ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Баярдаваа: Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт иргэдэд дарамт болж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-05-16

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ дотоодын зах зээлд өндөр үзүүлэлттэй гарчээ. Энэ нь тогтмол цалинтай иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлж байна шүү дээ?

-Санхүүжилтийн хэрэгслээр улсын төсвийн татаасаар хүүгийн нөхцөл зэргээр тухайн салбарт өөрчлөлтүүд нэлээд явж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилга хүртэл орж ирсэн. Энэ бүхний үр дүн нь мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуйн салбар жилийн дөрвөн улиралд нийлүүлэлт нь тогтвортой  байдаг сүлжээг бүрдүүлэх ёстой.

Энэ байхгүйгээс хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний савлагаа зах зээлд инфляцийг болон хүмүүсийн амжиргааны зардалд дарамт болж байна. Тухайлбал, хүнсний ногоо гэхэд жилд 40-50 хувиар үнийн савлагаа үүсгэж байгаа юм. Мах махан бүтээгдэхүүн гэхэд 0-20 хувиар үнэ нь савладаг. Жилийн савлагаа ийм байхад инфляци тогтвортой болоход хэцүү. Цаашид хүмүүсийн хэрэглээнд үнийн дарамт үүсгэж, тогтвортой байхад илүү хүнд болно.

-Үнийн савлагаагааг мөнгөний бодлого аль эсвэл бодлогын хүүгээр зохицуулж болох уу?

-Нийт түүхэн хугацаанд инфляцид задаргаа хийгээд үзвэл 4-5 бүтээгдэхүүн гэхэд 40-50 хувийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, мах,  хүнсний ногоо,  шатахуун зэргийг нэрлэж болно. Эдгээр бүтээгдэхүүн нийт инфляцийн 50 хувийг бүрдүүлдэг.

Ийм богино хугацааны улирлын шинж чанартай, хөдөлгөөн, нийлүүлэлтийн доголтойгоос үүдсэн үнийн савлагааг Иөнгөний бодлого эсвэл бодлогын хүүгээр зохицуулах ямар ч бололцоо байхгүй. Салбар өөрөө л хөгжих ёстой. Тухайлбал, мах, хүнсний ногоо гэхэд намар хурааж, нөөцөлдөг. Харин хаврын улиралд чанараа алдахгүйгээр хэрэглэгчдэд хүрдэг байх тогтолцоог бүрдүүлэх ёстой.

-Инфляцийг хөөргөдөж буй гол нэрийн бүтээгдэхүүнд юу, юу багтаж байна вэ?

-Инфляци өнгөрсөн оны дунд үед 16.6 хувьд хүрч буурч байсан. Одоо 11 хувь руу бууж ирж байна. Гэхдээ бүлэг, бүлгээрээ инфляци өөр байгаа. Хамгийн их өндөр өсөлттэй яваа бүлэг бол дотоодын хүнсний бүтээгдэхүүн. Дотоодын хүнсний бүтээгдэхүүний инфляци 27-28 хувьтай байна.

Тэгэхээр 27-28 хувьтай байгаа дотоодын хүнсний бүтээгдэхүүний инфляци өрхүүдийн бодит орлогод нэлээд нөлөө үзүүлж байна. 27-28 хувийн  өсөлттэй инфляцийн цаана 2-3 нэр төрлийн бараа байна. Тухайлбал, мах гэхэд сүүлийн 3-4 сар үнэ нь огцом өсөлттэй байна. Энэ нь сарын инфляцийн 50 хувийг мах дангаараа бүрдүүлж байгаа юм. Нийт жилийн инфляцийн томоохон нөлөөг мөн гурил эзэлдэг. Гурил болон гурилан бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Дотоодын хүнсний ногоо эзэлдэг. Ер нь мах, ногоо, гурил нь хүнсний хэрэглээний 27-28 хувийн инфляцийг эзэлдэг.

-Зах зээлд өрсөлдөөний чадварыг нэмэгдүүлнэ гэж хэлдэг, ярьдаг. Гэвч өнөөдрийг хүртэл дорвитой шийдэлгүй сууна?

-Бид эдийн засгийн өрсөлдөх чадвараараа бусад улс оронтой өөрсдийгөө харьцуулна шүү дээ. Эдийн засаг нь өөрөө дэлхийн зах зээл рүү ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлж чадаж байна гэдэг нь бусад улс оронтой ямар өрсөлдөх чадвартай вэ гэдэг нь тодорхойлогдох юм. Өрсөлдөх чадварын цаана яригддаг гол зүйл бол бүтээмж.

Бидний сүүлийн хэдэн жил байнга харж байгаа зүйл бол мал аж ахуйн салбар шүү дээ. Тэгэхэд махны экспортын асуудал хөндөгдөхөд дотоодын зах зээлд үнэ нь өсдөг. Энэ бол зах зээлд байнга ажиглагддаг. Монгол Улс энэ жил 48 мянган тонн эскпортод гарахаар болсон.

Өнгөрсөн жилийн 18 мянга, өмнөх жилийнх гээд тооцвол бид эхний дөрвөн сард жилдээ хийдэг махны экспортоо хангадаг гэсэн үг. Цаашид махыг олон улсын зах зээлд гаргадаг болох ёстой. Эрүүл ахуйн шаардлагыг нь хангаж, нийлүүлдэг болох шаардлагатай. Гэхдээ валют олдог экспортын салбар тогтвортой байх ёстой. Энэ нь махны нийлүүлэлт тогтмол байх ёстой. Чанар нь дэлхийн төдийгүй дотоодын зах зээлдээ нийцдэг байх хэрэгтэй. Олон сар хадгалагддаг ч гэсэн шинэ махны дайтай чанартай байх ёстой гэсэн үг.

-Инфляцитай уялдуулж, цалингийн өсөлт, өрхийн орлогыг нэмэгдүүлэх талаар ярьж байна. Инфляциа хөөсөн төрийн шийдэл хэр зөв бэ. Хурдыг нь гүйцэх үү. Зах зээлд дахиад л үнийн хөөрөгдлийг авчрах уу?

-Амьдрал дээр хэрэгтэй. Хүнсний инфляцийн үнэ зах зээлд өндөр байгаа учраас тогтмол орлоготой иргэдэд маш их үнийн дарамтыг бий болгож байна. Тухайлбал, хүүхдийн мөнгө, групп, тэтгэвэрээр амьдардаг хүмүүст бүр хүнд тусч байна. Үүнийг цалингийн өсөлтөөр шийдэх нэг хувилбар байж болно. Нөгөө талд зорилтод бүлгүүдэд нийгмийн халамжийн бодлогоор шийдэх бололцоотой. Харин нийгэмд хавтгайрсан цалингийн өсөлтийн талаар ярьвал эргээд инфляци буурах бололцоо байхгүй.

Инфляци буурахад саад болохгүйгээр цалинг өсгөхийн тулд бүтээмжийг өсгөх хэрэгтэй. Энэ нь нэгж хөдөлмөрийн зардал нь буурч байх ёстой. Цалин өссөн ч зах зээлд нийлүүлж, үйлдвэрлэж байгаа нь тасралтгүй байвал зардлын дарамт болохгүйгээр шийдэгдэнэ.