ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

207 дугаар байрыг тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар буулгахаар болов

O.Admin
2024-11-05

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн. Тэгвэл аравдугаар сарын 10-ны өдөр барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглож, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

Түүнчлэн тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус барилгыг буулгаж, дахин барихаар болжээ. Холбогдох журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг улсын байцаагчдын дүгнэлтээр эрх бүхий байгууллагын хориглосон шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага буулгаж, дахин барилга барих юм. Тиймээс гүйцэтгэгч шалгарсны дараа 207 дугаар байрыг буулгана.

Энэ талаар НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбатаас тодрууллаа. Тэрбээр “Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тус 207 дугаар байр нь цаашид ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах боломжгүй, зарим давхарт дэлбэрэлтээс үүдэлтэй бетонд хэв гажилт үүссэн, зарим газарт хэтэрхий их шаталт өгснөөс бат бэхийн шинж чанараа алдсан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар тухайн байрны эзэмшигчдийн 91.3 хувийн саналаар тус байрыг буулгах шийдвэрт хүрч, улсын байцаагчдын дүгнэлт гарсан.

Түүнчлэн чиглэл тус бүрийн зургаан байцаагч газар дээр нь дахин гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар 2024 оны нэгдүгээр сард Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаман дээр байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт буюу “207 дугаар барилга нь барилгын чанар, аюулгүй байдалд нийцэхгүй, дахин ашиглагдах боломжгүй” гэсэн нөхцөл байдал хэвээр тогтоогдсон. 2024 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 02-13-01/172 дугаартай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарч, аравдугаар сарын 25-ны өдрийн Газрын даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, барилгын ашиглалтыг хориглосон шийдвэрийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн” гэлээ.