“Өдөрт таван хуудас ч болтугай ном уншдаг ард түмэн болцгооё” хэмээн уриалга дэвшүүлж, 30 орчим жил ёс төдийхөн тэмдэглэж ирсэн Номын баярыг “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран улсын хэмжээнд цаашлаад дэлхий дахины томоохон зохиолч, яруу найрагч, нийтлэл туурвигчид зорин ирдэг том баяр болгож чадсан хүн бол УИХ-ын дарга Г.Занданшатар билээ.
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд номын баяр Их хурлын даргын ивээл дор зохион байгуулагдах болж, улмаар Ч.Ундрам, Б.Баярсайхан, Б.Саранчимэг нарын эмэгтэй гишүүдийн санаачилгаар Үндэсний тэмдэглэлт баярын нэг болсноор номонд хайртай монголчууд жил бүрийн тавдугаар сарын дундах амралтын өдрүүд, есдүгээр сарын гуравдахь долоо хоногийн бямба, ням гарагт төв талбайдаа цуглацгааж, хайртай зохиолчтойгоо хамт гурван өдрийг өнгөрүүлэх болжээ. Тэгвэл 35 дахь жилдээ тэмдэглэж буй “Номын баяр” энэ амралтын өдрүүдэд Төв талбайд болж, номын гэгээн ертөнцөөр найман настай балчраас эхлээд наян настай буурай нар аялж, үлгэр амилж, хүүхэд залуусын инээд цалгисан өдрүүдийг хамтдаа үдэцгээлээ.
Номын нээлтийг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэлэхдээ “Номын баярын цар хүрээ жилээс жилд өргөжиж, олон улсын фестивал болсон төдийгүй үндэстнийхээ түүх, соёл, ном судар, түүнийг бүтээгчдийг хүндлэн дээдлэх, уншигч зохиолчдын амьд холбоог бэхжүүлэхэд улам бүр ач холбогдолтой болжээ. Зөвхөн үндэсний хэмжээний баяр биш, гадаад улс орнуудаас нэр хүндтэй, алдартай зохиолч, хэвлэн нийтлэгчид ирж оролцдог болсноор Монголын уншигчид, хэвлэлийн компаниуд, зохиолчидтой биечлэн уулзаж хамтран ажиллах боломж бүрдэж байна” хэмээлээ.
Түүнчлэн, Монгол төрийн түүхийг илтгэх 45.000 гаруй ном, бүтээлийн сан хөмрөг бүхий Парламентын номын санг удахгүй уншигч, олон нийтэд нээлттэй болгохоор ажиллаж буй талаараа дурдаад 1924 оны Анхдугаар Үндсэн хуулийг баталсан хурлын тэмдэглэл, нэрт академич Б.Ринчен гуайн докторын зэрэг хамгаалсан судалгааны бүтээлээс эхлээд түүх, бичиг соёлын хосгүй эх сурвалжууд энд хадгалагдаж буйг тодотголоо.
Жил бүрийн хаврын номын баярыг тохиолдуулан УИХ-ын даргын нэрэмжит “Номын сайн нөхөр” уралдааныг нийслэл болон 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд “Шилдэг ном” шагналаар зохиолч, яруу найрагч М.Эрдэнэбатын “Орчлон хэнээр ч дутаагүй” ном шалгарсан бол “Шилдэг хэвлэлийн газар”-аар “Непко паблишинг” тодорч, “Шилдэг номын сан” шагналыг Чингэлтэй дүүргийн хүүхэд хөгжлийн цогцолборын хамт олонд гардуулсан юм. Өнөө жил Төв талбайг 200 гаруй уран бүтээлчид зорин ирж, тэднээс 60 гаруй нь шинэ бүтээлээ энэ өдрүүдэд өлгийдөн авчээ. Харин давхардсан тоогоор 250 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж хайртай зохиолчийнхоо бүтээлийг гарын үсэгтэй нь гардаж авдаг болсон гэлээ.
Энэ удаагийн Номын баярт оролцохоор гадаадаас Унгар Улсын Кино хорооны дэд дарга Пэшти Акош, кино зохиолч, түүхэн романы зохиолч Бела Трукс, “Andrew Nurnberg Associates” агентлагийн Бангкок дахь салбарын захирал Вийрават Биг Течакижаторн, “Introtema” агентлагийн төлөөлөгч Гульнара Якупова болон БНСУ-ын зохиолч, “Сэтгэл хөдөлгөсөн монгол аялал” номыг туурвигч Шон Пё нарын хүндэт зочид зорин ирсэн байна.
Түүхэн романы зохиолч Бела Трукс “Унгар болон Монголын ард түмнийг бидний өвөг дээдэс холбодог. Газарзүйн хувьд олон зуун км-ын алсад оршдог боловч нэг л гарал үүсэл, нэг угсаагаар бид дэлхийд ялгардаг. Дан ганц үүх түүхээс гадна хоёр ард түмний эрх чөлөөг хүсэмжилсэн түүх нь бусдаас ялгарах онцлог билээ. Хүннүчүүдээс бид үүнийг өвлөн авсан юм. Бидэнд хүчирхэг явсан үе ч бий. Зан заншил, соёлоо бусдад булаалгаж явсан үе ч бас байсан. Гэхдээ амжилтад хүрээгүй. Орчин цагт бид олон салбарт хамтран ажиллаж байна. Одоо цагт ч бид түүхэн шуургыг даван гарч, хамтдаа өв соёлоо хадгалан үлдэх сорилтын өмнө ирээд байна. Бичиг үсэг, тэр тусмаа хадны сүг зургаа хадгалж, хамгаалж үлдэх талаар хоёр улс цаашдаа ч хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. Уран бүтээлч хүн маш их судалгаатай бүтээлээ туурвих ёстой болдог. Ард иргэдийн бидэнд үлдээсэн өв соёл, язгуур урлаг, ардын бүтээлийг хамтран бүтээл болгох чиглэлээр ажиллахад бэлэн” гэлээ.
Тэгвэл Соёлын яамнаас Монголын түүхийн хийгээд өв соёлын алдарт бүтээлийн дээжээс Парламентын номын санд бэлэглэсний дараа “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” буюу залуу уншигч нараа тодруулав. Мөн Соёлын яамнаас хүүхэд багачуудын дунд зарласан “Номын сайн нөхөр” шилдэг уншигч шалгаруулах уралдаанд Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн сурагч М.Билигт шалгарсныг зарлаж, шагналыг гардууллаа.
Харин Нийслэлийн соёл урлагийн газар нь Хотын асуудлаар тууштай нийтлэл бичиж, хотын түүхийн талаар бүтээл туурвиж, 80 гаруй номын редактороор ажилласан Ц.Оюунчимэг сэтгүүлчид Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын батламжийг хадгалуулж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
Ц.Оюунчимэг сэтгүүлч бидэнтэй баярын сэтгэгдлээ хуваалцахдаа “Номын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн их ач холбогдолтой энэ баярын өдөр батламж хүлээж авсандаа баяртай байна. Энэ өдөр уншигч олон маань зохиогчтойгоо уулзаж, шинэ номуудтай танилцаж, номын тухай харилцан яриа өрнүүлдэг тун ач холбогдолтой баяр юм.
Олон улсын зохиолч нар хүрч ирснийг харлаа. Энэ шагнал бол маш утга учиртай. 20 гаруй жил сэтгүүлчээр ажиллахдаа хотын хөгжлийн талаарх нийтлэл маш олон жил бичлээ. 80 гаруй ном редакторлож нийгэмд хүргэсэн амжилтыг минь хот үнэлжээ” хэмээв. Номонд хайртай монголчуудыг гурван өдөр Төв талбайд цуглуулсан энэхүү баярыг зорин ирсэн олон зочдоос онцолж та бүхэндээ дөрвөн уншигч, оролцогчийн байр суурийг бэлтгэснээ хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
-Номын хамт олон маань энэ баярыг жил бүхэн тэмдэглэж ирсэн. Гэхдээ энэ нь хязгаарлагдмал буюу зөвхөн Улаанбаатар хотод болдог байсныг өөрчилж, улсын хэмжээнд болгох чиглэлд эмэгтэй гишүүд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд өөрчлөлт оруулан хуульчилж өгсөн юм. Ингэснээр Соёлын яам болон орон нутгийн удирдлагууд ач холбогдол өгч, төсөв мөнгө гарган тэмдэглэн өнгөрүүлдэг боллоо.
Хамгийн гол нь хүүхэд, залуусаа номонд дуртай болгоё. Ухаалаг гар утасны хэрэглээ ихсэхийн хэрээр залуус баталгаагүй мэдээллийг сошиал орчноос шүүлтүүргүй авч байгаа энэ үед үндэсний бичиг үсэг, өв соёл, уран бүтээлчдийнхээ даацтай бүтээлүүдийг өргөн хүрээнд сурталчилж, тэднийг холбож байх нь яах аргагүй тэмдэглэх ёстой өдөр гэж үзсэн учраас хуульд өөрчлөлт оруулж өгсөн хэрэг.
Ном бол ертөнцийг харах цонх. Тиймээс бодит мэдээллийг та бүхэн номноос л авна шүү. Уран бүтээлчид олон асуудлыг хөндөж байгаа. Тэр тусмаа татварын уян хатан бодлого хэрэгжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх саналыг их тавьдаг. Гадаад зах зээлд бүтээлээ гаргахад нь татварын дэмжлэг үзүүлэх нь маш чухал юм.
Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг:
-Монгол Улс 1950 оноос номын баяр, үзэсгэлэн худалдаа, номын яармаг гэх мэтээр олон янзаар тэмдэглэж ирсэн. 2021 онд “Тэмдэглэлт өдөр болон нийтээр тэмдэглэх баярын тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан жил бүрийн тав, есдүгээр сарын дундах долоо хоногт Үндэсний бичиг үсэг, ном бүтээлээ дэлгэж баярладаг болголоо.
Номын баярыг зөвхөн Улаанбаатар хотод тэмдэглэж байсныг өөрчилж, 21 аймагт нэгэн зэрэг уламжлалт баяр байдлаар сүүлийн гурван жил тэмдэглэлээ. Жилээс жилд баярын үйл ажиллагаа томорч, өнөөдөр гадны зохиолч, яруу найрагч, бүтээгчид зорин ирдэг болжээ. Манай яам байгуулагдсан цагаасаа хойш уран бүтээлчдийн даацтай бүтээлийг олон улсад гаргах чиглэлээр чамгүй ажиллаж байна.
Тухайлбал, Зууны манлай шилдэг роман “Тунгалаг тамир”-ыг Франц улсад хэвлүүлэхээр болж, ном редакторуудын хяналтад ороод явж байгаа. БНХАУ-ын Ардын хэвлэлийн төв хороотой хамтран ажилласнаар хоёр улсын шилдэг 100 бүтээлийг харилцан Хятад, Монгол хэлээр орчуулж нийтийн хүртээл болгох ажил хийгдэж байна.
Хэвлэлийн компаниудтай хамтарч Монголын зохиолчдын бүтээлийг гадаадад хэвлүүлэх ажлыг хийж байгаа. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод олон улсын яруу найргийн форумыг зохион байгуулснаар 20 гаруй улсын зохиолч нар ирж манай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, харилцан бүтээлээ орчуулах ажлыг хийж эхэллээ. Гурван том анатологи гаргаад байна, бид. УИХ-аас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль батлагдсанаар соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдлээ.
Мөн Соёлын сайд Ч.Номин Монгол Улсыг олон улсад сурталчлах үндэсний хорооны даргын үүргийг гүйцэтгэснээр Монгол Улсын түлхүүр үг, брэндийг тодорхойлон, дэлхийн хэмжээнд гаргах ажлыг амжилттай хийж байна. Үргэлж хөдөлгөөнтэй, өсөн дэвжихийн бэлэгдэл буюу "GO" гэх үгийг нэрэндээ багтаасан хоёр улсын нэг гэдгээрээ энэ үгний эрхийг авч, брэндээ тодорхойлон ажиллаж байна. Маш олон бүтээлийг, уран бүтээлчийг бид гадагшаа, дэлхийн зах зээлд гарахад дэмжлэг боллоо. Каннд манай уран бүтээлчид оролцож байна. Гаднаас ирж буй уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Япон улсад шуугиан тарьж буй “Вивант” киног эх орондоо урьж, амжилттай зураг авах ажлыг ч бид өнгөрсөн хугацаанд хийлээ.
Хүүхдийн зохиолчдын “Эвт үзэг” төвийн Гүйцэтгэх захирал Б.Ганчимэг:
-Бид байгуулагдаад 15 жил болж буй. Ахмад олон зохиолч нар маань энэ хугацаанд бурхны оронд оджээ. Хүүхдийн зохиолд одоо харин залуу үе хүч түрэн орж ирж байгаад туйлаас баяртай байна. Шинэ цагийн хүүхдүүдийн сэтгэхүй, онцлогийг дагаад хүүхдийн зохиолчид ч өөрчлөгдөж, ном бүтээлээ илүү орчин үеийн болгох хэрэгцээ шаардлага тулгарах боллоо.
Үйл ажиллагаагаа хүүхдийн сэтгэхүйд тулгуурлан өөрчилье хэмээгээд залуу хүн надад итгэж удирдуулсан. Бид чанартай л бүтээл бичих ёстой гэдэгт тулгуурлаж дотроо сургалт авдаг, мэргэжлийн хүмүүстэй уулзаж, нэгнийхээ зохиол бүтээлийг дотроо уншиж шүүмжлэх зэргээр хөгжихөөс гадна гадагшаа ч нэг, нэгээрээ явж туршлага солилцох болсон нь том ололт юм.
"Шидэт номын найзууд" гээд богино өгүүллэгийн уралдааныг 10 жилийн турш зохион байгуулсан. Тэрхүү уралдаанаас шалгарсан шилмэл бүтээлээр ном бүтээснээ өнөөдрийн номын баяраар хүүхэд, багачуудадаа өргөн барьж байна. Шинэ цагийн хүүхдүүдийн сэтгэхүйд тохируулж нэлээд сайн редакторлож, эмхэтгэлээ.
Монгол хүүхдүүд өөрийн гэсэн баатар байхгүй гэдгийг олон жил ярьсан. Гэхдээ хүүхдийн зохиолч нар дор бүрнээ баатар бүтээж байгаа. Гагцхүү түүнийг сурталчлах, таниулах талаар учир дутагдалтай байна уу. Хүүхдүүд утастай нөхөрлөж байгаа бол тэр утсан дээр нь баатруудыг нь оруулж өгөх ёстой болно. Тиймээс салбар яам медиа талдаа хүүхдийн зохиолчидтой хамтран ажиллаасай. Хүүхдийн зохиолч нарыг бодлогоор бэлтгээсэй. Гадагшаа явж мэргэжил дээшлүүлэх чиглэлээр дэмжлэг хүсдэг.
Соёлын сайдтай уулзаж санал бодлоо хуваалцаж байгаа. Сайн бүтээлийг маань түгээх талаар дэмжлэг хүссэнийг маань уриалгахан хүлээж авсан. Ер нь эцэг эхчүүд сайн уншигч бэлтгэхийн тулд, хүүхдээ номтой нөхөрлүүлэхийн тулд өөрсдөө унш. Өөрөө утас ухаж байсан атлаа хүүхдээ унш гэж шаардах утгагүй учраас залуу гэр бүлүүд маань сайн уншигчийг бэлтгэхийн тулд өөрсдөө уншаарай гэж уриалъя. Хүүхэд бүр янз бүрийн ном уншиж сонирхож байгаад номонд ордог. Тэр дадлаа олох хүртэл нь янз бүрийн ном уншуулж, тэндээс өөрийн сонирхлоо олох хүртэл эцэг эхчүүд л өөрсдөө үлгэрлэх учиртай.
Идэвхтэн уншигч, сэтгүүлч Ж.Баярсайхан:
-Номын баяр 35 дахь жилдээ болж байгаа хэдий ч сүүлийн жилүүдэд л нэлээд идэвхжиж байгаа. УИХ-ын дарга энэ баярын утга учрыг илүү олон нийтийн анхаарал руу оруулж ирсэн болов уу. Зохиолчид, тэдний бүтээлийг олонд түгээж байгаа хүмүүсээс гадна хүмүүс мэдээллээ хуваалцах гэж зорьж ирдэг болчихож.
Тухайлбал, СЕХ-ноос саналын хуудсыг хэрхэн бөглөх талаар мэдээлэл хуваалцаж байхад наана нь "Босоо хөх монгол" бүлгэм иргэдээс гарын үсэг цуглуулж байх жишээтэй. Унших, бичих нь өөрөө боловсролын дээд гэдэг. Тиймээс унших дадлыг багаас нь хүүхдэдээ суулгаасай гэж эцэг, эхчүүдийг уриалъя. Хэдхэн жилийн өмнө англи хэл дээр ном олж уншихад хэцүү байсан. Гэтэл одоо төрөл бүрийн ном зардаг болсон байна. Хүүхдүүд англи хэлтэй ном олж аваад түүнийгээ уншаад, нэгэнтэйгээ зөвлөж ярилцаж суудаг болжээ.
Энэ чинь л номын баярын ач холбогдол. Зохиолч нар гарч ирээд номоо зараад тардаг бус уншигч нар энд гарч ирээд мэдээллээ солилцоод, номын сайн нөхрөө олоод, нэгнээсээ сайн бүтээлийн талаар мэдээлэл авч түүнийг олж авдаг болсон нь баярын хамгийн чухал ололт юм. Биднийг хүүхэд байхад ном бүтээл тийм ч их сонголттой байсангүй. Харин өнөө цагт сайн бүтээлийг цаг үе өөрөө шүүгээд өгчихөж. Гэхдээ хүүхдүүд маань номонд дуртай болно гэж шууд том бүтээл уншиж, эсвэл тархиа ядраах зүйл битгий хийгээсэй. Комик номноос эхлээд явахад л аяндаа өөрийн сонирхлоо олоод тэр чиглэлийн ном бүтээлдээ дурлаад явчихна. Эцэг эхчүүд ч маш хөнгөнөөр эхлээд яваандаа сайн уншигч бэлтгэвэл зүгээр шүү.