ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн Хангал сум Алтан гадас одон хүртлээ

O.Admin
2024-07-22

Булган аймгийн Хангал сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Ойн баярын хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Эрдэнэбилэг аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нар мэндчилгээ дэвшүүлж, хөдөлмөрөө төрд үнэлүүлсэн иргэдэд шагнал гардууллаа.

-Хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулан аймаг, орон нутгийнхаа нэрийг өндөрт зэрэгцээ залуу уяачдад арга барил туршлагыг өвлүүлж яваа Монгол Улсын Алдарт уяач Доржийн Батчулууныг аймгийн дээд шагнал “Ардын Хатанбаатар Магсаржав”-ын нэрэмжит шагналаар

-Мал аж ахуйн үйлдвэрлэлд тогтвортой амжилт гаргаж, мал сүргийнхээ үүлдэрлэг байдлыг сайжруулан, малгүй буюу цөөн малтай өрхийг малжуулж, мал маллах арга туршлагыг залуу малчдад эзэмшүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа Хангал сумын Сөрт багийн аймгийн аварга малчин Шагдарсүрэнгийн Итгэлийг Монгол Улсын хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар, хоньчин З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналаар

-Газар тариалангийн үйлдвэрлэлд өндөр амжилт гаргасан аймгийн аварга ахмад тариаланч Жамъянгийн Олзвойг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Галт-Очирын нэрэмжит шагналаар тус тус шагналаа.

Хангал сумыг 1924 онд байгуулсан. Богд хаант Монгол Улсын үед Халхын Түшээтхан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошуунд харьяалагдаж байсан. Сөрт, Урт, Хонгор-Өндөр, Хялганат гэсэн 4 багийн 1493 өрхтэй, 4543 хүн амьдардаг. Булган аймгийн 16 сумаас газар нутгийн хэмжээгээр 13 дугаарт, хүн амын тоогоор 3 дугаарт (Булган сум, Хутаг-Өндөр сумын дараа) ордог.

Аймгийн төв болон Булган хотоос 110 км зайд байрладаг. Сумын баруун захын цэг Хараа толгой, хойд захын цэг Сэлэнгэ гол, Сэлэнгийн татуургын уулзвар Дөшлүүр, зүүн захын цэг Шувуутын даваа, баруун урд захын цэг Ингэтийн даваа, урд захын цэг Хутаг-Өндөр уул юм. Далайн түвшнээс дээш 800-2000 метрт өргөгдсөн. Булган аймгийн Хангал сум нь Монгол орны төв хэсэгт Хангайн уулархаг бүсэд хамаарагддаг 165.6 мянган га газар нутагтай.