Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос манай улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр танилцуулагдсан мөнгө болон зээлийн өрийн үлдэгдлийн голлох мэдээллүүдийг хүргэе.
Мөнгөний нийлүүлэлт энэ оны нэгдүгээр сард 37.5 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 7.8 их наяд төгрөгөөр өсжээ. Тус өсөлтөд төгрөгийн харилцах хоёр их наяд, төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин төгрөгийн хадгаламж 17.1 их наяд төгрөг байгаагийн 84.3 хувийг иргэдийн, 15.2 хувийг ААН болон байгууллагын хадгаламж эзэлж байгаа аж.
Тэгвэл манай улсын нийт зээлийн өрийн үлдэгдэл 27.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.2 их наяд төгрөгөөр өсжээ. Уг өсөлтөд иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 4.1 их наяд төгрөг, хувийн байгууллагынх 1.1 наяд төгрөгөөр өссөн нь гол нөлөө үзүүлсэн байна.
Мөн нийт зээлийн өрийн үлдэгдлийн 58.6 хувь нь иргэдийнх, 40.2 хувь нь хувийн байгууллага, 0.7 хувь нь төрийнх, 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллагынх байгаа талаар танилцуулгын үеэр онцлов.
Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 24.5 их наяд төгрөг болж, өмнөх мөн үеэс 5.2 их наяд төгрөгөөр өссөн байна. Тэгвэл анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны нэг сараас 84.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн аж.
Харин чанаргүй зээл хоёр их наяд болж өмнөх оны мөн үеэс 14.8 тэрбум төгрөгөөр өсжээ. Тэгвэл нийт зээлийн дүнд анхаарал хандуулах зээл 4.4 хувь, чанаргүй зээл 7.4 хувийг эзэлж байгаа юм.
Түүнчлэн Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш нэгдүгээр сард 3,407.37 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.84, өмнөх сарынхаас 13.83 төгрөгөөр чангарсан талаар ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар танилцууллаа.