Нийслэлийн хэмжээнд гэр, хашаа, гудамж талбайд ус орсон 93 дуудлага бүртгэгджээ.Түүнчлэн Сэлбэ гол далангаа давах нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, Сэлбэ гол болон дунд гол дагуух гурван байршилд таван аж ахуй нэгж Сэлбэ голын зүүн эрэгт 200-300 м урттай, 120-150 см өндөртэй шороон даланг босгосон байна. Одоогийн байдлаар 1400 м.кв лаг хагшаасыг цэвэрлэж, хүчитгэх ажил хийгдэж байгаа аж. Сэлбэ апартмент орчимд ус соруулах хоёр машинаар бохир усны гурван худгийг борооны ус дүүрэхээс сэргийлж өндөрлөсөн байна.
ЦУОШГ-аас мэдээлж буйгаар өнөөдөр бороо үргэлжлэн орох төлөвтэй байна.
Тэрэлж гол үерийн аюултай түвшин давсан бол Туул, Сэлбэ, Улиастай, Хэрлэн голын усны түвшин нэмэгджээ. Иймд голын эрэг дагуу суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд усанд автахаас сэргийлж, хамгаалалтын суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангах, зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа.