ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаад бодлогоо улстөржүүлж тэнэглэсээр байх уу

O.Admin
2022-07-05

Монголчууд бидний мөнхөд санах учиртай нэг том мессеж бол мөнхийн хоёр хөршийн дипломат харилцаа юм. Хоёр талд орших энэ хоёр заан тэврэлдэж эс бөгөөс зодолдсон ч дунд нь байгаа өвс шиг жижигхэн Монгол Улс ямар нэг байдлаар сүйддэг нь худлаа биш. Тиймдээ ч мөнхийн хоёр хөршийн дипломат бодлогын асуудалд тун болгоомжтой хандах ёстойг үе үеийн төрийнхөн ямагт анхаарч, алтан дунджийг баримтлан асуудалд хандаж ирсэн.

Дэлхий дахинд дайн байлдаантай, ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний эсрэг АНУ тэргүүтэй улс орнууд “хүйтэн харц”-аар харчихсан энэ цагт манай улс гадаад, дотоодын айлчлал томилолтоо ч анхааралтай хийх цаг ирчихээд байгаа. Угтаа, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровын Монгол Улсад хийж буй айлчлал олон улсын анхааралд байгаа бөгөөд эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зарчмаар хандах учиртай билээ.

Гэтэл өөрсдийгөө АН гэж нэрлэчихсэн хэсэг бүлэг этгээд Монгол Улсын нэр хүндийг ч үл тоож, гадаад харилцааг ч уландаа гишгэлж, “С.Лавровыг гурил, өндөгтэй угтана. Монголоос зайлах ёстой” гэх мэтээр тэнэглэж буй нь хэрхэвч хүлээн зөвшөөрөх асуудал биш билээ. Ерөөс сүүлийн үед "эх оронч" хэмээн цээжээ дэлдсэн тэнэг, мангар нь мэдэгдэхгүй хүмүүс улс орны гадаад бодлого, аюулгүй байдал зэргийг үл тоож гадна, дотны захиасаар дэмий балай улстөрждөг болоод удлаа. Тэд үнэндээ газрын тос байтугай гадаад бодлогын талаар ямхын төдий ч ойлголтгүй. Тухайлбал, урд хөрштэй холбоотой газрын тосны тээвэрлэлтийн асуудал буюу “Петрочайна Дачин тамсаг” компанийн асуудал хөндөгдөөд удлаа.

Уг асуудлыг эсэргүүцэгч Г.Адилбиш гэх эмэгтэйн тухай ярихгүй өнгөрч боломгүй. Энэ эмэгтэй эх оронч уу, эсвэл... гэх асуулт ч урган гарч буйг нуух юун. Учир нь Петрочайнагийн асуудлаар тэр эмэгтэй таван шаардлага тавьсан байдаг бөгөөд түүнээс дөрвийг нь тус компани хүлээж аван асуудлыг шийдвэрлэжээ. Үлдсэн нэг асуудалд хугацаа шаардлагатай гэдгийг хэлсэн ч "Босоо Хөх Монгол" гэх хаана мөнгө үнэртэж байна, тэнд давхиж явдаг хулхины эх орончидтой хамтран тээвэрлэлтийг гацааж, тав хоног өнгөрөөв.

Монгол Улсын эрх ашигт нийцээгүй асуудлыг ил тод тавиад хөндөж буй сэтгүүлчид олон ч гэлээ энэ мэт “хулхи” эх орончид ороод ирэхээр энэ нь ямарваа нэг эрх ашгийн төлөө байдгийг мэдэх учраас урд хөршийн харилцаанд асуудал үүсгэж буй энэ мэт асуудлыг дэврээмээргүй байгаа юм.

Хулхины эх орончдын аль нэг бүлэглэл, улс оронд үйлчилсэн энэ мэт үйлдлээс болж Монгол Улс АМНАТ-аас гадна санхүүгийн олон эрсдэлтэй нүүр тулахаас гадна хоёр хөршийн харилцаанд ч хүйтэн уур амьсгал учруулсаар буйгаа тэд мэддэг ч мэдэн будилдаг нь тодорхой. Газрын тосны компанийн буруу булхайг ярилцаж суугаад шийдээд явах, тэр ч байтугай шаардлагыг нь хүлээгээд авчихсан байхад тээвэрлэлт гацааж, тэгнэж хэвтэнэ гэдэг том эрх ашгаар хүлэгджээ хэмээн хардах шалтгаан болж буй.

Бид дотооддоо хэдэн улстөрчдөө элдэвлэж, эрх ашгийн зөрчилтэй асуудлаар тэгнэж хэвтэж, тэнэгэрч болох ч гадна талдаа ийм тэнэглэлээ харуулаад баймааргүй байх юм. Хүссэн ч эс хүссэн ч бид мөнхийн хоёр хөрштэй. Хаашаа ч зайлж чадахгүй үнэн. Тиймээс гадаад бодлогоор улстөржиж, хөлсний цэргүүдээ энэ салбар руу явуулаад баймааргүй байх юм.