ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлээгүй В.В.Володиныг оросууд шүүмжилжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-09-25

ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин манай улсад айлчлахдаа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээгүй нь олон нийтийн сүлжээнд шуугиан тариад буй. Айлчлалын эхний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг угтан авч, хамтдаа Чингис хааны хөшөөний өмнө очсон бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга хүндэтгэл үзүүлж мэхийсэн бол В.В.Володины хувьд “үл хүндэтгэсэн” гэх шүүмжлэлд өртөөд буй юм.

Уг үйл явдал нийгмийн сүлжээнд иргэдийн дүргүйцлийг төрүүлж, “Ромын Пап хүртэл тэргэнцрээсээ босч хүндэтгэл үзүүлсэн байхад биднийг үл хүндэтгэлээ” хэмээн шүүмжилж байгаа билээ. Хэдийгээр Монгол Улсад айлчилсан гадны төлөөлөгчид заавал Чингис хааны хөшөөний өмнө мэхийнэ гэх журам байхгүй ч айлчлал хийж буй тухайн орныхоо соёл уламжлалыг хүндэтгэх нь дипломат ёсны бичигдээгүй хууль гэхэд хэтийдсэн болохгүй. Тэгвэл зөвхөн монголчууд төдийгүй, оросууд ч В.В.Володины үйлдэлд цочирдсон бололтой.

Оросын зарим сайт болон шинжээчид В.Володины үйлдэл ОХУ-ын гадаад бодлого, дипломат ёс хэр хэмжээнд доройтсоныг харууллаа хэмээн шүүмжилж байна. Тухайлбал, ОХУ-ын улс төрийн блогчин Анатолий Несмиян “Архи ууж, калинга бүжиглэх гэж байгаа бол хамаа алга. Гэтэл албан ёсны айлчлал чинь өөр. Ийм ажлыг ч зохион байгуулж чадахгүй байна. Айлчлалын бүхий л үйл явцыг урьдчилж тохиролцсон протокол гэж нэг юм бий. Чингис хааны хөшөөнд мэхийх эсэхийг уг протоколыг боловсруулах шатандаа тохирох байсан.

Ямар ч улс урьсан зочноо эвгүй байдалд оруулахыг хүсэхгүй. Бүх зүйлийг дуулиан шуугиангүйгээр зохицуулах боломж байсан” гээд “Гэвч Оросын протокол боловсруулсан хүмүүст ийм өчүүхэн зүйлийг ч хийх чадамж байсангүй. Ингээд л гэнэтийн эвгүй байдалд орлоо. Харамсалтай нь бүхий л зүйлд мэргэжлийн ур чадвар дутагдаж байгаа нь орчин цагийн Оросын нэрийн хуудас болчихжээ” хэмээн шүүмжилсэн байна. Түүний шүүмжлэлийг иш татан Оросын хараат бус мэдээллийн сайтууд В.В.Володоны үйлдлийг шүүмжилж буй бол олон нийтийн сүлжээнд ч иргэд нь энэ үйлдэлд дургүйцлээ илэрхийлэн шүүмжилж эхэлжээ.

Эх сурвалж: www.dialog.ua