байгуулж байна. Мөн дотоодын жуулчид аялах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр мэдээлэл холбооны сүлжээг технилогийн компаниудтай хамтран тусгай хамгаалалтын газруудад сүлжээний өргөтгөлийг хийхээр ярьж байна. Нэг талаас жуулчны ая тух, нөгөө талаас аюулгүй байдалтай холбоотой. Алслагдсан бүс нутаг, тусгай хамгаалалтай газруудад утасны сүлжээ, интернеттэй холбох тал дээр үүрэн телефоны компаниудтай гэрээ байгуулсан.

-Сүлжээ татах асуудлыг төсвийг  хэмнэлтийн горимд шижлүүлчихсэн биш бил үү?

-Үүнийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ.

Аймаг, сум орон нутгийн иргэд жуулчин хүлээн авч, гэр буудал ажиллуулахад татгалзах зүйлгүй. Учир нь тогтвортой аялал жуулчлалын үндсэн зарчим нь орон нутгийн иргэд амьжиргаагаа дээшлүүлэх боломжийг олгох. Мөн байгаль орчин, нийгэм соёлдоо сөрөг нөолөөгүй байх ёстой. Нэг талаас боломжийг нь олгоод, нөгөө талаас хариуцлагаас хүлээх учиртай.

Ер нь 2022-2023 онд Монгол Улс хичнээн жуулчин авах боломжтой тоог зарлана гэж бодож байгаа. Ингэж ил зарласнаар тухайн жуулчны байгууллагууд үйл ажиллагаагаа сайжруулах ёстой. Бэлтгэлээ базаах учиртай гэсэн үг.

Тэнд архидалтын газар бий болсон

-17 байршилд отоглох цэгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа гэлээ. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар отоглох цэгүүдийг мөн байгуулж байгаа. Хаана хичнээн отоглох цэг нэмэгдэж байгаа вэ?

-Гол замуудын дагуух амралтын төв 4 байршилд отоглох цэг байгаа. Цаашдаа нэмээд дотоодын аялал жуулчдад зориулсан хүн хамгийн ихээр очдог 17 байршилд түр буудаллах, амрах цэгийг улсын төсвийн хөрөнгөөр барьж байна. Энэ бол дан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажил биш. Аялал жуулчлал бол хувийн хэвшлийн бизнестэй явдаг учраас тодорхой сонгон шалгаруулалтаар байршлуудыг зааж өгөөд хувийн хэвшил хөрөнгө оруулах боломжтой.

Цаагшдаа отоглох цэгийг хувийн хэвшил рүү шилжүүлэх чиглэл баримталж байгаа

-Горхи-Тэрэлж дагуу отоглох цэг байгуулах саналыг хувийн хэвшлүүдээс гаргасан. Энэ саналыг дэмжиж байгаа гэсэн үг үү?

-Горхи, Тэрэлж дагуу 9 газарт отоглох цэг байгуулах санал ирсэн. Эхний ээлжинд нэг газарт жишиг байдлаар байгуулах санал тавьсан. Жишиг оглох цэгийг ойрын хугацаанд эхлүүлж, энэ зундаа ашиглах байдлаар төр хувийн хэвшлийн түншлэлийг эхлүүлээд байна.

Өчигдөр /уржигдар/ хотын дарга Д.Сумъяабазартай ярьсан. Зарим газрууд дээр нийслэл өөрсдөө тохижилтоо хийх саналтай байгаа. Нийслэлчүүдийн амралт чөлөөт цаг бүс учраас тохижилтоо хийе гэсэн хүсэлттэй байгаа юм билээ.

Олон улсын байгаль хамгаалах сан (ICCF)-гийнхантай уулзсан. Уулзалтаар Олон улсын байгаль хамгаалах сантай дархан цаазат газрыг хамгаалах, үндэсний жишиг парк байгуулах чиглэлээр хамтран ажиллах санал тавьсан. Богдхан уул, Цэцээ гүн рүү гарч байгаа 3 хэсэг бий. Зайсангийн ам, Төрхурахын ам, Манчир гээд. Зайсангийн бүс хэсэгт 1.8 мянган га талбайг тусгай хэрэгцээнд авч, иргэдийн ая тухтай амрах цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Уул руу гарахдаа тэнд амраад, хүүхэд, ахмад настнаа үлдээх боломжтой. Тэнд олон улсын хэмжээнд жишиг болохуйц цэцэрлэгт хүрээлэн, үндэсний парк болон дархан цаазат газрын хамгаалалтыг бий болгох юм. Олон улсын байгаль хамгаалах санд энэ саналаа тавьсан.

Мөн БНСУ, Япон улсын Элчин сайдтай уулзахдаа энэ асуудлыг хөндсөн. БНСУ-ын Элчин сайд КОЙКА-гаас хамтран ажиллах боломжтой, нийгмийн хариуцлагын хүрээнд Монголчуудад зориулсан ийм газрыг сэргээх бүрэн дүүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн.

-Жаргалантын аманд бас нэг цэцэрлэгт хүрээлэн ашиглалтад орох байх аа?

-Жаргалантын аманд “Тайжресорт” компани 7 га газрыг авч, тэндээ зочид буудал байгуулсан. 7 га газрынхаа 4 га-д мод үржүүлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Мөн 1.2 га газар нь нийслэлийн иргэдэд зориулсан амралт чөлөөт цагийн бүсийг өөрсдийн хөрөнгөөр тохижуулж бэлэн болгож 7 сард ашиглалтад оруулна гэдгээ хэлсэн.

-Мишээл экспогийн хажууханд Мишээл байгаль хамгаалах танилцах хүрээлэн байгуулагдсан байсан. Хүн олноор амарч, зугаалдаг болсон байна билээ?

-Туул гол дагуулан Мишээл байгаль хамгаалах танилцах хүрээлэн байгуулсан. Нийтдээ 10 га газар. Энэ тал дээр аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтрах санал ирсэн. Иймээс эхний ээлжинд Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл өргөжүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа Баянзүрхийн гүүрнээс Сонгинын гүүр хүртэл ойрын 2 жилийн хугацаанд гол дагасан амралт чөлөөт бүсийг байгуулах юм. Ингэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтаар хийгдэнэ. Аж ахуйн нэгжүүд орж байгаа иргэдээс тодорхой төлбөр хураамж авах бүрэн эрхтэй байдлаар хөрөнгө оруулалтаа нөхөх байдлаар төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажиллана.

-Туул гол дагуух хур хогны асуудлаар нэлээд ажиллаж байгаа харагдсан. Хариуцсан дарга нарыг нь ч ажлаас нь халлаа. Нэг цэвэрлээд, хоёр цэвэрлээд арилах уу. Үүнд өөр арга барил шаардлагатай харагдаад байгаа?  

-Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын газрын даргыг чөлөөлсөн. Туул газрын сав газрын захиргааны даргыг чөлөөлсөн. Ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн үндэслэлээр. Шинэ дарга удирдлагатай болсон. Мөн хур хогтой холбоотой асуудлууд дээр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо газар дээр нь ажиллаж, судалгаа, шинжилгээ хийж байгаа. Тухайн дүүргүүдийг шахаж ажиллуулах, шаардлагатай тохиолдолд Орчныг бохирдлыг бууруулах үндэсний хорооноос төсөв мөнгө гаргаж, цэвэрлэж байгаа.

Мэдээж нэг цэвэрлээд асуудал шийдэгдэхгүй. Иймээс яагаад хог хаяад байна гэдэг үндэс суурь шалтгааныг тодруулж байна. Хогийн сав холдоод байна уу, эсвэл замбараагүй явдалтай холбоотой юу. Нэг удаа цэвэрлэж болно. Дахиад хаюулахгүй байх арга хэмжээг авах ёстой. Иймээс үндсэн суурь шалтгааныг тодорхойлж, тухайн хогийг цэвэрлэх ажил ч хийгдэж байна.

-Тэр хавийн гэр буудлуудыг цэгцлэх дорвитой алхам хийгдэх хэрэгтэй юм шиг харагддаг?

-Тэрэлжийн голын 5 салаан дээр олон тооны гэр буудлууд байршсан. Ний нуугүй хэлэхэд тэнд архидалт, янхандалтын газар болсон. Нүхэн жорлон тэнд эзэгнэж байна. Үүн дээр яаралтай арга хэмжээ авахаар Засгийн газар болон УИХ-ын түвшинд асуудлыг оруулсан.  

Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон 218 иргэн, хуулийн этгээд бий.

Бүгд асуудалтай

-Мөн газрын маргаан. Газар давхардуулан олгосон асуудал тоймгүй гэхэд хилсдэхгүй. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал газар олголтын бодит жишээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Горхи-Тэрэлж, Богдхан уулан дээр давхцлын асуудал бий. Нийслэлээс, дүүргээс газар давхцуулан олгож байна. Горхи-Тэрэлж нь Төв аймгийн Эрдэнэ сумын газар учраас Эрдэнэ сумын Засаг дарга их хэмжээгээр газар олгож байна. Мөн Түргэний ам дагуу  Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар олгосон 294 иргэн, хуулийн этгээд газрын зөрчилтэй. Дүүргээс хууль зөрчөөд газар олгочихсон. Баянзүрх дүүргийн товчоо Хүрхрээн ам хэсэгт Нийслэлийн Засаг даргын захирамжаар өмчлөх эрх олгосон 108 иргэн бий. БЗД-ийн Засаг даргын захирамжаар эзэмших эрх олгосон 218 иргэн, хуулийн этгээд байна. Бүгд асуудалтай. Улаан цагаан хуулийн ил зөрчил буюу эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэлбэр.

Газрын давхцалтай холбоотой шүүхийн  шатанд яваа асуудлууд бий. Шүүхийн шийдвэр нь гарсан тохиолдолд шийдвэрийн дагуу газрыг шууд олгоод эхэлсэн. Үүнд уугуул иргэд багтдаг. Мөн дүйцүүлэх газар олгох асуудал бий. Тухайлбал, Туул голын сав дагуу газар олгохгүй.

-Газар шинээр олгохгүй гэсэн үг үү, эсвэл газрын эзэмших гэрчилгээг сунгахгүй гэж ойлгох уу?

-Энгийн эдэлбэр газарт 15 жил, улсын тусгай хамгаалалттай газар нутагт 5 жилээр газар олголт хийгдэж байгаа. Хамгийн энгийн шийдэл бол усны болон ойн хамгаалалтын бүсэд орсон газар эзэмших гэрчилгээг сунгахгүй. Худаг гаргах, нэр шилжүүлэх ажлыг зогсоочихсон.

Өрөөр  хэлбэл, өнгөрсөн 15 жилийн өмнө аваад энэ жил сунгалт хийлгэх аж ахуй нэгж ойн болон усны сан газарт багтсан бол газар эзэмширх зөвшөөрөл нь дахин сунгагдахгүй гэсэн үг.

-Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хичнээн хүнд газар олгосон байдаг вэ. Нарийн тоо баримт хэлбэл?

-БОАЖ-ын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг 2014 иргэн, аж ахуйн нэгжид нэгж нийт 3675.2 га талбайг олгосон байна. Энэ нь хязгаарлалтын нийт бүсийнхээ 30 хувьтай тэнцэж байна. Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 1404 иргэн, хуулийн этгээд нийт 3649 га, уугуул иргэн болон бичил эко аялал жуулчлалын зориулалтаар 610 иргэн 21.1 га талбайг эзэмшиж байна.

Үүнээс

  • Хан-Уул дүүрэгт 1812 иргэн, хуулийн этгээд 2337.6 га талбайг

  • Баянзүрх дүүрэгт 192 иргэн, хуулийн этгээд 1267.2 га талбайг

  • Төв аймагт 10 иргэн, хуулийн этгээд 44.8 га талбайг эзэмшиж байна.

Богдхан уулын дархан цаазат газар нь нийтдээ 42271.24 га нутаг дэвсгэртэй. Үүнээс

  • Хязгаарлалтын бүс нь 12035.09 га,

  • Хамгаалалтын бүс нь 23314.48 га,

  • Онгон бүс нь 6921.66 га,

  • Юнескод бүртгэгдсэн талбайн хэмжээ нь 41650 га,

  • Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ашиглалтын хилийн зааг нь 42271.24 га байгаа.

-Богдхан уулын хамгаалалтын бүсийг тэлэх үү. Үе үеийн сайд нарын ярьдаг л сэдэв. Та ч өмнө тэлнэ л гэж хэлж байх шиг байна. Яг ажил хэрэг болох нь хэзээ вэ?

-Хамгаалалтын бүсийг тэлэх шийдвэр гарчихсан. Өнгөрсөн 7 хоногт сайдын зөвлөл хуралдаж нийтдээ хамгаалалтын бүсийг 5562 га газраар тэлэх буюу хязгаарлалтын бүсээс 5562 га газрыг хасах шийдвэр гарсан. Өнөөдөр шүүхийн шатанд яваа 295 га газар, шүүхдээгүй 430 га газар бий. Шүүхдээгүй байгаа газраас үүнд багтсан. Тухайлбал, Соёмботой уул.

Уг уулын орой дээр 3 аж ахуйн нэгжид газар олгочихсон.  Үүнийг шууд цуцална.

-Гэвч нэгэнт олгогдсон газрыг цуцлах гэхээр аж ахуйн нэгж хохирох асуудал яригддаг. Тиймээс дүйцүүлэн олгож асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг үү?

-Туул голын сав дагуу газрын гэрчилгээтэй иргэн, аж ахуйн  нэгж байрлаж байгаа дүйцүүлж уул тал руу газар олгох асуудлыг шийдвэрлэж байна. Эхнээс нь ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Соёмботой уулын доод хэсэгт 20 гаруй айл бий. Ажлын хэсэг гараад айлуудтай уулзаж, Туул голын сав дагуу байлгахгүй. Нэгд, усны эх ундарга. Нийслэлийн  1.6 сая иргэн эндээс ундаалж байна. Мөн Төв аймгийн 6-7 сумын хүн ам ундаалж байгаа усны дэргэд нүхэн жорлонтой байж болохгүй. Хоёрт, үеэр болвол та бүхэн үерт автана. Тиймээс дүйцүүлж өөр газар олгож, шилжүүлнэ гэсэн саналыг тавьсан. Яг ажлаад явсан чинь нөгөө айлуудынх нь тоо 30 давчихсан. Үүн дээр Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад тухайн иргэн уугуул мөн үү, биш үү гэдэг дээр шийдвэр гаргахаар ажиллаж байна.

Иргэдийн хувьд 2 янз байна. Нэг нь үнэн худлаа орилж, хашгираад татаж унаад ч болов газар авах. Нөгөө нь тухайн газартаа оршин суугаад олон жил болсон. Үүнийг ялгах ёстой. Тухайн үеийн сайд нарын алдаатай шийдвэрээс болоод давхардсан асуудлууд бий. Тухайлбал, 40 иргэнд газар олгоно гэж нэг сайд нь шийдвэр гаргаад, дараагийн сайд нь хасчихсан байх жишээтэй. Газар олголтын асуудал дээр нэг мөр шийдвэр гаргах ёстой.

-Зайсангийн ам, Арцадын аманд газар ашиглах эрх авч чадаагүй уугуул иргэд өдгөө ч бий. Тэдний асуудлыг хэрхэх вэ?

-Зайсангийн ам, Арцадын аманд газар ашиглах эрх авч чадаагүй газар ашиглах хүсэлт гаргасан нийтдээ 34 иргэн байна. БОАЖЯ-наас дэмжих санал авсан боловч тушаал нь гараагүй 25 иргэн бий. Товхондоо 59 иргэний асуудал байгаа гэсэн үг. Өчигдөр уугуул 8 иргэнд газар олгох асуудлыг БОАЖЯ шууд шийдэж өгсөн.

-Шүүхийн шийдвэрээр зөвшөөрөл нь сэргэсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхээс өөр гарцгүй биз дээ?

-730 орчим га газрын зөвшөөрлийг цуцалсан. 295 га газар дээр эзэмших бүхий иргэд шүүхийн шатанд ороод эргэж сэргээсэн. 430 орчим га газар шүүхийн шатанд гомдол гаргаагүй учраас бүрэн цуцлагдсан. Энэ газрын зарим нь Богдхан уул тал руугаа, зарим нь дотор талдаа байгаа. Уул талд байгаа цуцлагдсан ямар нэгэн хуулийн маргаангүй газруудыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийг тэлэх маягаар хамгаалалтад авч байгаа. Хязгаарлалтын бүсийн хувьд бүгд барилгажчихсан. Цаашдаа хамгаалалтын бүсийг тэлснээр хязгаарлалтын бүс хумигдаж байна гэсэн үг. Тэгэхээр Богдхан уулыг уул талаас нь ухах ажил зогсч байна гэж ойлгож болно.

-Хамгаалалтын бүс бол хуулиараа хориотой. Тийм биз?

-Онгон бүс, хамгаалалтын бүсийн хувьд хуулиараа ямар ч боломжгүй. Хязгаарлалтын бүсийн хувьд 100 хувь хориогүй учраас барилгажих процесс явагдчихсан.

Ажлын хэсэг гаргаад түр отоглох аялал жуулчлалын газраар олгож байгаа бүх газрууд дээр хяналтаа тавьж ажиллана. Дахин орон сууцжуулах ажлыг аль болох явуулахгүй байхад анхаарна.

-Яагаад аль болох гэж. Хэтэрхий итгэлгүй хариулт биш үү?

-Шүүхийн шатанд явж байгаа олон хэрэг бий. Хэрэв шүүхээс сэргээвэл шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой учраас ямар ч арга байхгүй. Шүүхийн шийдвэр ээр газрын зөвшөөрлийг сэргээвэл Б.Бат-Эрдэнэ гээд гарын үсэгтэй бичигнүүд гараад явна л гэж ойлгох хэрэгтэй.

-Зуслангийн айлуудтай холбоотой асуудал их. Иргэдийг уул руу гарах боломжгүй болгоод хашаалчихдаг гэхчлэн...?

-Зуслангийн газруудтай холбоотой асуудалд нийслэл, дүүргийн эзэмшлийн тул БОАЖЯ эрх зүйн хүрээнд шууд очоод шийдвэр гаргах боломжгүй. Байгаль орчин талаасаа дүгнэлт хийгээд үүнийгээ тухайн Нийслэлийн Засаг дарга болоод дүүрэг, аймаг, сумын Засаг дарга нарт хүргүүлж, яаралтай тухайн газрын асуудлыг шийдэх, шаардлагатай тохиолдолд ашиглах эрхийг цуцлах шаардлагатай гэсэн саналыг хүргүүлдэг.

-Хөвсгөл аймагт ажиллаад ирсэн. Нуурын ёроолд байгаа техникийг татан гаргах ажил ямар түвшинд явж байгаа вэ?

-Өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Хөвсгөлөөс ирсэн. Тэнд хоёр төрлийн ажиллагаа явагдсан. Нэгд, Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах. Өнөөдөр Хөвсгөл нуурын ёсроод 28 автомашин техник байна. Хоёрт, Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганыг зохион байгуулж, зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн хүрээнд 2024 оныг хүртэл 28 техник, хэрэгслийг татан гаргах, мөн Хөвсгөл нуурыг хамгаалах, судлах лабораторийг нуурын дэргэд байгуулах юм. Лабораторийг байгуулснаар Хөвсгөл нуурыг бүрэн судлах. Тэнд хичнээн төрлийн загас байгаагаас эхлээд нарийн судална. Үүнийг дотоодын болон гадаадын олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөртэй хамтран хийх юм. Эхнээсээ ажил хийгдээд явж байна.

АТГ нэр бүхий 13 албан тушаалтныг шалгаж байгаа

-БОАЖЯ-наас олгодог 19 тусгай зөвшөөрлийг цахимжуулснаа танилцууллаа. Зарим зөвшөөрлийг Монголын аялал жуулчлалын холбоо олгож гэж байна. Тусгай зөвшөөрөл авлигажсан.  Тэр бүү хэл, тийм тусгай зөвшөөрлийг тэдээр авдаг гэх үнэ ханш ч бий. Энэ бүхэн бүрэн арилах болов уу?

-Яамнаас нийтдээ 22 тусгай зөвшөөрөл олгодог байсан. Одоо олгож байгаа нь 19. Заримыг нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилжүүлсэн. Тухайлбал, Аялал жуулчлалын холбоонд зарим зөвшөөрлийг шилжүүлсэн. Мөн МҮХАҮТ руу мөн ойрын хугацаанд 1-2 тусгай зөвшөөрлийг шилжүүлэхээр ажиллаж байна.

БОАЖЯ-наас олгодог тусгай зөвшөөрлийг цахимжуулсанаар цаг хугацаа хэмнэнэ гэж үзэж байгаа. Тухайн хүсэлт өгсөн иргэн зөвшөөрөл хэн дээр, ямар албан тушаалтан дээр хэд хонож, яагаад шийдвэрлэгдэхгүй байгаа учир шалтгааныг өөрөө хянах бүрэн боломжтой. Энэ утгаараа төрийн хүнд суртал, авлигажилтыг бууруулах алхам болно гэж үзэж байна.

БОАЖЯ-ны албан бичиг шийдвэрлэлтийн дундаж хугацаа 28 хоног байсан. Одоогийн байдлаар 17 хоног руу орж байна. Цахимжиж байгаа учраас энэ хугацаа улам богино болно гэж харж байгаа.

Энд нэг зүйлийг онцлоход БОАЖЯ-наас АТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр нэг комиссарийг шилжүүлэн ажиллуулж эхэлсэн. Авлигатай холбоотой мэдээлэл байгаа бол манайд мэдэгдэх хэрэгтэй.   

-Ойн ангийн 3 даргыг авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн. Мөн хэд хэдэн албан тушаалтан шалгагдаж байгаа гэх мэдээлэл бий?

-Ойн ангийн 3 дарга, 3 инженер, улсын байцаагч гээд нэр бүхий 13 албан тушаалтан дээр хэрэг үүсгүүлэн шалгуулж байгаа. 431 га газарт эзэн холбогдогчийг нь тогтоож, нөхөн сэргээлттэй холбоотой асуудалд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн асуудал бий.

-Үл хөдлөх зуучлалын компаниудыг шалгана гэж мэдэгдэж байсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юу?

-Үл хөдлөх зуучдадын компаниудаар газар, байшин зарна гэсэн зарууд их явдаг. Энэ асуудал дээр хяналт шалгалтын ажиллагаа хийж байна. Байшин баригдсан байж болно. Анхны зориулалтаар ашиглаагүй гэсэн үндэслэлээр асуудал үүсдэг. Нэгэнт баригдсан байшингууд дээр уулзалт эхэлнэ. Уулзалтаар байшингаа барьчихсан. Гэхдээ хууль зөрчсөн үү зөрччихсөн. Тэгвэл энэ орчноо ногооруулах, нийгмийн хариуцлагын хүрээнд худалдсан мөнгөнөөсөө тодорхой хэсгийг гаргаж зарцуул гэсэн саналыг тавьж байгаа. Нэг талдаа аж ахуйн нэгж хохирч болохүй. Гэхдээ хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлнэ гэсэн үг биш.

-Тусгай хамгаалалтай бүсэд төлбөр хураамж хэр төвлөрдөг вэ. Эргээд байгаль орчиндоо зарцуулагдаж чадаж байна уу?

-Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар эргээд байгальдаа зарцуулагдах ёстой. Гэтэл 2021 онд 141 тэрбум төгрөг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу төвлөрсөн байдаг. Гэтэл БОАЖЯ-ны хийсэн тооцоолол судалгаа, шинжилгээгээр тухайн орон нутагт зөвхөн зориулалтын дагуу 25 орчим хувийг эргэн зарцуулсан байх жишээтэй. Үлдсэн нь зориулалтын бусаар зарцуулагдаж байна. Үүн дээр хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрынхан ажиллаж байна. Хуулийн хэрэгжилтийг хангуулах тал дээр зайлшгүй ажиллах ёстой. Сумын ИТХ гэж том газар бий. Суманд нь төвлөрч байгаа энэ мөнгийг зориулалтын дагуу зарцуулах ёстой байтал сумын төсөвт орж ирсэн мөнгө гээд халгаадаггүй. Сумын ИТХ-аар шийдвэрлэнэ гэсэн заалтаараа тогтоол гаргуулаад өөр зориулалтаар зарцуулдаг. Тиймээс БОАЖЯ хуулийн дагуу ажлын хэсэг гаргаж холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг удахгүй үүсгэнэ.

-Ан агнуурын зөвшөөрлийг сайдын гарын үсгээр бус Засгийн газрын тогтоолоор олгоно гэв үү?

- Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ан агнуурын квотыг тогтооно. Өмнө нь ганц сайд гарын үсэг зураад гаргадаг байсан бол одоо ирсэн хүсэлтүүдийг ажлын хэсэг гаргаж, хянаад нээлттэй, ил тод мэдээллийн систем дээр бүх зөвшөөрлүүдийг олгох ажлыг зохион байгуул гэдэг чиглэлийг өгсөн. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцсэний дараа бүх мэдээлэл ил болно. Үүнд Богдхан уул тойрсон амуудын асуудал ч багтана. Тэнд хичнээн газрыг хэн хэн гэж иргэн, аж ахуйн  нэгжид хэдий хэр хугацаагаар олгосон гээд бүх мэдээлэл ил болж байгаа. Одоо эзэмшиж байгаа газрынхаа төлбөрийг өгсөн эсэхийг ч нээлттэй болгох юм.

-Ойн хөгжлийн төвийг татан буулгаж, агентлаг болгох шийдвэр гарсан ч өнөөдрийг хүртэл албан ёсоор байгуулагдсангүй. Үүний улмаас ажилчид нь цалингүй хэдэн сар болж байна. Үүнийг хэрхэх вэ?

-Ойн хөгжлийн төв татан буугдсан. Төсвийн тухай хууль болон дагалдах хуулиар 2022.01.01-ний өдрөөс эхлэн Ойн судалгаа хөгжлийн төвийг татан буулгаад Ойн агентлаг байгуулах шийдвэр гарчихсан. Гэтэл Ойн агентлаг нь Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байж байгуулагдахаар байгаа. Ойн судалгаа хөгжлийн төвийн мэргэжилтэн ороод 12 албан тушаалтан цалингүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Төсөв нь зарцуулагдаж чадаггүй хэлбэрт орчихсон. Ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бид нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлээд УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдээд байнгын хороон дээр анхны хэлэлцүүлэг ирэх 7 хоногоос эхэлнэ. УИХ болон холбогдох байнгын хороонд ойрын хугацаанд Ойн тухай хуулийг хэлэлцэж өгөхийг хүссэн.

Хөвсгөл нууран дээгүүр дураараа зо