АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп намын дэмжигчидтэйгээ уулзалт хийх үеэрээ буудуулсан. Сум түүний баруун чихийг шүргэсэн бөгөөд амь наснаас нь холуур өнгөрсөн ч, өөр нэг иргэн буудуулж, хоёр иргэн шархадсан юм.
Хэрэгтэн Пэнсилванн мужийн харьяат Томас Мэтью Крукс гэх 20 настай залуу байсан ба хэргийн газарт аюулгүйн албаныхан түүнийг хөнөөсөн байна. Одоогоор ямар шалтгааны улмаас Д.Трампын амь насанд халдахыг завдсан нь тодорхойгүй байгаа аж.
Томас Крукс цэргийн алба хаагаагүй. Цэргийн ямар нэг үйл ажиллагаанд хамрагдсан туршлагагүй нэгэн байсан. Гэвч уг хэргийг үйлдэхдээ аавынхаа нэр дээр бүртгэлтэй AR загварын бууг ашиглажээ. Мөн тэсрэх бодис байж болзошгүй зүйлийг машинаас нь олж эд мөрийн баримт болгон хураан авсан байна. Одоогоор Томас Круксыг ганцаараа хэрэгт холбоотой гэж үзэж байгаа аж. Нөгөөтэйгүүр, гэмт хэрэгтэнг үе тэнгийнхэн нь зожиг, ганцаардмал нэгэн байсан бөгөөд үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байсан гэж хэвлэлд ярьжээ.
ABC агентлагийн мэдээлснээр, сэжигтэн Крукстай өмнө нь хамт сурч байсан залуу “чимээгүй, ганцаардмал хүүхэд байсан. Трамп, улс төртэй холбоотой юм ярьж байсныг нь огт санахгүй байна” гэж ярьсан бол өөр нэг иргэн “Тэр үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг байсан. Ангийн хувцас өмсөж ирсэн гээд шоолуулж байсан удаа ч бий” хэмээн ярьсан байв. Үүнээс гадна Томас Мэтью Крукс Бүгд найрамдах намын гишүүнээр бүртгэлтэй ч ардчилсан намын хөдөлгөөнүүдэд хандив өгч байсан баримт олдсон гэх мэдээлэл ч байгаа юм. Холбооны мөрдөх товчооноос түүний данс, утсанд шалгалт хийж байна.
Харин аав нь “CNN”-д “Ямар чөтгөр нь болоод байгааг ойлгохыг хичээж байна” гэх тайлбар хийжээ.