ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бангладеш Монгол руу боловсон хүчнээ экспортлох санал тавьжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-02-05

Бангладешийн Худалдаа аж үйлдвэрийн танхим Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн тухай “BSS” агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсаас Бангладешт суух Элчин сайд Д.Ганболдтой тус улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Махбубул Алам уулзсан бөгөөд уулзалтын үеэр “Хөдөлмөрийн зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах чадварлаг боловсон хүчнээ Монгол улс руу экспортлох боломжтой” гэж мэдэгджээ.

Үүнээс гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжит хэд хэдэн салбарыг онцолж, Бангладешийн бэлэн хувцас, арьсан бүтээгдэхүүн, нэхмэл эдлэл, керамик бүтээгдэхүүн, эм, гутал, хуванцар бүтээгдэхүүн, цахилгаан бараа дэлхий дахинаа чанараараа аль хэдийнэ танигдсан гэдгийг онцолсон байна.  Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр 100 эдийн засгийн тусгай бүс байгуулж, гадны хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлөх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх олон талын санал санаачилга гаргаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Махбубул Алам  Элчин сайд Д.Ганболдоор дамжуулж, “Монголын хөрөнгө оруулагчдыг Бангладешт урьж, хамтарч ажиллах боломжтой салбаруудыг судлахыг хүсэж буйгаа” уламжилсан байна.