ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ГЕГ: Их хэмжээний өлөн гэдэс, говийн чулуу тээвэрлэн хилээр нэвтрүүлэхийг завджээ

O.Admin
2023-03-28

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Оны эхний гурван сарын байдлаар нийт 427 зөрчил илрүүлсэн байна. Үүний 4 нь зөрчил эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байсан тул холбогдох албанд шилжүүлжээ. Зөрчлийн улмаас нийт 380 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Мөн 750 сая төгрөгийн нөхөн татвар ногдуулсан байна. Цахим сүлжээнд ачааны гурван автомашин БНХАУ-ын хил нэвтрэх үеэр хориотой бараа нуусан болох нь илэрсэн бичлэг тархаад буй. Энэ зөрчлийн талаар БНХАУ-ын Гаалийн цагдаагийн албанаас холбогдох мэдээллийг авчээ. Тодруулбал, иргэн Б машины эд ангид 314.9 кг хатаасан өлөнг нуувч болгон ашигласан нь илэрсэн байна. Мөн иргэн Ч-ийн автомашинаас 300 кг говийн чулуу, иргэн Г-ийн автомашинаас 51.2 кг чулуу илэрсэн байна. Эдгээр гурван ачааны машин 2023 оны гуравдугаар сарын 25 нд Монгол Улсын хилээр нэвтэрсэн бөгөөд хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Хамгийн сүүлд, Замын-Үүд хилийн боомтоор Монгол Улсын иргэн хууль бусаар үнэт чулууг гаргахыг завдсан бөгөөд чулууг хураан авч, зөрчлийн хэрэг үүсгэсэн аж.

2022 онд 4000 тнн орчим эм эмнэлгийн хэрэгсэл импортолсон байна. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл 128 мянган ам доллар болно. Эм эмнэлгийн хэрэгсэл дотор витаминыг ихээр импортолж байгаа юм. Ингэхдээ иргэд аж ахуйн нэгжүүд бүртгэлд ороогүй витаминыг импортлох тохиолдол олон байна. Бүртгэлд ороогүй витаминыг хилээр нэвтрүүлэх боломжгүй. Витаминыг хилээр нэвтрүүлэхэд гаалийн байгууллагаас биет үзлэгийн хяналт, бичиг баримтын хяналт, лабортарийн шинжилгээ гэсэн гурван төрлийн хяналт тавьдаг. Тухайн бүтээгдэхүүн тээвэрлэлт зөрчигдсөн тохиолдолд лаборатарийн шинжилгээнд хамруулдаг гэлээ.

Түүнчлэн биологийн идэвхт бүтээгдэхүүн болох витаминыг хил нэвтрүүлэх үеэр одоо мөрдөгдөж байгаа Зөвшөөрлийн тухай хууль болон Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн зүйл заалт нь хоорондоо харшилж ойлгомжгүй байдал үүсгэж байна. Тухайлбал, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд биологийн идэвхт бүтээгдэхүүн болох витамин тусгай зөвшөөрөл аваагүй тохиолдолд улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно гэж заасан. Зөвшөөрөл байхгүй тохиолдол гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлж болохгүй гэсэн үг. Гэтэл Зөвшөөрлийн тухай хуулиар Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулахад зөвшөөрөл авна гэж заасан байгаа юм. Энэ нь зөвшөөрөл авахгүйгээр улсын хилээр нэвтэрч болохоор ойлгогдож байна. Энэхүү хоорондоо харшилж ойлгомжгүй байдал үүсгэж байгаа хуулийн хоёр заалтыг эмхэтгэх хэрэгтэй байгаа аж.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хилийн мэргэжлийн үйл ажиллагааны чиг үүрэг орон тоотой гаалийн байгууллагад шилжин ирээд жил гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хүрээнд Гаалийн хяналтын тухай хуулийн 269.1.11-д гаалиар нэвтрэх бараа тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарыг шалгах чиг үүрэг шилжиж ирсэн. Иймд 2022 онд хорио цээрийн холбоотой 140 зөрчил илрүүлсэн байна. Түүнчлэн 48 мянга гаруй нь импортын мэдүүлэг, 4800 гаруй экспортын мэдүүлэг дээр ажилласан байна. Он гарсаар 85 зөрчил илрүүлж холбогдох арга хэмжээг авчээ.