ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Зоригийг хөнөөсөн ялтнуудыг нээлттэй хорих ангид шилжүүлжээ

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-09-25

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж бай­сан С.Зоригийн амь насыг онц хэрц­гий­гээр хөнөөсөн гэх Т.Чимгээ, Т.Содном­даржаа, Ц.Амгаланбаатар на­рыг хаалт­тай хорих ангиас нээлттэй хорих анги руу өнгөрсөн ням гарагт шил­жүүл­сэн гэх мэдээллийг баттай эх сурвалж өглөө. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн дээрх ялтнуудын дэглэмийг өөрчилсөн асуудал нь “маш нууц” гэсэн хөмсөг дор хэрэгжсэн бөгөөд харин хэн гэдэг албан тушаалтны үүрэг даалгавраар хэрэгжсэн гэдэг нь тодорхойгүй байна. С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр бүрэлгэсэн хэргийг ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 19 жилийн турш мөшгиж судалсны эцэст илрүүлэн баривчилсаныг  УДШ хянан үзээд  Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 20 жилийн хорих ял оноож, ялыг хаалттай дэглэмтэй /гяндан/ хорих ангид эдлүүлэх шийдвэрийг өнгөрсөн жил гаргаж байв.  Шүүхийн шийдвэрийн дагуу ялтан Ц.Амгаланбаатар, Т.Содномдаржаа нарыг ШШГЕГ-ын харьяа 429 дүгээр ангид, ялтан Т.Чимгээг ШШГЕГ-ын харьяа 407 дугаар ангийн гянданд тус тус ял эдлүүлж байсан юм. Гэвч хүчин төгөлдөр үйлчилж байгаа УДШ-ийн шийдвэрийг зөрчиж, дээрх ялтнуудыг хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу гэнэт шилжүүлсэн нь гэмт этгээдүүдийн эрүүл мэнд, амь насанд халдах гэсэн, эсвэл тэднийг айдас дарамтанд оруулах гэсэн маш ноцтой үйлдэл мэтээр харагдаж байх юм.

Учир юу гэвээс, энэ оны нэгдүгээр сарын 04-ний өдөр УЕПГ албан ёсны цахим хуудастаа "1998 оны аравдугаар сарын 02-нд Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насанд халдахыг захиалсан, зохион байгуулсан" гэх хэргийг шалгах хамтарсан ажлын хэсгийг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулав" гэх товчхон мэдээллийг тавьж байсан юм.  Үүний дараахан УЕП-ын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат “Бид С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдүүдийг илрүүлж чадсан. Захиалагчийг илрүүлэх ажил одоо хийгдэж байгаа. С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булган шинээр илэрсэн баримтаар гэрч биш харин хэргийн хамжигч болох нь тогтоогдсон” хэмээн телевизэд ярилцлага өгч байв.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард ТЕГ-аас Б.Булганыг яллагдагчаар татаж буйгаа зарлаж, гурван удаа байаалт авсан юм. Монголын ард иргэдийн 20 жилийн хүлээлтэд цэг тавьж, С.Зоригийн амь насыг бүрэлгэх захиалга өгсөн алуурчны нэрийг зарлах тун дөхсөн энэ үед ялтан Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын ялын дэглэмийг гэнэт өөрчилж байгаа нь тэдний амь насыг хөнөөх гэсэн оролдлого байж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, хаалттай дэглэмтэй хорих ангид хоригдож буй ялтнууд гадаад орчноос бүрэн тусгаарлагдаж, өрөөндөө ганц ганцаараа байрладаг бөгөөд гадны хэн нэгэн этгээд халдах нь бүү  хэл өөрийнхөө ч амь амийг ч хорлох боломжгүй хатуу чанга хараа хяналтан дор ялаа эдэлдэг байна.  Харин нээлттэй хорих ангид шилжсэнээр ШШГЕГ-ын хяналт хамгаалалт суларч, Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар нээлттэй ангид хоригдож буй ялтнуудтай зэрэгцэн амьдрах, тэр ч бүү хэл нэг өрөөнд хэд хэдэн ялтантай хамт амьдарч эхлэх учраас хэн хүссэн нь тэдний эрүүл мэнд, амь насанд халдах боломж үүсгэх аж.

Монголын ард иргэдийг айдаст автуулсан тус ноцтой хэргийн захиалагч олон нийтэд ил болж, уг хэрэг албан ёсоор хаагдсан бол тэдгээр ялтнуудыг ямар дэглэмтэй ангид хэрхэн ял эдлүүлэх нь чухал биш юм. Харин захиалагчийг илрүүлэх, зарлах ажил тун дөхсөн үед ийм ажил маш нууцаар хийгдэж байгаа нь олон нийтэд хардлага, болгоомжлол төрүүлж байна.