ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

REUTERS: Монгол Улс эд өлгийн зүйлсээ Орос болон бусад улсаас нэхжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-11-21

Мэдээллийн “Reuters” агентлаг Монгол Улс олон жилийн өмнө “алдсан” эд өлгийн зүйлсээ ОХУ, Их Британи тэргүүтэй олон улсаас буцаан авахыг хүсч буй тухай мэдээлжээ.

Уг мэдээнд “Монгол Улс хоёр мянган жилийн тэртээх үед хамаарах хэдэн зуун соёлын үнэт өв, эд өлгийн зүйлсээ буцаан авахад дэмжлэг үзүүлэхийг ОХУ, Их Британи болон бусад улсуудад уриаллаа.

Монголын Засгийн газрын мэдэгдэлд дурьдагдсан гол олдворуудын тоонд эдүгээ Лондон дахь Британийн номын санд хадгалагдаж буй Хятадын Манжийн хаант улсаас тусгаар тогтнолоо зарласан Монголын анхны Ерөнхий сайдын захидал, мөн Эдинбургийн музейд буй  XIII-XIV  зууны үед Персийн эзэнт гүрнийг захирсан Монгол ноёдын дор ажиллаж байсан төрийн зүтгэлтэн Рашид аль Динтэй холбоо бүхий олдворууд тус тус багтаажээ.

Сүүлийн жилүүдэд Европын эзэнт гүрний колони байсан улс орнууд олон жилийн өмнө авч явсан түүх, соёлын эд өлгийн зүйлс, олдворуудаа буцаан авахыг хүсэх болсон ч, тэдгээрийн ихэнхийг хадгалж буй музейд цуглуулгаа өгөхөөс татгалзсаар байна. Монгол Улсын хувьд соёлын олдворуудаа буцаан авах тал дээр тодорхой ахиц гаргаж чадсан. Тодруулбал, энэ оны эхээр АНУ 70 сая жилийн өмнө амьдарч байсан Тираннозаврын арай жижиг хувилбар болох алирамус зэрэг үлэг гүрвэлүүдийн чулуужсан олдворуудыг Монголд буцаан өгсөн байдаг.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ОХУ-д болсон чуулганы үеэр Монголын Соёлын сайд Ч.Номин 1920 онд буюу 100 жилийн өмнө ОХУ-ын судлаач Пётр Козловын Ноён уулын булшнаас судалгаа хийх, сэргээн засварлах нэрийн дор авч явсан Хүннү гүрний үеийн олдворуудыг эргүүлэн авахад туслахыг Москвагаас хүсчээ” гэсэн байна.